Хайрлах ёстой амь
Хайрлах ёстой амь
2014.05.27

Хайрлах ёстой амь

 2004 оны өвөл. Хөвсгөл далайн мөс цөмөрч, автомашин осолдсон тул зорчигчдыг нь эрэн хайх, аврах ажиллагаа явуулж өгөөч гэсэн дуудлага Онцгой байдлын албаныханд иржээ.

Үүрэг авсан аврагчид тайгын өвлийн 40-50 градусын хүйтэнд нүцгэлэн, биеэ спиртээр арчуулаад, их далайн 20 гаруй метрийн гүнд шумбасан гэдэг. Хүн ард, эх орныхоо төлөө амь хайргүй зүтгэх тангарагтай аврагч хэдий ч чөмөг царцам хүйтэн усанд, хоёр хөлнөөсөө урт олсоор оосорлуулснаас өөр найдах ямар нэгэн зүйлгүй үсэрнэ гэдэг хэрийн аавын хүүгээс гарах эр зориг, сэтгэл зүрх биш. Аврагчид ээлжээр далайн ус руу орж, чамгүй урт хугацаанд эрэн хайх ажиллагаа явуулсны эцэст хоёр хүний цогцсыг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Онцгой байдлын албанд ийм л хүмүүс үүрэг гүйцэтгэдэг.

2004 оны нэгдүгээр сард Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулж байхад бүтэн жилийн төсөв нь ердөө 90 сая төгрөг байсан учраас юун аврагчдын хувцас, техник хэрэгсэл авахтай манатай. Ямар сайндаа л тэр зун Монголд аяллаар ирсэн гаднын хоёр жуулчин усны хамгаалалтын хувцсаа онцгойгийнхонд бэлэглэсэн нь манай аврагчдын анхны хувцас болсон түүхтэй. Хэрэв манай төр, засгаас онцгой байдлын албаныхандаа зориулж, жил болгон гал унтраах ганц машин авч хүрэхтэй, үгүйтэй 90 сая төгрөг төсөвлөөд байсан бол тэд 122 жилийн дараа л хувцас, техник хэрэгслээ бүрэн шинэчилж дуусахаар байж. Гэхдээ арай ч тэгээгүй тулдаа өнөөдөр манай аврагч, гал сөнөөгчид дээрх шиг аюулын эсрэг улаан гараараа тэмцэхээргүй болжээ.

Төр, засгаас энэ байгууллагын чадавхийг бэхжүүлэх, шаардлагатай техникээр хангах, хувцас хэрэгслийн чанарыг сайжруулах чиглэлээр төс өвлөх мөнгөний хэмжээгээ жил ирэх тутам нэмэгдүүлдэг ч үнийн өсөлтөөс болоод энэ нь бас л хүрэлцэхг үй байгаа аж. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард хийсэн судалгаагаар онцгой байдлын аврагчдын 30-35 хувь нь техник, хувцас хэрэгслээр иж бүрэн хангагдсан гэсэн үзүүлэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, таван хүний бүрэлдэхүүнтэй аврах хоёр баг байлаа гэхэд эхнийх нь иж бүрэн хувцас, техник тоног төхөөрөмжтэй дуудлаганд явдаг бол хоёр дахь ээлж хагас дутуу бэлтгэлтэй гарах нь. Хэрэв гурав дахь дуудлага давхардаж ирсэн нөхцөлд манай аврагчид гал, ус, гамшгийн аюул руу бас л улаан гараараа тавиад орох нь.

“Бидэнд хувцас хэрэгсэл байхгүй” гээд хойш суух эрх, тийм зүрх сэтгэл тэдэнд үгүй.

“Бидэнд хувцас хэрэгсэл байхгүй” гээд хойш суух эрх, тийм зүрх сэтгэл тэдэнд үгүй. Манайхны мууг мэдсэн юм шиг хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гай азаар биднээс холуур өнгөрөөд байна. Тэглээ гээд тайвширч болохгүйн жишээ бол зөвхөн 2010 оноос хойших таван жилийн дотор онцгой байдлын 18 аврагч, гал сөнөөгч алтан амиа алдсан байх юм. Энэ хүмүүсийн төлөө хэчнээн зүрх цусаар уйлсныг хэн ч таашгүй. Хамгийн сүүлд л гэхэд Дорноговь аймагт ажил үүргээ гүйцэтгэж байсан аврагчийг автомашинтай хүн дайрч, амийг нь хөнөөсөн эмгэнэлтэй хэрэг гарчээ. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдахаас гадна гэмтэж бэртэн, хөдөлмөрийн чадвараа алдсан аврагч ч цөөнгүй бий. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд осолдсон “Ми-8” нисдэг тэрэгний осол болон Дорнодын Баяндунд гарсан түймрийг унтрааж яваад эрсэдсэн аврагчдаас амьд үлдсэн арваад хүний эмчилгээнд 2010-2014 онд давхардсан тоогоор 34 сая, ар гэрийнхэнд нь 12 сая төгрөг зарцуулсан байна.

Өнөөдөр улсын хэмжээнд онцгой байдлын албанд 3900 гаруй алба хаагч ажиллаж байгаагийн 70 орчим хувь нь аврагч, гал сөнөөгч байдаг. Энэ хүмүүсийн ахуй амьдрал, цалин хөлс, эрүүл мэнд, хувцас хэрэгсэл, нийгмийн хангамж гээд олон улсын түвшинд ойртуулах ёстой асуудлууд бий. Өрх тусгаарлан голомтоо бадраасан энэ арван жилийн хугацаанд тэд эдгээр асуудлаа эхнээс нь шийдээд л явж байгаа гэсэн. Харин аврагчид гэж чухамдаа хэн болох, тэдний ард ямархан амьдрал байдгийг бид мэддэг бил үү. Тэдний ажил үйлсийг ойлгож, үнэлэх ард иргэдийн үнэлэмж манайд бахь байдгаараа, онцгой байдлын албаныхныг эгээтэй л “нохойд барьдаг мод” шиг үздэг хэвээр байгаа нь харамсалтай. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн онцгой байдлын албаныхныг харж үзнэ, өндрөөс аврах үйл ажиллагаа явуулдаг онгоцтой болгоно гэхчлэн сайхан зүйл амласан ч өдгөө өнөөх л эдийн засгийн хямралаас шалтгаалаад мянгуужингийн үлгэр болох тийшээ ханджээ. Хэмнэж, харамлаж болох, болохгүй зүйл гэж байна аа даа.

Хаана гал түймэр, ган, зуд, үер усны аюул тохиолдоно, тэнд онцгойгийнхон

Хаана гал түймэр, ган, зуд, үер усны аюул тохиолдоно, тэнд онцгойгийнхон. Хаа нэгтээ хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарч гэнэ, тэнд ялтай юм шиг онцгой байдлын албаныхан л очдог. Дэлбэрэлт болоход, “дэггүй” нэгэн шонгийн модны орой дээр гарлаа гэвэл мөн л тэд очих үүрэгтэй. Үхэл, хагацал, цус нөж, нян бактер гээд аль л муу муухай хэргийн газар бүхэнд цагдаагаас илүү онцгойгийнхон үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл бид тэгэх л ёстой юм шиг санаж, “Онцгойгийнхон оройтож ирснээс боллоо” гэх үгийг хайр найргүй өөдөөс нь чулууддаг. Ажил үүрэг нь л ийм онцгой болохоос тэд бидний адил аав, ээжийн хайртай хүү, алаг үрсийн халамжит аав, хүний хань шүү дээ. Эх орон, газар нутаг, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, эцсийн мөчид хайрлаагүй амийг нь нэхэж өмөлзөх гэр бүл тэдэнд бий. Онцгой байдлын албанд орсноор тухайн хүн гэр бүлийнхнийхээ мэдлээс гарч, шаардлагатай цагтаа дуудах эх орныхоо зараал болдог гэдэг. Тэгвэл энэ хүмүүсээ төр, засаг ивээлдээ авч, амь амьдрал, эрүүл мэндийг нь эцгийн ёсоор хайрлах хэрэгтэй бус уу.

“Бид монгол хүний аюулгүй амьдралын төлөө гэсэн нэг л их том уриатай. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч энэ тухай тусгасан байдаг. Гэтэл ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг аврагчдын өөрсдийнх нь аюулгүй байдлыг хангадаггүй. Тэгсэн хэрнээ аврагч нарыг хэзээ санадаг вэ гэхээр өөрсдийнх нь амь нас, эд хөрөнгө эрсдэлд орсон үед. Бусад үед дарга, цэрэггүй бүгд мартчихдаг. Хамгийн наад зах нь тэднийг техник, багаж хэрэгслээр нь бүрэн хангачих хэрэгтэй байгаа юм” хэмээн Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын дэд дарга, хурандаа Т.Бадрал хэлсэн юм.

Үндсэн цалин дээрээ удаан жилийн, цолны, онцгой байдлын гэсэн гурван төрлийн нэмэгдэл нь ороод аврагч, гал сөнөөгчид дунджаар 600 мянган төгрөгийн цалин авдаг. Өдөр бүр үхэлтэй нүүр тулдаг амь өрссөн ажилтай нь харьцуулахад энэ мөнгө дэндүү чамлалттай санагдана. Уг нь хуучин шигээ 1-3, 3-10, 10-аас дээш жил ажилласан туршлага, ур чадвараас нь шалтгаалж мэргэжлийн зэрэг олгодог болгуулахаар Сангийн яаманд хандсан ч хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод энэ асуудал бас л “Зэлтэрийн гацаанд” оржээ. Аврагчдыг үндсэн цалин дээрээс нь нэмээд зэргийн нэмэгдэлтэй болгоход сард тэрбум орчим төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Хүний амь, эд хөрөнгө, эх орон, байгаль дэлхийг хамгаалах хүмүүнлэгийн албанд зүтгэдэг энэ хүмүүсийн цалин дээр сард тэрбум төгрөг нэмлээ гэхэд улс орны эдийн засагт хохирол учраад сүйд болчихгүй л баймаар. Ядаж л түймэр унтраахаар яваад, хорь, гуч хоногоор эзэнгүй байхад нь гэр бүлийнхэн нь мөр бүтэн, гэдэс цатгалан байх хэмжээний цалинтай байлгаж яагаад болохгүй гэж. Нэг хүний цалингаар дөрөв, таван ам бүл амьдралаа залгуулж байгаа тохиолдол онцгой байдлын ажилтнуудын дунд олон. Тиймээс өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхийн тулд тухайн орон нутгийн удирдлагуудад аврагч, гал сөнөөгчдийн гэр бүлийн хүнийг ажлын байраар хангах үүрэг даалгавар ч өгдөг болсон хэмээн Т.Бадрал дарга ярилаа.

Нэг үе “Манай албанд орооч” гэж сонин дээр зар тавиад ч онцгой байдлын ажилтан болъё гээд ирэх хүн ховор байсан гэдэг. Харин одоо хүмүүнлэгийн үйлсэд хүчээ өргөхөөр өөрсдөө сайн дураараа ирж байгаа залуус олон болсныг онцгойгийнхон бахархан ярьж байна. Тэгвэл тэр сайхан залуусын сэтгэлийн галыг өрдөх, урамшуулах, цаашлаад амь насыг нь хайрлаж, хамгаалах үүргийг төр хүлээх ёстой. Гэтэл аврагч, гал сөнөөгчдийнхөө амь насны даатгалыг манайх шиг өчүүхэн багаар үнэлдэг улс орон дэлхийд ховор. Беларусьт гэхэд л ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан аврагчийн амь насны даатгал гэж хамгийн багадаа 50 мянган ам.доллар олгодог байна. Харин манайд 15 сая төгрөг өгдөг. Гэсэн хэдий ч хүний төлөө гэсэн сайхан сэтгэл аврагчдыг энэ мэргэжилтэй нь салшгүй “уядаг” болов уу. Түүнээс биш хэр баргийн эх хүн үр хүүхдээ ийм хүнд албанд ажиллахыг зөвшөөрөхгүй биз. Нэг танил маань, тэгэхдээ бүр чамгүй эх оронч үзэлтэй, сэхээтэн тэрбээр “Ямар зоригтой хүмүүс хүүхдээ онцгой байдлын албан хаагч болгодог байна аа. Би л лав өлсөж үхэх дээрээ тулсан ч хоёр хүүгээ тэнд оруулахгүй” гэж хэлсэн нь сэтгэлээс гардаггүй юм. Тэр эхийнх сэтгэлээр хүүг нь Монгол Улс, төр, засаг, ард түмэн хайрлан дээдэлдэг бол олон эх бүтэн нойртой хонохсон.