Ц.Даваасүрэн: МАН дотор хагарал үүслээ гэдэгтэй би эвлэрч чадахгүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Улс төрийн уур амьсгал халуун болж эхэллээ. Сүхбаатарын талбайд, яг танай албан өрөөний цонхон дор шахам Их хуралдайн төлөөлөгчид цугларч үгээ хэлж байна. УИХ, Засгийн газрын ажил болохгүй байна гэж шүүмжилж байна. Энэ байдалд та улстөрч хүний хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Үүнийг би ард түмний нэг хэсгийн дуу хоолой гэж үзэж байна. Тийм учраас тэдний тавьж байгаа шаардлагыг анхаарах ёстой. Иргэдийн зүгээс тавьж байгаа асуудлууд, тухайлбал, уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотойгоор байгаль орчноо хамгаалах, төр, засгийн үйл ажиллагаанд хариуцлагагүй байдал газар авсан, сайн засаглал дутаж байна гэх зэрэг асуудлыг төр, засгийн хүрээнд шийдэж чадахгүй, удаашруулж байгаа учраас эдгээр нь Төрийн ордноос гараад гудамжинд шилжчихлээ. Сөрөг хүчин байх ёстой Ардчипсан нам нь улс төр дэх орон зайгаа алдсантай ч холбоотой. УИХ үүргээ хариуцлагатай зөв гүйцэтгээд, Засгийн газарт хяналтаа сайн тавиад, Засгийн газрын ажил сайн байх юм бол ийм бухимдал гарахгүй гэж бодож байна.
Тэдний тавьж байгаа асуудлын дийлэнх нь иргэд, сонгогчидтой уулзахад гаргаж тавьдаг асуудлууд байна. Энэ дунд сонгуулийн гомдлоо тайлах ч гэдэг юм уу, мэр сэр зүйл хавчуулагдаад явааг үгүйсгэхгүй. Ямар ч байсан энэ үйл явдлыг ард түмний төлөөлөл болсон УИХ анхаарч тодорхой зүйлийг шийдвэрлэх ёстой гэж бодож байна. Жишээлбэл, Өмнийн говьд болж байгаа эмх замбараагүй байдлыг харахаар “төр хаана байна” гэж бодохоор байгаа шүү дээ. Яахаараа бүх уурхайгаас Хятад руу зам татах ёстой юм. Гэрийн чинь хашааны банзыг хэд хэдэн газар хуу татаж аваад хүмүүс гүйлдээд эхэлбэл ямар байх вэ. Яагаад зарим сумын хүн ам механикаар хэд дахин өсөөд, бэлгийн замын өвчлөл газар аваад байхад төр таг дуугүй суугаад байгаа юм. Оюутолгойн гэрээний засвар яагаад удаад байна ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлийг УИХ цаг алдахгүй шийдэх ёстой.
-Ингэхэд МАН-ын “Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс” жигүүр ажиллаж байгаа юу. Татан буугдсан уу?
-МАН-ын дүрмийн дагуу авч үзэх юм бол жигүүрийг татан буулгах хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, тухайн жигүүрийг авч яваа гишүүд өөрсдийн санаачлагаар татан буулгаж болно. Нөгөө нэг нь дүрмийн бус үйл ажиллагаа явуулах юм бол МАН-ын бага хурлаар татан буулгах ийм хоёр зарчимтай. Энэ хоёрын аль алийг одоогоор хийгээгүй байна. Жигүүр цаашид шаардлагатай юу, үгүй юү гэдэг талаар жигүүрийн нөхөд хоорондоо ярьж шийдэх ёстой.
-Яагаад энэ талаар асуугаад байна гэвэл МАХН дотор жигүүрт байсан нэлээд хэдэн хүн орчихсон явах шиг байна. Тийм болохоор МАН-д жигүүр байна уу, үгүй юү гэж лавлах гэсэн юм?
-Миний бодлоор хувь хүн хаанаа явах нь Үндсэн хуулиар олгосон хүний эрхийн асуудал. Тэр дагуу л явж байгаа байх гэж бодож байгаа. Албан ёсны байгуулсан бүтцээрээ гэх юм бол өнөөдөр МАН-д жигүүр байгаа гэж ойлгож байна. Ер нь бол улс төрийн нам дотор хагарал үүслээ гэдэгтэй би эвлэрч чадахгүй. Аливаа нам нэгдмэл байх ёстой. Эрхэм зорилгоо биелүүлье гэвэл нэгдмэл л байх ёстой шүү дээ.
-Хэдий гишүүд дотор үзэл бодлын зөрүү гарч байсан ч гэсэн үү?
-Тийм. Зөрүү гарлаа гэхэд халуун тогоон дотроо л ярилцаж шийдэх ёстой.
-Гадуур Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нарын гишүүдийг МАН-аас гарах гэж байгаа юм шиг байна гэсэн яриа шуугиан гарах боллоо. Танд мэдэгдсэн зүйл байна уу?
-Огт мэдэгдээгүй. Тийм яриа гараагүй шүү дээ. Минийхээр МАН хоёр болчихлоо гэж огт харахгүй байгаа. Үзэл бодлын зөрүү гарлаа гэхэд халуун тогоон дотроо шийдэх ёстой гэдгийг дахин дахин хэлье. Сонгууль дөхчихлөө. Түүнд бид нэгдмэл хүчээр орох ёстой. Үзэл бодол зөрүүтэй хэсэг МАН дотор байж болно шүү дээ. Ардчилсан нийгэм юм чинь. Гэхдээ эрхэм зорилгодоо хүрэхийн тулд цул нэгдмэл л байх ёстой. Тэр юу гэсэн үг вэ гэвэл бид сонгуульд ялалт байгуулах ёстой. Тэр бидний нэгдсэн эрх ашиг байх ёстой. Тийм болохоор ганц нэг зөрүүтэй үг хэлсний төлөө тэр энэ гишүүн намаас гарах гэж байна гэж үзэж, “бор шувуу” нисгэж болохгүй л дээ. Тэр гишүүд МАН-аас гарах тухай яриа хаана ч гараагүй.
-Сонгууль гэснээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг танай бүлэг дээр ямар төвшинд явна?
-Одоогоор тодорхой зүйл алга. Гэхдээ ямар ч тохиолдолд миний хувьд пропорциональ тогтолцоог дэмжихгүй.
-Яагаад?
-Өнөөдөр түүнийг хэрэглэх цаг үе биш. Хэрэв пропорциональ тогтолцоог авчихвал олигархи бүлэглэл гээд нэрлүүлээд байгаа нөхөд төр, засгийн дээд хүрээнд мөнхөд оршин тогтнодог болчихно. Тийм болохоор ард түмэн засгийн эрхийг дөрвөн жилд ганц өдөр барьдаг мажоритар тогтолцоогоор одоохондоо явах ёстой.
Энэ тогтолцоо бол улс төрийг тодорхой хэмжээгээр цэвэрлэдэг шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс зарим нэг нөхөд дургүй байгаа байх. Миний бодлоор цаашдаа шүүлтүүрийг нь сайжруулаад сонгуулиас мөнгөний нөлөөллийг нь хасаад явчих хэрэгтэй.
-Сонгогчид мөнгө амлуулаад муу зан сурчих шиг боллоо. Мөнгөнөөс яаж ангижруулах вэ?
-Мөнгө тарааж санал худалдаж авна гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг хуульд хийж өгөөд тараасан, тараалгуулсан, зуучилсан хүнийг шийтгэдэг, бас худал мэдээлэл тарааж мөнгө тараагаагүй хүнийг тараасан мэтээр гүтгэсэн хүнд хоёр дахин ял өгдөг байдал руу оруулчих юм бол мөнгөний нөлөөлөл багасна.
Энэ бол ердөө төрийн эсрэг гэмт хэрэг.
-Санал тооллого дээр гардаг луйврыг яах вэ?
-Түүнийг бас жаахан хатууруулаад, орчин үеийн техник технологийг ашиглаад хүний нөлөөллийг багасгаж электрон хэлбэрээр тоолох зэрэг зүйл оруулах бололцоотой.
-Монголчууд техникийг “монголчлохдоо” сайн шүү дээ?
-Дэлхий нийт бас тэгдэг л байгаа шүү дээ. Түүнийг бодож, тооцож л хийсэн төхөөрөмж байгаа. Саналыг камераар харуулаад, түүнийг компьютер дээр шууд уншдаг байхад хэн яаж нөлөөлөх юм бэ. Хүний нүдэн дээр санал өгөгчдийн тоо гараад яваад байна шүү дээ. Тооллогыг цэвэр болгох бүрэн бололцоо бий.
-Нэг хүн олон хэсэг дээр очиж санал өгдөг нэг аюул бий?
-Түүнийг зохицуулах гээд иргэний бүртгэлийн шинэчлэл хийж байна. Зохион байгуулалтыг сайжруулаад үүнийг гаргуулахгүй байх бүрэн бололцоотой.
Компьютерийн мэдээллийн бааз дээр суурилсан тооллогын системд оруулахад хэн хаана давхар санал өгсөн нь баригдана.
-Сонгуулийн хуулиас гадна улстөрчдийн нэн даруй хийх ямар ажил байгаа вэ?
-Уул уурхайг цэгцэлж, Ашигт малтмалын хуулийг нэн даруй шийдэх ёстой. Тэгэхгүй бол байдал үнэхээр замбараагүй байна. Байгалийн баялгаа ингэж хайр найргүй үрмээргүй байна.
-Таны сонгогдсон Хөвсгөл аймагт байдал ямар байна. Бусад аймгийг бодвол иргэд нь харьцангуй сайн тэмцдэг, байгалиа хамгаалдаг хүмүүс?
-Одоо эхэлчих гээд л байна. Могойн голын коксжих нүүрсний том орд байна. Цагаан-Уулын молибдений орд гэж бий. Эдгээрийг оролдохоос өмнө хуулиа хийж авахгүй бол эрүүл сайхан газрыг сүйтгээд эхэлнэ. Жишээ нь, Өмнөговийн ордуудад хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргаж байж орох байсан. Ус хангамж, дэд бүтцийг ингэж шийднэ. Төмөр зам, авто зам, хотхон нь ийм байна гэж төрийн зүгээс Өмнийн говьд уурхайн салбарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргаж байж эхлүүлэх юмыг хийлгүй орсны балаг одоо гарч байна. Миний Оюутолгойн гэрээн дээр хамгийн их шүүмжлэлтэй хандсан асуудал бол энэ. Техник, эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөө алга гэдгийг хэлж байсан. Өнөөдөр уурхай бүр л өөр өөрийн төлөвлөгөөгөөр явах гээд байна. Ингэж болохгүй. Төр нэгдсэн бодлогоор зохицуулах ёстой. Төлөвлөлт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргаж өгөх ёстой. Тэгж байж уул уурхайн салбар зөв замаар явлаа гэсэн итгэл үнэмшил ард түмэнд бий болно. Өнөөдөр стратегийн ордуудаас хүн дураараа хумсалж авч болоод байна. Тэгвэл бид бас яагаад тэгж болдоггүй юм. Яагаад Тавантолгой, Хөшөөтөөс нэг хэсэг хүн аваад байж болдог юм. Ард түмний хувь хаана явна гэж сонгогчид асууж байна. Энэ бүгдийг нарийн цэгцэлж явахгүй бол эмх замбараагүй байдал ард иргэдийн бухимдлыг асаагаад байна. Ухаж сэглэчихээд нөхөн сэргээхгүй байна. Тэр бүү хэл тэнд тавьж байгаа эмх замбараагүй замуудаа концессын гэрээгээр төрд шахна гэж байна. Тийм байж болохгүй.
-Могойн голын нүүрсний уурхайд хятадууд 100 хувь хөрөнгө оруулна гэж байсан, юу болсон бэ?
-Уурхай дээр Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар дулааны станц барина гэж байсан. Уурхайн орон нутгийн өмчийн 51 хувийг зөрүүд нь авъя гэж байсан хэрэг. Тэр зогссон. Могойн голын нүүрсний сав газрын Овоотын гэж нэрлээд байгаа 330 сая тонн коксжих нүүрсний ордод өнөөдөртөө нөөц тогтоох геологи хайгуулын ажлыг хийгээд явж байна. Түүн дотор улсын төсвөөр хайгуул хийсэн хэсэг бий. Хайгуул хийсэн 80 сая тоннын хэсгээ төрийн өмчит Могойн голын уурхайд авах ёстой. Тэр 51 хувь бол Хөвсгөлийн ард түмэн ирээдүйн хөгжлийн асуудлаа шийдээд явах боломжтой гол баялаг. Тэгэхгүй бол тэр улсын төсвөөр хайгуул хийсэн хэсгийн 51 хувийг хятадууд авах гэж байсан шүү дээ. Тэр бол одоо зогссон. Нүднээс далд хуйвалдаад л өгчихөөгүй бол ард түмний мэдэлд үлдсэн байх ёстой. Тэр 80 сая тонн коксжих нүүрс бол дор хаяж 16 тэрбум ам.доллар. Монгол мөнгөөр 16 их наяд төгрөг бол өнөөдөр Монгол Улсын төсвөөс дөрөв дахин их мөнгө гэсэн үг. Бид бүх орд руугаа орж болохгүй. Ганц орд л аймгийн хөгжлийг шийдэх бололцоотой байна шүү дээ. Тийм болохоор хуучин ашиглаж байсан Могойн голын уурхай дээрээ түшиглээд аймгийнхаа хөгжлийг шийдэх бололцоотой. Аймаг болгон нэг ордтой байж хөгжинө гэж бас байж болохгүй. Хаана аль ордоо ашиглах вэ гэдэг дээр бас л төрийн зохицуулалт, нэгдсэн төлөвлөлт хэрэгтэй.
-Үлдсэн 49 хувь нь хэнд байдаг вэ?
-Тэр хувьчлалаар гарчихсан. Иргэд авсан байх.
-Молибдений ордоо яах вэ?
-Нутгийн ард түмэн л шийднэ. Хөвсгөл байгалийн үзэсгэлэнт газар, усны сав газар ихтэй. Тэгэхээр нутгийн олны шийдлийг үндэслэж л шийдэх ёстой.
-Улаан тайгыг сүйдэлдэг нинжа нар яаж байгаа вэ?
-Тэр багасч байгаа гэсэн. Дархадын хотгорын байгалийн цогцолбор газрын нэлээд хэсгийг дархан цаазтай бүсд оруулж өглөө. Тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөлөө. Ингэж л нутгаа авч үлдэхгүй бол ирээдүйд аялал, жуулчлалаас орлого оруулж өгөх байгалийг маань сүйтгэчих гээд байгаа юм. Хэдэн жилийн дараа Хөвсгөл нуур бол аялал жуулчлалын бүс, Швейцарийн Женевийн нуур шиг газар болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Тиймээс өнөөдрөөс байгаль экологийн зөв бодлого барьж явахгүй бол ирээдүйн орлогоо нөхөшгүйгээр сүйтгэнэ гэсэн үг. Аялал жуулчлал бол гэрээсээ экспорт хийх боломж юм. Гадаадын жуулчдад сүүгээ, хонио, талхаа зарна. Тэр өөрөө экспорт. Заавал хил гаргаж экспорт хийдэг юм биш. Өнөөдөр Эстони улс 1,3 сая хүн амтай. Гэтэл очдог жуулчдын тоо иргэдээс нь найм дахин олон. Арваад сая жуулчин очиж гол орлогыг нь бүрдүүлж байна. Тиймээс бид уул уурхайгаас олсон баялгаа аль салбарт оруулж дахин баялаг болгох вэ гэвэл мал аж ахуй, аялал жуулчлал. Бусдаар бид өрсөлдөж чадахгүй. Машин техник, компьютер хийж чадахгүй. Мал аж ахуй, аялал жуулчлалаа зөв аваад явбал уул уурхайн баялгаа эргээд баялаг бүтээдэг салбар болгоно. Үүн дээр л төр, засгийн гол бодлого байх ёстой. Ингэж чадвал иргэд ингэж бухимдаж жагсаад байхгүй л гэж боддог.