“Хүлээн авах, яаралтай тусламжийн чадавхийг сайжруулах төсөл”-ийн багийг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Франц улсын Роберт Дебра эмнэлгийн зөвлөх, доктор профессор ноён Жорж Пеннекот тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.05.29/ хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтад ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал З.Мэндсайхан болон бусад хүмүүс оролцов.
Франц улсын эмч нар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвд “Хүлээн авах, яаралтай тусламжийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Тиймээс сургалтын шинэлэг хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй” гэв
Уулзалтын эхэнд ноён Жорж Пеннекот Эрүүл мэндийн сайдыг найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд төслөө товч танилцуулав. Тэрээр хэлэхдээ, “Бидний төсөл хоёр чухал агуулгатай. Эхнийх нь мэдээж тоног төхөөрөмж, түүнийг нийлүүлэх, суурилуулах ажил. Ирэх 06 дугаар сараас эхлэн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэх учраас төслийн өмнөх яаралтай тусламжийн шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт, яаралтай тусламжийн шинэ өргөтгөлийн мэс заслын өрөөнүүдийн вакумжуулалт, агаажуулалтын системийн шинэчлэл, хүчилтөрөгчийн үйлдвэр барих гэх мэт бэлтгэл ажлаа хангаж байна. Удаах буюу хамгийн чухал зүйл нь өндөр ур чадвартай эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын хөтөлбөр юм. Монголын эмч нарын мэдлэг төдийлөн өндөр биш байгааг ажиглалаа. Тиймээс сургалтын шинэлэг хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй” гэв.
Ноён Жорж Пеннекот цааш үргэлжлүүлэн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэтэй санал солилцсноо хэлж, хамтран ажиллах боломжтойг онцоллоо.
Хамтын ажиллагааг эхлэхийн өмнө эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд гадны буюу хөндөнгийн аудитын үнэлгээ хийлгэх нь чухал гэдгийг тэрбээр дурьдаад Франц улсад энэ төрлийн үнэлгээг ЭМЯ-наас итгэмжлэгдсэн Францын их сургуулийн доктор, профессоруудаас бүрдсэн тусгай баг хийдэг тухай танилцуулсан юм. Ингэснээр Монголын эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн түвшинг бодитоор үнэлж, хамтын ажиллагааг үр дүнтэй болгоход ач холбогдолтой гэдгийг ч хэлсэн юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал төслийн багийнханд талархлаа илэрхийлээд ноён Жорж Пеннекоттой санал нэг буйгаа хэллээ. Тэрээр, “Би тантай санал нэг байна. Манай улсад эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн бэлтгэдэг долоон их, дээд сургууль, коллеж байгаа ч чанарын хувьд төдийлөн хангалттай биш байгаа. Үнэхээр төгсөгчдийн ур чадварын асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал. Хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх саналыг тань зуун хувь дэмжиж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх сонирхолтой байна. Та бүхнийг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтарна гэдэгт найдаж байна” гэлээ.
Төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулахад Францын их, дээд сургуулиудыг оролцуулж, эмч, мэргэжилтнүүдийг хоёр жилийн хугацаанд тус улсын их сургуулийн эмнэлгүүдэд суралцуулах бүрэн боломжтойг төлөөлөгчид илэрхийлсэн.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал санал болгосон ажлууд шийдвэрлэгдэж, хэрэгжих боломжтойг онцлон тэмдэглэв. Мөн чухал асуудлыг хөндөж, оновчтой гарцыг зааж өглөө хэмээн үзэж байгаагаа хэлээд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Эрүүл мэндийн яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, урамшууллаа.
Уулзалтын төсгөлд ноён Жорж Пеннекотыг Монгол улсын хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Эрүүл мэндийн яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, урамшууллаа.
Тэрээр 1999 оноос хойш одоог хүртэл ГССҮТ-тэй хамтран ажиллаж, эмч, мэргэжилтнүүдэд хүүхдийн гэмтэл, согогийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын арга технологийг эзэмшүүлж, дадлагажуулах сургалтыг амжилттай удирдан, зохион байгуулж иржээ. Тодруулбал, профессор Жорж Пеннекот нь 1999-2000 онд “AVLOM SANTE” төсөл, 2001-2004 онд “ТЕМПИУС ТАСИС”-ийн хөтөлбөрийг ГССҮТ-д хэрэгжүүлсэн нь тус төвийн эмч, мэргэжилнүүдийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр болжээ