Сайнтай бас муутай мэдээлэл
Сэтгүүлч хүн элдвийн л хэрэг явдлын талаар сонсч, судалж, сурвалжилдаг. Өчигдөр сайн гэхдээ сэтгэл эмзэглэм сэрэмж дагуулсан тийм л мэдээ сонслоо.
Төрийн гурван өндөрлөгт болон Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хаягласан өр эмтрэм захидал энэ оны ихээр хэвлэл мэдээллийн хуудаснаа гарсныг уншигч та с#наж буй биз ээ. "Миний охин Баянхонгор аймгийн IV дунд сургуулийн 2а ангийн сурагч Н.Энхбилэг өнгөрсөн оны аравдугаар сарын 8-ныг хүртэл эрүүл саруул, хичээл номдоо явж байсан билээ. Харин 2013 оны аравдугаар сарын 8-нд аймгийн эмч нар охинд минь сахуугийн вакцин хийснээс болж, гар, хэл гэх мэт эд эрхтэн нь хүрэнтэж, хавдан үхжиж, биеийн байдал нь хүндэрч эхэлсэн.
Одоо охиныхоо зарим хурууг тайруулсан ч үлдсэн эд эрхтэн нь үхжиж, ямар ч эмчилгээ авахгүй, бид хандах газаргүй болж, аргаа барж, охиноо алдах эрсдэлд ороод байгаа тул та бүхэнд хандаж байна..." хэмээн эхэлсэн уг захидалд бусад хүүхдийн л адил тоглож наадаж явсан бяцхан охин нь нэг л өглөө хичээлдээ яваад ирэхдээ хүндээр өвдөж, бүр нэг сая хүнд ганц тохиолддог өвчин туссан хэмээн оношлуулсан тухай дурдсан байдаг.
Хөөрхий охин эдгэшгүй гэсэн оноштой, хамаг бие нь үхжиж байхад БНСУ-д эмчилгээ хийлгэвэл эдгэнэ гэсэн найдлагатайг сонсоод Н.Энхбилэгийн гэр бүлийнхэн хэчнээн баярласан бол оо.
Гэтэл Монголын эмч нарын саяд ганцхан тохиолддог гэж оношилсон өнөө эдгэшгүй аймшигт өвчин нь эмчлэгдчихжээ. Наймхан настай бяцхан охин биедээ ахадсан өвчин зовлонг даваад, сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр БНСУ-д эмчлүүлээд эрүүл саруул болчихсон байна. Баяртай сайхан мэдээ. Гэвч энэ сайхан мэдээ манай эрүүл мэндийн салбарын үнэн нүүр царайг илчлээд өглөө. Хүний нялх үрд вакцин хийхдээ ажилдаа хайнга хандаж, гарын булчинд хийх ёстой тариаг тохойн тушаа хийснээс охины цусанд халдвар оржээ.
Цусанд халдвар орсон учраас гар хуруу нь харлаж үхэжсэн байж. Гэтэл манай эмч нар саяд нэг тохиолддог, эдгэшгүй өвчин туссан гээд сууж байдаг. Монгол Улсын эрүүл мэндийн салбар, эмч нар яасан ч өрөвдөж хайрлах сэтгэлгүй харгис хэрцгий болчихсон юм. Үеийнхнээсээ хамаагүй сэргэлэн цовоо охин гайт өвчнөөс болоод хэл нь харлаж, жижгэрээд дөнгөж хэлд орж байгаа хүүхэд шиг л ярьдаг болчихсоныг хараад хэлэх үг ч олдсонгүй.
Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Бяцхан үрээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд ямар байдалтай тосч авах бол, ямар хүний гарт үлдсэн бол гэж нэг бодоод үзээч гэж эцэг эхчүүддээ сануулмаар санагдана. Хариуцлагагүй, чадваргүй эмч, эмнэлгийн золиос болсон ч амьд үлдсэндээ хөөрч, догдолж суугаа Н.Энхбилэг охины түүх дахин битгий давтагдаасай гэсэндээ болсон явдлыг хүргэж байна.
ТЭР ӨДӨР ОХИНОО СУРГУУЛЬД НЬ ЯВУУЛААГҮЙ БОЛ...
Арван хурууныхаа зургааг нь тайруулчихаад, гадаа хүүхдүүдтэй. тоглохоосоо ичих бяцхан охины аав ээж хоёрт хором бүр ийм харуусал төрнө. “Вакцин” хийсэн өдрийн орой охин минь Вакцин хийхэд гар маш их өвдсөн. Гар өвдөөд байна гэж хэлсэн ч сургуулийн эмч тоогоогүй" гэсээр гэртээ уйлж ирсэн. Гарыг нь үзтэл вакцин хийсэн хэсэгт улайж үрэвссэн байсан. Тэр шөнөдөө уйлаад унтаагүй. Өглөө нь "хэл ам бадайраад, дотор муухайраад байна" гээд унд цайгаа ч ууж чадахгүй байсан" хэмээн хоолой нь зангиран ярих охины эцэг өөрийгөө сайн аав байгаагүй учраас л ийм зүйл боллоо гэж буруутгаж суухад эрхтэн тэгш, эрүүл саруул төрүүлсэн охиноо ганцхан өдөр л эрэмдэг болгосонд энэ хорвоод ээж нь гомдоод барахгүй байна.
Охиноо өвдөж, халуурч хоносны маргааш гайгүй болох байх гэж харзнаад эмчид үзүүлэлгүй хоёр хоног алджээ. Үүний дараа амралтын өдөр ч таарч, дөрөв хоногийн дараа буюу даваа гарагт өрхийн эмнэлэгт охиноо аваад очжээ. Энэ хооронд вакцин хийлгэсэн гарынх нь булчин хавдаж, хүрэнтээд бэрсүү үүссэн байж. Хэл нь ч бамбайж, хүрэнтсэн байв. Өрхийн эмч гарт нь натриар жин тавьж, нэг эм өгөөд, амыг нь зайлуулаад л явуулж. Гэлээ ч тэр шөнөдөө гар нь улам хавдаж, хэл нь бүр их хүрэнтээд хоножээ.
Өглөө эрт Хүүхдийн эмнэлэг дээр очиход "Вакцин хариуцсан мэргэжилтэн Цэрэнханд дээр оч" гэсний дагуу тэр хүнтэй уулзахад "Вакцинаас болоогүй, найдвартай" гээд халгаагаагүй аж. Бүр үзлэг шинжилгээ ч хийхгүй "Танай хүүхэд л суурь өвчтэй, гар дээрээ үүтэй, жин багатай, сахуу татрантай байсан..." гэх мэтээр ёс бус аашилж байсан...” гэх мэтээр ёс бус аашилж байсан гэнэ. Ингээд охиныг Чих, хамар, хоолойн эмчид үзүүлжээ. "Вакцины харшил болсон байна" гээд харшлын эм бичиж өгч.
Эмийг нь уусан ч охины бие бүр дордож, аргаа барсан аав, ээж хоёр нь дахиад л хүүхдийн эмчид үзүүлэхэд "Вакцинаас болжээ" гээд хэвтүүлж эмчлэхээр болж. Ингэж нэг эмнэлгийн бараа харсан ч Цэрэнханд гэх мэргэжилтэн өөрийгөө хамгаалахын тулд дарамт шахалт үзүүлж, "Манай вакцинаас ийм зүйл болох ёсгүй.
Энэ хүүхдийг энд биш Халдвартын эмнэлэгт хэвтүүлэхгүй юмуу. Танай хүүхэд л сахуу татрантай" гэх мэтээр хавчиж байжээ. Эмч нарын зарим нь арьсаа хамгаалах гэж улайрч, зарим нь оношилж чадахгүй төөрөлдөж, охины аав ээж хоёр хэрхэхээ мэдэхгүй байх хооронд Н.Энхбилэгийн бие улам дордсоор байв.
Аргаа барахдаа сургуулийнх нь эмч Дуламсүрэн, өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нарыг дуудаж харуулаад чухам хэн нь тариа хийснийг асуухад сувилагч нь вакцин хийсэн гэдгээ хэлжээ. Вакцин хийхээс өмнө хүүхдийг үзсэн эсэхийг асуухад сургуулийнх нь эмч "Үзэх шаардлага байхгүй. Өрхийн сувилагч өмнө нь үзлэг хийсэн байх. Надад ёстой хамаагүй" гээд хариуцлагаас бултжээ.
"Ээж ээ, ээж ээ, Торгон шар нөмрөгтэй, Торгомор хөөрхөн ботго минь, Гангын наранд даарч байна уу, Гадсаа тойроод буйлж байна уу...
Ингээд л хариуцах эзэнгүй хоцорсон охиныг аймгийнхаа эмнэлэгт гурав хоног эмчлүүлсний дараа хотод авчирч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд "Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал" гэсэн оноштойгоор хэвтүүлсэн юм. Гэлээ ч охины бие сайжирсангүй. Юм идэж чадахгүй зовиурлан, хэл яриа нь муудаж, алхаж ч чадахаа больжээ. Мөн хоёр гарынх нь эрхий хуруу хоёулаа, хэлнийх нь зарим хэсэг үхэжсэн учраас тайрахад хүрэв.
"ААВ АА ТЭР ХҮН МИНИЙ АВРАГЧ ЮМ УУ"
Охин ааваасаа ингэж асуухдаа өвчнөө ч мартан, нүд нь сэргэжээ. Түүний "аврагч" нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал байв. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байхад нь салбарын сайд ирэх сургаар аав нь охиндоо "Миний охиныг аврах хүн ирнэ. Жаахан л тэсээрэй. Тэр хүн ирээд миний охиныг харчих юм бол аврагдана" хэмээн охиноо аргадан тайвшруулж байв. Гэтэл сайдтан аав охин хоёрыг итгэлийг хөсөрдүүлэв. Тасгаар нь шагайх байтугай эмнэлгийн үүдээр ороод л гарчихсан Н.Удвал сайд тэр их итгэл, хүлээлтийн үнэ цэнийг мэдрээгүй бололтой.
Сайдаасаа эхлээд охины амь насыг хариуцсан эмч мэргэжилтнүүд ч хариуцлагаас яаж зугтахаа л бодож байж. Баянхонгор Аймгийн эмнэлгийн вакцины мэргэжилтэн Цэрэнханд, IV сургуулийн эмч Дуламсүрэн, "Оточ Номгон" өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нар хүний эрүүл саруул сайхан үрийг ямар болгож орхисноо ч үл тоон, хариуцлагаас зугтан алга болжээ. Үүгээр ч зогсохгүй тэд дээд шатны байгууллагад хандан өөрсдийгөө хамгаалуулж, охины эцэг эхийг буруутгах тайлбар ч гаргуулаад амжсан байдаг.
Тухайлбал, энэ явдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд "Вакцинаас болоогүй, суурь өвчтэй хүүхэд байсан. Н.Энхбилэг дутуу төрсөн хүүхэд юм билээ. Вакцинаа дандаа хоцорч хийлгэдэг. Жин дутуу, дөнгөж төрөхөд нь 24 цагийн дотор хийдэг гурван вакцин хийгээгүй байсан. Гэхдээ сахуу татрангийн вакциныг энэ охин өмнө нь хийлгэж байсан. Тэр үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй.
Харин энэ вакциныг хийхэд охинд ийм шинж тэмдгүүд илэрлээ. Энэ асуудлаар мэргэжлийн баг ЭХЭМҮТ-д хуралдсан. Хурлаар вакцинаас болоогүй, бие даасан "Синдромом стивенса джонса" гэдэг өвчин гэж тогтоосон. Энэ нь саяд нэг удаа тохиолддог маш ховор өвчин. Өвчний илрэл нь вакцинтай зэрэгцэж гарч ирсэн гэсэн дүгнэлт гарсан" хэмээн жишүү ч харалгүй хэвлэлүүдээр ярьж байсныг санаж байна.
САЯД НЭГ УДАА ТОХИОЛДОХ ЭДГЭРШГҮЙ ӨВЧИН
Саяд нэг удаа тохиолддог өвчин юм уу, сахуугийн вакцин буруу хийсэн эмчийн алдаа юу гэдгийг эмч нар хуралдаад л шийдчихдэг юм бол өвчтөнд үзлэг хийхийн оронд хуралдаад л сууж байлтай. Нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийжшинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийсэн бол өнөөдөр хэн ч, юу ч ярихгүй. Худлаа ярьсан гэхээсээ илүү буруу оношилчихжээ л гэж бодно. Эмч хүний ёс зүй, хүн чанар ярихаас наана мэргэжлийн алдаа гаргаж дээ гэж бодсон бол ядаж сэтгэлд тэгтэл хүндээр тусахгүйсэн.
Гэтэл олон шатны эмнэлгээс "Вакцины харшил" гэдэг нь тов тодорхой тогтоочихсон оношийг гэнэтхэн л бараг дэлхийд байхгүй ховор өвчин болгож хувиргасан эмч нарын тангараг өргөсөн мэргэжлийн ёс зүйд нь, ядаж хүний мөс чанарт нь ч итгэх аргагүй болж орхилоо.
САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ
Арчаагаа алдсан нийгэм, хүнээ байсан хорвоо, мөнгөөр бүхнийг үнэлдэг орчлон... Бухимдуу хүний амнаас хааяагүй унадаг л үгнүүд. Гэхдээ энэ нийгэм, бидний амьдарч байгаа өнөө үед түнэр харанхуй нүүрлэсэн ч тэр дундаас од шиг гэрэлтэх сайхан сэтгэлтнүүд байдаг юм байна.
Хөөрхий охин эдгэшгүй гэсэн оноштой, хамаг бие нь үхжиж байхад БНСУ-д эмчилгээ хийлгэвэл эдгэнэ гэсэн найдлагатайг сонсоод Н.Энхбилэгийн гэр бүлийнхэн хэчнээн баярласан бол оо. Гэхдээ нөгөө л мөнгө төгрөг дутагдаж гачигдахын зовлон эцэг эхийг давхар зовооно. Тэнгэр хол, газар хатуу энэ л үед ҮХАА-ын сайд Х.Баттулга 12 сая төгрөг, УИХ- ын гишүүн Д.Ганбат таван сая төгрөг охины гэр бүлийнхэнд хандивлаж, Баянхонгор аймгийн Засаг дарга болон "Тэмүүжин" театрынхан охины эмчилгээний төлбөрт дэм болсноор Н.Энхбилэгийн ээж охиноо тэвэрсээр БНСУ- ыг зорьсон юм.
Ээж охин хоёрыг өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-ын Ёнсэ их сургуулийн Анагаахын дээд сургуулийн харъяа "Сэбранс" эмнэлэгт очиход "Вакцин хийх талбайд тарилга буруу хийж шөрмөс дайруулснаас цус бохирдон судасны үрэвсэл болсон байна" гэж оношилжээ.
БНСУ-ын эмч нар "Хэрвээ охинд цаг алдалгүй эмчилгээ хийсэн бол хэл, хурууг нь тайралгүйгээр эмчлэх боломж байсан" гэсэн аж. Тийм ч учраас охиноо амьд мэнд аварч чадсан ч насаараа эрэмдэг болж орхисонд ар гэрийнхэн нь эмч мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн яаманд гомдоод барахгүй байна.
Өнөөдөр найман настай бяцхан охин хичээлдээ ч явж чадахгүй, бусдын гар харж хоолоо халбагадуулж, гарнаасаа ичиж байна гээд үе тэнгийнхэнтэй ч тоглож чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болжээ. Үүгээр ч зогсохгүй хэлнийх нь үзүүрээс тайрч шинжилгээнд авснаас болоод охин бөөрөнхий элтэй болж. Гэвч хүүхдийн цовоо цолгин зангаараа чадан ядан
"Ээж ээ, ээж ээ
Торгон шар нөмрөгтэй
Торгомор хөөрхөн ботго минь
Гангын наранд даарч байна уу
Гадсаа тойроод буйлж байна уу..." хэмээн нүд нь гэрэлтэн уншина. Тэр энэ шүлгийг тусалж дэмжсэн бүх хунд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн уншсан юм. Бяцхан охины зүрх өнөөдөр хайраар бялхаж, хэн нэгэнд гомдоллохоо урьтал болгох бус баярлахаа л юун түрүүнд тавьж байна. Гэвч ингээд эсэн мэнд зогсч буй охины хувь заяаг Монголын эмч нарт даалгаад орхисон бол яах байсан бол... Түүнийг ийм байдалд хүргэсэн эмч нэртнүүдэд өнөөдөр ямар бодол төрж байгаа бол гэсэн асуулт салахгүй эргэлдэнэ...