Н.Удвал МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормааг өнөөдөр /2014.05.08/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал болон албаны бусад хүмүүс оролцов.
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг нь 1939 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулах, үндсэн хуулийн заалт, төрөө дээдлэн, энэрэнгүй шударга байх зарчмаа мөрдөн, төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлдэг, онцгой үед төрдөө нэмэлт хүч болон ажилладаг, өргөн олон түмний дэмжлэгийг хүлээсэн хүмүүнлэгийн хамгийн том хөдөлгөөн юм.
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг нь 1939 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн
Уулзалтын эхэнд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд МУЗН-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулсан юм.
Өнөөдөр Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр. Манай улсын хувьд Олон улсын улаан загалмайн өдрийг тэмдэглээд 10 гаруй жил болж байгаа. Энэ жилийн хувьд Олон Улсын Улаан Загалмайн өдөр болон Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой давхцан тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнөөс хүүхдийн оролцооны байгууллагуудтай хамтран “Хүүхэд бүрийн төлөө” сэдэвт өдөрлөгийг Чингисийн талбай дээр зохион байгуулж, хүүхэд багачуудын дунд олон төрлийн хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөснөө ч дуулгалаа.
Эрүүл мэндийн яам, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй нягт хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлж, эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр хатагтай Н.Болормаа онцлов.
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг нь Түншлэгч Үндэсний Нийгэмлэгүүдийн ээлжит уулзалтыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Тус уулзалтын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр салбарын яамны бодлогыг хэрхэн дэмжих, цаашид ямар чиглэлд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Мөн хоёр талын 2013 онд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, 2014 онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар зөвшилцсөн юм.
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг нь Түншлэгч Үндэсний Нийгэмлэгүүдийн ээлжит уулзалтыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Бид хамтын ажиллагаагаа маш олон чиглэлд өргөжүүлэх боломж байна. Манай яамнаас нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн өрх бүр, иргэн бүрт эзэмшвэл зохих 21 дадлыг олгох үүднээс “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг эхлүүлсэн. Та бүгд ч энэ ажилд маань оролцож, хувь нэмрээ оруулах боломж нээлттэй. Тухайлбал, анхны тусламж үзүүлэх тал дээр хамтран ажиллаж, иргэд болон эмч, мэргэжилтнүүдэд хандсан хоёр төрлийн зайн сургалтыг явуулахад хамтран ажиллаж болно. Мөн иргэн бүрт цусны даралтын боловсрол олгож, “Гэртээ цус харвадаггүй ард түмэн болгох” зорилт дэвшүүлэн ажиллаж байна” хэмээгээд сайн дурын авлагагүй донорын үйлсэд ч Эрүүл мэндийн яамны хамт олон манлайлан оролцож, цусаа хандивласан гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Түншлэгч Үндэсний Нийгэмлэгүүдийн ээлжит уулзалтад оролцохыг албан ёсоор урьсан. Эрүүл мэндийн сайд Н.Удвал урилгыг хүлээн авснаа илэрхийлээд бүхий л чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.