Д.Ганхуяг: Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн гэгдэх стратегийн 14 ордыг луйвардаж эхлэхэд бэлэн болчихож
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа
-Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэгт та байгаа. Энэ хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
-Ашигт малтмалтай хөгжилтэй орнуудын хууль эрх зүйн орчин боловсронгуй. Одоогийн манай хууль бол Африктай төстэй. Энэ замаар явж болохгүй юм байна гэдэг дээр нэгдээд Ашигт малтмалын хуулийг дахин шинэчлэн найруулах саналд хүрсэн. Мэдээж хамгийн эхэнд хүний эрүүл мэнд, хоёрдугаарт байгаль экологи, гуравдугаарт ашгаа бодох ёстой. Орон нутгийн эрх мэдлийн, концесийн гээд нэлээд асуудал яригдаж байгаа. Уг нь дөрөвдүгээр сарын 30-ны дотор шинэчилсэн найруулга юмуу, өөрчлөлтийн аль нэг нь хийгдэх ёстой. Хайгуулын лицензийг цуцалсан хугацаа нь дөрөвдүгээр сарын 30. Энэ хугацаанд амжуулж хуулийн төслөө оруулах ёстой юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар хугацаандаа амжих эсэх нь тодорхой бус байна.
-Шинэчлэн найруулна гэж ажлын хэсэг байгуулсан. Гэтэл та өөрчлөх тухай дурдлаа?
-Уг нь анх шинэчлэн найруулна гэж тохирсон. Ерөнхийлөгчийн тамгын газар, Ашигт малтмалын газар, яам, УИХ-ын ажлын хэсэг гээд хэд хэдэн газар ажиллаж байна.Харин өнгөрсөн лхагва гарагт хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар Ашигт малтмалын хуулийг өөрчилчихвөл яасан юм гэдэг санал гарсан. Гэхдээ одоогоор шийдээгүй байна.
-Мэргэжлийнхний үзэж байгаагаар энэ хуулийг дан ганц лицензийн хууль, салбарын бүх асуудлыг шийдэж чадахгүй гэж шүүмжилдэг?
-Тиймээ. Лицензийн хууль гэсэн шүүмжлэлтэй санал нийлж байна. Уул уурхайн асуудал, эрх зүйн орчин гээд нэлээд хэсгийг нь харах байх. Бүгд л анхаарлаа хандуулж байгаа учраас нэг тийшээгээ шийдэгдээд явах байх.
-Ашигт малтмалын салбарт УИХ-аас баталж байгаа хууль болон тогтоолын хэрэгжилт хэр байна. Сүүлийн үед гишүүд болон ард иргэдийн зүгээс ч хууль зөрчсөн асуудал олон байна гэсэн шүүмжлэлийг ирүүлсээр байна?
-Тиймээ. Үнэхээр хуулийн хэрэгжилтгүй, хууль зөрчсөн олон асуудал байна. УИХ-ын гишүүний хувьд бидэнд нам эвсэл хамаагүй. Бид ард иргэдээс сонгогдсон. Нийт иргэдийн эрх ашгийг дээдлэн ажиллана гэсэн тангаргатай. Гэтэл УИХ-аас гаргаж байгаа тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Ганц жишээн дээр тайлбарлая. Ашигт малтмалын хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал, ямар гарц байна, яаж зөв хөгжих вэ, яаж ашигт малтмалтай хөгжсөн орны замаар явах вэ гэх мэт маш олон асуудал тулгарч байна. 2007 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Энэ хуулийг дагаж УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолд Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг УИХ батлан гаргасан, нийт 15 орд байгаа. Үүний нэгд нь хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн. Энэ нь Оюутолгойн орд. Бусад нь бидний элэг нэгт монголчуудын татвар төлөгчдийн мөнгөөр эрсдэл гаргаж хайгуул хийж нөөцийг нь тогтоож техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж гаргасан тогтоол байгаа. Энэ ордуудыг 2006 оны долдугаар сарын найманд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулинд гурван төрлийн заалтыг хийж өгсөн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордын тухайд дахин хайгуулын лиценз олгохгүй.Хоёрдугаарт хайгуулын Х лиценз олгогдсон байх юм бол А буюу ашиглах лиценз олгохдоо уралдаант шалгаруулалтын аргаар шийд-вэрлэнэ гэж заасан. Гэтэл нөгөөх нь ашигт малтмалын тухай хууль дээр 5 зүйлийн 4 болон 5-р заалтанд байгаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн байвал 50 хүртэлх хувийг төр эзэмшинэ гэсэн заалтуудтай байгаа. Энэ заалт хэрэгжихгүй байна. Мөн энэ орд гэдэг зүйлээс хоёр төрлийн орлогоор Монгол улсын талд ашиг олох ёстой юм. Нэгдүгээрт татвар. Манайд татварын орлогоор стратегийн ордуудын 40 орчим хувийн ашиг авахаар байгаа. Дараа нь татвар төлсөн ашгаас нь авах 50 болон 34 хувьтай тэнцэх ноогдол ашгийг авах учиртай. Өнөөдрийн байдлаар энэ 15 стратегийн ордуудаас Багануур, Шивээ-Овоо явдгаараа явж байгаа. Энэ бол төрийн өмчит, төрийн хувь давамгайлсан аж ахуй нэгжүүд. Эрдэнэт бол үйл ажиллагаа нь хэвийн. Нарийн сухайт, Төмөртэй хүдрийн орд, Цагаан суварга, Бүрэн хааны фосфорит, Төмөртэйн овоо зэрэг ордууд албан тушаалаа ашиглаад лицензийг нь авсан хүмүүс дээр байна. Уг нь бол УИХ-аас энэ тогтоолыг шийдвэрлэхдээ төрийн өмчит 50 хүртэлх хувийг хурдан шийдвэрлэ гэсэн. Гэтэл энэ нь хэрэгжилт муутай байна.
-Оюутолгойн нөөц нэмэгдэж байгаатай холбоотойгоор Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар яригдаж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тиймээ. УИХ-ын чуулган нээлтийн үеэр УИХ-ын дарга Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна шүү гэж онцолсон. Монголын талын авах ашиг нь бага байгаа, нөөц нь жилээс жилд нэмэгдэж байна, 68 хувийг тэглэсэн учраас нөөцийн татвараа нэмэгдүүлнэ гэдгийг сануулсан. Нөөцийн төлбөр зэсэн дээр 15 хувь нэмэгдэхээр байгаа. Гэхдээ тав ч бай 10 ч бай энэ хувийг нэмэгдүүлж, Оюутолгойн төслөөс Монголын талын авах ашгийг өнөөдрийн 40 гаруйхан хувьтай байгааг 60 хувь болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байсан. Үүнийг дэмжиж байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын 57 болон 40 дүгээр тогтоол гарсан.
Оюутолгойтой холбоотой дараагийн асуудал бол эхний хөрөнгө оруулалт хийгдсэний дараагаар Монголын эзэмшлийг 50 аас доошгүй болгох. УИХ-ын 57 дугаар заалтыг хэрэгжүүл гэж УИХ-ын дарга хэлсэн. Угаасаа ч ийм шийдвэртэй байсан. Оюутолгойн төсөл 4320 доллараар нэг тонн зэсийг тооцох юм бол орд ашиглаж эхэлснээс хойш 4,7 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөхөөр байгаа. 7000-аар тооцох юм бол хоёр жилийн дотор нөхөхөөр байгаа юм. Тийм учраас энэ гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг түргэсгэмээр байна. Гэрээ байгуулах болохоороо хугацаагаа яаруулаад байдаг хэр нь Монголын эрх ашгийг дээдлээд гэрээндээ өөрчлөлт оруулаач ээ гэхээр хонины морь шиг болоод удаашруулаад байх юм.
-Сүүлийн үед стратегийн ач холбогдол бүхий ордуудыг луйвардаж байгаа гэсэн асуудал их яригдах болсон?
-Луйвардаад эхэлчихсэн. Оюутолгойгоос гадна цаана нь 14 ордын тухайд ордын ашиглалтын лицензийг авчихсан нэмж хайгуул хийж байгаа гээд луйвардахад бэлэн болчихсон, ашиглаад эхэлчихсэн байна. Тухайлбал Дарханы Төмөртийн ордоос өдөр шөнөгүй зөөгөөд эхэлчихсэн. Бид ардчилсан нийгмийг 20 гэр бүл 200 хүнийг баяжуулах гэж байгуулаагүй. Үүний төлөө яваагүй. Үүний төлөө УИХ-д сонгогдоогүй. Өнөөдөр бид бүхний зорилго бол олонх нь, гэр бүл нь, өрх нь дунджаас дээш орлоготой эх орондоо ая тухтай чинээлэг амьдрах нийгмийн төлөө явж байгаа.Өнөөгийн байдлаар дүгнэхэд бид буруу замаар явж байна. Үүнийг засах шаардлагатай
-Үүний засах ямар гарц байна?
-Хариуцлага тооцохгүй бол болохгүй. Хөгжилтэй орнуудад сонгуулийн үед гадаадын иргэнээс 4500 доллар авсан хүн сайдынхаа суудлыг өгөөд явж байна. УИХ болон УИХ-ын гишүүд энэ хариуцлагыг тооцох үүрэгтэй. Ард түмнээс тийм үүрэгтэй гарсан. Үүнтэй зэрэгцээд манай хэвлэлийнхэн ард иргэдийн дуу хоолой болох ёстой.
-Та дээр 27 дугаар тогтоол гэж ярьсан. УИХ-аас гаргасан 27 дугаар тогтоолын хавсралтад нийт 39 ордыг стратегийн ач холбогдолтой ордуудын тоонд оруул гэж байсан энэ ямар шатандаа явж байгаа вэ?
-Энэ мөн л хэрэгжилтгүй байна. УИХ-аас гаргасан 27 дугаар тогтоолд тусгасны дагуу стратегийн ач холбогдолтой ордод хамруул гэсэн 39 орд байгаа. Түүнээс ганц ч ордыг нь өргөн бариагүй байна. Бас л гадна, дотныхон улсын төсвөөр хайгуул хийсэн энэ ордуудыг өнөөдөр хэрэглээд ашиглаад татвар төлөхгүй авч яваад дуусч байгаа.Тэгэхээр бид улс орныхоо хөгжилд иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх энэ бүх чиглэлд үр дүнтэй ашиглаж чадахгүй бол ингэж байгаль орчноо сүйтгэж хэдхэн улсууд лицензээр дамжуулаад үрээд хаячихдаг энэ байдлыг засахгүй бол болохгүй болчихож. Өнөөдөр хэдхэн гэр бүлийг дэмжиж байна. Хамтарсан Засгийн газрыг тойрч нам дамжсан олигархиудын төлөө ажиллаж болохгүй шүү дээ.
-Ард иргэдийн хувьд хувьцаа эзэмшинэ гэсэн ойлголтоос өөр нэмэлт мэдээлэл алга. Энэ хувьцааны өгөөжийг хэрхэн хүртэх вэ?
-Өнөөдөр Монголын ард иргэд хоёр төрлийн хувьцаа эзэмшинэ. Нэгдүгээр Тавантолгойн эхний 49 хүртэлх хувийн 10 хувийг ард иргэдэд олгох, 10 хувийг нь нэрлэсэн үнээр Монголын аж ахуй нэгж, 29 хувийг нь Оюутолгойтой адилхан Монголын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгох гэж арилжина. Тэр хөрөнгөөр Тавантолгойгоо ашиглах юм. Эхний 10 хувийг хурдан явуулбал 2012 ондоо багтаад иргэд 10 хувийг 29 хувийг нь үнэ хүргээд ард түмэн хувьцаагаа зараад ашиг авах боломжтой. Энэ хувьцаа үнэ цэнэтэй байна гэдэг бол хуульд нийцүүлэх, хувааж ашиглахгүй байх гэсэн олон асуудал байна л даа. Дахиад 50 хувийг бэлдэж байгаа. Тавантолгойн орд улсын төсвөөр хайгуулыг нь хийсэн учраас 50 болон түүнээс дээш хувь нь төрд байна. Татвар төлсний дараах ноогдол ашиг авах учиртай. Тэр ноогдол ашгийн давуу эрхийн хувьцаа 10 юмуу 15 байх юмуу гэдгийг Засгийн газар шийдэх ёстой. Хүний хөгжлийн тухай хуульд заасанчлан Монголын бүх иргэн хувьцаа эзэмшинэ. Тэр хувьцааны ноогдол ашгийг ард түмэн үргэлж аваад явна.
Стратегийн 15 ордоос ашиглаж байгаа ордуудыг нэрлэвэл Эрдэнэт, Бороо гоулд, Цайрт менерал, Гашуун сухайт байна. Эдгээр ордуудын ноогдол ашгийг цуглуулаад жилийн эцсээр тавиад явах боломжтой. Одоогийн яриад байгаа 536 ширхэг хувьцааг үнэд орсон үед нь шууд борлуулаач ээ гэдэг асуудал л байгаа.
-Мэдээж энэ салбарт олон шийдэгдээгүй асуудал байгаа. Нүүрсийг тойрсон асуудал их байна. Гадагшаа экспортлож байгаа нүүрсээ 50 сая тоннд хүргэнэ гэж мэргэжилтнүүд ярьж байна. Гэтэл дэд бүтцийн хувьд хэцүү байна?
-Одоогоор бол хүндрэлтэй байгаа. Нэгдүгээрт Өмнийн говийн дэд бүтцийн төлөвлөлт гэж байх ёстой. Төмөр замаар автозамаар гээд энэ бүгдийг төр төлөвлөлт хийгээд хамгийн үр дүнтэй хувилбараар экспортлох хэрэгтэй. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж бий. Түүн дээр хоёр үндсэн зорилт бий. Гадагшаа экспортлох тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн бид ганцхан худалдан авагчтай байна. Тэр нь урд хөрш. Тийм учраас хүссэн үнээр нь хямд өгч байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор яг Австрали, Индонезийн нүүрс шиг угаахыг нь угаагаад боловсруулахыг нь боловсруулаад дэлхийн зах зээл дээрх шиг худалдаж гаргах нь нэн чухал байна. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний нүүрсийг боловсруулаагүйгээр нь нэг тонныг нь 20- 25 ам. доллараар зарж байна. Гэтэл дэлхийн зах зээл дээрх үнэ 125 ам.доллар байна. Коксжих нүүрсээ 60 орчим ам.доллараар зарж байхад дэлхийн зах зээл дээрх үнэ 350 ам.доллар байна. Тиймээс боловсруулах, худал-дан авагчийг олох нь маш чухал байна.
-Өвөр Монгол манайхаас дутахааргүй нүүрсний нөөцтэй гэдэг. Гэтэл Монголоос татах шаардлага байгаа гэж үү. Үүний цаана урд хөрш махны хомсдол үүсгэдэг шигээ манайд буцаад сөрөг байдлаар нөлөөлөхгүй гэж үү?
-Хятадын хэрэгцээ их байгаа. Манай төмөр замын бодлого тиймэрхүү эрсдэлээ тооцно. Зөвхөн Хятад гэхгүйгээр Япон, Солонгос, Европын орнуудад гаргах ч юмуу. Хятадын хувьд хүнс, эрчим хүчний асуудалд ирээдүй нь маш хэцүү болно. Хүнс үнэд орно. Эрчим хүч асар их хэрэгцээтэй. Нэг хүнд ноогдох ДНБ 3200 доллар байгаа мөртлөө дэлхийн хүн амын 4,1-5,1 хувийг эзэлж байгаа учраас үржүүлэхээр эдийн засгаараа хоёр дахь нь болчихсон. Өсөх тус-маа хэрэгцээ нь их болно. Хятад, Солонгос, япончууд шиг төмөрлөгийн үйлдвэр асар их хөгжсөн орнууд нүүрсийг асар их хэмжээгээр нөөцөлж байгаа.
-Цагирагийн асуудал шийдэгдсэн үү?
Хөгжлийн банкны тухай хуулиар баталчихлаа. Засгийн газар Хөгжлийн банкинд баталгаа гаргана. Монголын хувьд нүүрс ч бай зэс ч бай асар их ашигт малтмалтай байгаа нь ойлгомжтой. Монголын хөгжлийн банкны хувьцаа амархан борлогдно. Өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Сайншандын төмөр замын төсөлд зориулагдах эхний хөрөнгийн эрхийг Хөгжлийн банкинд өгчихсөн байгаа.