“Тохилог, тогтвортой хөгжил бүхий хотууд” сэдэвт чуулга уулзалтад оролцов
2014.06.03

“Тохилог, тогтвортой хөгжил бүхий хотууд” сэдэвт чуулга уулзалтад оролцов

“Ази, Номхон далайн орнуудын дэд бүтцийн сайд нарын 10 дугаар бага хурал”, “Дэлхийн Хот” Дэлхийн хотуудын дарга нарын дээд хэмжээний чуулга уулзалт болон “Олон улсын усны долоо хоног Сингапур 2014” тус салбарын сайд нарын дээд хэмжээний уулзалтуудыг “Тохилог, тогтвортой хөгжил бүхий хотууд: бэрхшээл болон шийдлүүд” сэдэв доор нэгтгэсэн Дээд хэмжээний чуулга уулзалт 6 дугаар сарын 1-5-ны өдөр Сингапур Улсад зохион байгуулагдаж байна.

Энэхүү нэгдсэн Дээд хэмжээний чуулга уулзалтад 3000 хүндэт зочид оролцож байгаа бөгөөд үүнд 40 орны сайд нар болон 130 улсын хотын дарга, Олон улсын байгууллага, Засгийн газрын удирдах албан тушаалтнууд, үйлдвэрлэл, технологийн мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдээс бүрдсэн нийт 20,000 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Тус нэгдсэн Дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын хотуудын холбооны төлөөлөгчид болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нар оролцлоо. 

Уг нэгдсэн Дээд хэмжээний чуулга уулзалт нь дэлхийн хотуудын тогтвортой хөгжлийг бий болгоход тулгарч буй бэрхшээлүүдийн талаар Засгийн газрын удирдах албан тушаалтнууд, үйлдвэрлэл, технологийн мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчид хамтран хэлэлцэж, дэд бүтэц, хот төлөвлөлт, хотын нягтаршил, хүрээлэн буй орчинд тулгамдаад буй асуудлуудад хариулт эрэлхийлж боломжит шийдлүүдийг хэлэлцүүлж, хог хаягдал, ус болон олон нийтийн газруудын цэвэрлэгээг үр ашигтай явуулах тохирох шийдлүүдийг санал болгохоос гадна тэдний хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой дээд хэмжээний уулзалт, арга хэмжээ юм.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нэгдсэн хуралдааны үеэр “Хотжилтын ирэх 10 жил – Шийдвэрлэх сорилтууд ба боломжууд” сэдвээр илтгэл тавьж, НҮБ-ХАБИТАТ байгууллагын Гүйцэтгэх захирлын орлогч Aisa Kasyira-тай уулзаж “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Lee Kuan Yew-гийн нэрэмжит Дэлхийн хотын шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар оролцов.

Уг шагналыг хүртсэн хот олон улсад өөрийн туршлагаа бусад хотуудтай хуваалцах боломж нээгдэх бөгөөд энэ жилийн шагналыг БНХАУ-ын Зянсу мужийн Сүжау-д (Suzhou) хот төлөлвлөлтийн зарчим, оновчтой удирдлагаар тэргүүлж хүртэв.  Тэрээр мөн Сингапур Улсын парламентийн гишүүн Ма Боу Тан-тай уулзаж Сингапур улсын орон сууцны бодлого, тогтолцоо, түүхэн замналтай танилцаж туршлага судлах, Сингапур хороолол барих төсөлд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр буюу 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, удирдлагыг хангах” нь сэдэвт хэлэлцүүлэгт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов.

Ийнхүү Дээд хэмжээний чуулга уулзалтад манай улсын төлөөлөгчид идэвхтэй оролцсоноор Монгол Улсын нэр хүндийг бүс нутаг, дэлхийд танилцуулахаас гадна Засаглал болон хотын хөгжлийн салбарт хүчин зүтгэж буй удирдагчид, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, нэгдсэн сүлжээ бий болгох, нэгдсэн хэлэлцүүлэг, салбар хуралдаанаар оролцогчдыг өөрсдиийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, эргээд өөрсдөө суралцах боломжийг нээх, хот, ус хангамж, байгаль орчинд тулгамдаад буй асуудлуудаар хэлэлцэж, шийдэл эрэлхийлэх, хотжилтын талаар нэгдсэн шийдэлд хүрэх  боломж олгодгоороо онцлог боллоо.