Барилгынхан төр, засагт “сонордуулга” хүргэлээ
УИХ-аас Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 онд баталсан 18 болон 181 дүгээр тушаалыг хүчингүй болгох тогтоол гаргасантай холбогдуулан барилгын мэргэжлийн төрийн бус холбоод хамтран харьяа яамны сайд Ц.Баярсайхан болоод УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт сонордуулга хүргүүлэхээр болсон тухай бид мэдээлж байсан билээ.
Чухам юуны учир барилгын салбарынхан төр засагт хандан “сонордуулга” хүргэх болсон тухайг тайлбар хэсгээс уншиж сонирхоорой.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.БАЯРСАЙХАН ТАНАА
СОНОРДУУЛГА
УИХ, Засгийн газраас бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбогдулан барилгын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь барилгын салбарын нийтлэг эрх ашигт нийцсэн , харилцан уялдаатай, ил тод, шудрага байж ард иргэд, барилгын салбарт бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, дэмжлэг авснаар бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, улс орны хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулах билээ.
Гэтэл “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай“ Улсын Их Хурлын 2014.04.17-ны 30 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 6 дахь заалтаар Зам, тээвэр, барилга , хот байгуулалтын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байна .
Холбогдох асуудлыг нарийвчлан судалж, үндэслэлтэй шийдээгүй энэ заалт нь бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэдэг барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, эрх ашигт сөргөөр нөлөөлж, барилгачдын бухимдлыг төрүүлж байна.
“Барилгын тухай” хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зам, тээвэр, барилга , хот байгуулалтын сайд 2012 оны 18, 181 дүгээр тушаалаар барилгын салбарт үүссэн гажуудал, хуримтлагдсан олон асуудлыг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн шийдвэрлэж, барилгын байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн барилгын 9 төрлийн норм, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь барилгын үйлдвэрлэлийн цаашдын хөгжил, дэвшилд зайлшгүй шаардлагатай норматив баримт бичиг болсон юм.
Зам, тээвэр, барилга , хот байгуулалтын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаал, түүгээр баталсан барилгын норм, дүрмийг хүчингүй болгох тохиолдолд дараах сөрөг үр дагавар үүсэхийг СОНОРДУУЛЖ БАЙНА.
1. Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний төсөвт өртөг , зардлыг ямар норм, дүрмээр тооцох нь тодорхойгүй болно.
- Төв, орон нутагт зарлагдах бүх тендерийн барилга байгууламжийн төсөвт өртөг үндэслэлгүй болж , сонгон шалгаруулалтын үнийн талаар маргаан үүсч, барилга байгууламжийг барьж эхлэх хугацаа хойшлогдоно.
- Улс, орон нутгийн төсөв , түүнтэй адилтгах хөрөнгөөр баригдаж байгаа бүх барилга байгууламжийн гүйцэтгэл гаргах, санхүүжилт хийх үйл ажиллагаанд хүндрэл учирна.
- Барилгын гүйцэтгэгч байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж , барилгын байгууллагууд хөрөнгө, санхүүгийн эрсдэлд орж дампуурах аюулд хүрнэ.
- Улс, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төсөл боловсруулах ажилд хүндрэл учирч, тэдгээрийг бодитой төлөвлөх үндэслэл алдагдана.
- Барилга байгууламжийг барихад гардаг зардлуудыг бодитойгоор тооцох боломж алдагдаж, барилгын материал, хийц эдлэл, машин механизмын үнийг зах зээлийн нөхцөлд тохируулан тооцох, хянахад хүндрэл учирна.
- 2012 онд батлагдсан дээрх нормуудаар зохиогдсон барилгын төсөвт өртөгт үндэслэн гүйцэтгэгч байгууллага, хувийн хөрөнгө оруулагчдад олгосон банкны зээлийн эргэн төлөлт саатаж, банк, санхүүгийн байгууллагын хямрал үүсгэхэд хүргэж болно.
- Улс , орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжийг барих гүйцэтгэгч байгууллага алдагдалд орж, дотоодын барилгачид ажилгүй болно .
- Ашиглалтад оруулах орон сууцны барилгууд саатаж, зогсонги байдалд орж, иргэдэд олгох орон сууцны 7-8 хувийн зээлийн ажиллагаанд саатал учирна.
- Төсвийн болон хөдөлмөр зарцуулалтын жишиг нормуудын нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болговол барилгын үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилттэй техник, технологийг нэвтрүүлэхээс татгалзсан хэрэг болно
- Барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил саатаж түүнийг дагаад барилгын материалын үйлдвэрлэл, зураг төсөл боловсруулах ажил багасч, барилгачдын эрх ашиг хохирход хүрнэ.
Цаашид авах арга хэмжээний санал:
- Зам, тээвэр, барилга , хот байгуулалтын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаал, түүгээр баталсан норм дүрмүүдийг хүчингүй болгоход үүсэх үр дагавар, нөхцөл байдлыг нарийвчлан судалж дүгнэлт гаргах
- Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, хөрөнгө оруулалтыг төлөвлөх үед барилга байгууламжид тооцсон материалын үнэ, машин механизмын зардал, валютын ханш өөрчлөгдсөн үед түүнийг төсөвт өртөгт хэрхэн тооцож тусгах, санхүүжүүлэх асуудлыг “Барилгы тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаж , эдгээр асуудлыг хуулийн хүрээнд нэгмөр шийдэх,
- Төсвийн тухай хуулийн 6.2.5-д заасан төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх, 29.7-д заасан үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө. гэсэн заалтыг хянан үзэж өөрчлөх
Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаалтай холбогдох тайлбарыг хавсаргав.
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ НЭГДСЭН ТӨВ
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО
МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО
БАРИЛГЫН ТӨСӨВЧДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН, ТӨХӨӨРӨМЖ ҮНДЭСНИЙ ХОЛБОО
МОНГОЛЫН ЦОНХ ХААЛГА ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ИНЖЕНЕР ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО
БАРИЛГАЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО