Хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөх санал дэмжигдсэнгүй
УИХ-ын чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдаж, “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж дууслаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр цөөнхийн гишүүдийн гаргсан “Бага дунд орлоготой иргэдийн Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг хөнгөлөх” гэсэн санал гаргасан байсныг олонхи гишүүн дэмжилгүй унагав.
Дээрхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.
“УИХ дахь олонхийн бүлгийн гишүүн буруу санал гаргасан ч дэмжлэг хүлээдэг, цөөнхийн гишүүн бага, дунд орлоготой иргэдэд ирж байгаа дарамтыг бууруулах санал гаргахаар дэмждэггүй нь учир дутагдалтай байна. Валютын ханш, инфляцийн өсөлтөөс болж ард иргэд, аж ахуйн нэгжүүд асар их дарамт үүрч байгаа. Төрөөс цалин авч, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж байгаа бид хямрахгүй бол болоо гэсэн байдлаар асуудалд хандаж буйд харамсч байна. Төрийн алба хэтэрхий данхайсан, 11 яам нь 17 болсон, 42 агентлаг байсныг 27 болгож бууруулсан гэсэн ч тэдгээрийг бүгдийг төрийн өмчит компани болгон өөрчилж, төсөвт ачаалал нэмсэн. Нийслэлийн Засаг дарга өнөөдөр хэдэн орлогчтой болов, аймгуудын Засаг дарга нар 2-3 орлогчтой ажилладаг, сумын Засаг дарга зөвлөхтэй ажиллаж байна. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж, төсвийн хөрөнгийг үрэн таран хийхээ зогсоож, түүнээс гарсан хэмнэлтийг бага дунд орлоготой иргэд рүүгээ шилжүүлье гэсэн санал байлаа” гэж тодотгосон юм.