Ө.Батжаргал: Архи уугчийн зан төрхөнд нь нөлөөлөх хэрэгтэй
Архины хяналтын тухай хуулийн төсөл олон нийтээр хэлэлцүүлэгдэж байгаа билээ. Эмнэлгийн удирдлагууд энэ тал дээр ямар саналтай байгааг сонирхлоо. Одоо гарах хуулийг хуурай хууль болгохгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстой талаар БГД-ийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Ө.Батжаргалтай ярилцав.
-Та БГД-ийн эрүүл мэндийн нэгдлийн даргын хувьд мөн эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан хүний хувьд ямар саналтай байна вэ?
Эрүүл мэндийн байгууллагын хувьд архины үйлдвэрлэлд ч юм уу, худалдаанд тэмцэл хийгээд үр дүнгээ өгөхгүй гэж үздэг. Манай багийн хувьд архины хэрэглээн дээр нь анхаарья гэсэн саналтай байгаа.
-Тааруулж хүртэхэд нь илүү анхаарна гэсэн үг үү?
Бусад орнуудад архи уучихаад зан төрхийн өөрчлөлт гаргаж, бусад
Гэр бүлийн тогтворгүй байдал, сөргөлдөөний гол шалтгааны 87%, гэр бүл салалтын шалтгааны 58.3% нь архидалт гэсэн судалгааны үр дүн гарсан байна.
хүмүүсийг зовоож байвал хүний эрхийг зөрчиж байна гэдэг утгаар нь хариуцлагын арга хэмжээг авдаг. Архи уусных нь төлөө ээж нь, эхнэр нь, үр хүүхэд нь зовж шаналдаг. Тиймээс тэр хүмүүсийн эрхийг хүндэтгэх үүднээс архи уусан этгээд ямар нэгэн зан төрхийн өөрчлөлт үзүүлвэл сэтгэц зан төрхийн албадан сургалтад суулгах ёстой юм.
Хэрвээ сургалтад суулгахгүй бол дараагийн ахисан төвшний арга хэмжээг авах байдлаар хэрэглээнд нь хандана гэсэн үг. 21 дүгээр зууны хувьд архи бол зохистой хэрэглээтэй байх ёстой. Өөрөө сонгоод архийг ууж байгаа боловч бусад хүмүүсийн эрхийг зөрчиж болохгүй. Яг энэ талаас нь харах ёстой. Хэрвээ энэ саналыг тусгаж өгвөл согтуурхаж, янз бүрийн зан ааш гаргаж, бусдыг зовоох, эрхэнд нь халдах, агсам тавих зэрэг үйлдэл гаргуулахгүй байхад чиглэх юм.
-Архитай хийх хүн төрөлхтөний тэмцэх үргэлжилсээр байгаа. Манай улс архины хяналтын хуулийн өөрчлөлтийг архины үйлдвэрүүд, худалдаалагчидтай хийдэг. Энэ нь хэр оновчтой гэж та боддог вэ?
Дан ганц архины худалдаа, үйлдвэрлэл, бар, рестораны цагийн хязгаарлалтад анхаарах нь төдийлөн үр ашиггүй байгаа. Ерөөсөө хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд архитай тэмцэл хийж эхэлсэн. Чингис хааны есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастираас ч харж болно. Хэзээ ч архины хэрэглээг хязгаарлаж чадахгүйгээс хойш, зөв зан төрх болон зөв төлөвшлийн асуудлыг ярих хэрэгтэй.
Дэлхий нийт ихэвчлэн хуурай хуулийг баталсан байдаг. Харин манай улс энэ алдааг давтахгүйн тулд хүн рүүгээ чиглэсэн бодлого барих хэрэгтэй. Хүний хэрэглээнд л анхаарах ёстой. Хэрэглээнд нь үндэслэж хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох саналтай байна. Хүн болгон архи уусан хүнээс айдаг учраас зан төрхийн өөрчлөлтөд нь анхаарах ёстой.