Д.Чинзориг: Тендерт хамгийн хямд нь шалгардаг ч бидэнд хамгийн чанартай нь хэрэгтэй
Онцгой Байдлын Ерөнхий Газар
2014.05.19

Д.Чинзориг: Тендерт хамгийн хямд нь шалгардаг ч бидэнд хамгийн чанартай нь хэрэгтэй

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Чинзоригтой ярилцлаа.

-Аврах тусгай анги гэдэг нэрийг хүн бүр мэддэг ч онцгой үүргүүдийг мэддэг нь юу л бол. Эхлээд ангийнхаа гол үүргийг танилцуулаач?

-Аврах тусгай анги нь 1968 онд байгуулагдсан. ОБЕГ-ын харьяа тусгай үүрэг гүйцэтгэдэг цорын ганц анги. ОБЕГ-аас өгсөн үүргийн дагуу Монгол Улсын гамшиг, осол гарсан цэгт өөрийн хүчээр шуурхай шилжих, аврах ажиллагаа зохион байгуулж, нэрвэгсдийг аврах, тэдэнд яаралтай тус­ламж үзүүлэх, гамшгийн го­лом­­тоос нүүлгэн шилжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Нийслэл, орон нутагт Гал унтраах анги байдаг учраас манай ангид объектын гал түймэрт оролцох бүрэлдэхүүн байдаггүй.

Гэхдээ шаард­лага­­тай тохиолдолд их хэм­жээний гал түймрийг унтраахад гал сөнөөгчийн аюул­гүй байдлыг хангах, тэд­нийг аврах үүрэгтэй. Агаар, усанд аврах ажиллагаа явуу­лах, тэсэрч дэлбэрэх боди­сыг аюулгүй болгох, химийн хорт бодис, гоц халдварт өвчний үед гэхчлэн Монгол Улсад 20-иод төрлийн  аюулт үзэгдэл тохиолдож болзошгүй байдаг. Тоймлоод тактик ажиллагаанд хуваавал есөн төрлийн аврах ажиллагаа явуулдаг гэсэн үг. Бүгдэд нь оролцдог, ОБЕГ-ын урдаа барь­даг том анги юм. 240 албан хаагч, гурван үндсэн сал­­­­­­­­бар нэгжтэй ажиллаж байна.

-Танай ангид дадлага сургууль хийдэг талбай байна. Аврагчдаа энд бэлтгэдэг үү. Онцгой байдлын албаны сургууль гэж байдаг биз дээ?  

-Онцгой байдлын албаны сургууль голдуу онол заадаг. Тэр хүнийг ажлын байранд ирснийх нь дараа давтан сургах, мэргэшүүлэх зайлшгүй шаардлагатай.  Дав­тан сургах үүргийг манай ан­ги хүлээдэг. Өмнө нь тусгай мэр­­гэжлийн сургалтын төв гэж байсан нь дээд газрын шийд­вэрээр манай ангийн мэ­дэлд ирсэн юм. Аврах тусгай ангийн болон аймаг орон нутгийн аврагчдыг эн­­д дадлагажуулдаг байсан бол одоо тухайн аймаг орон нутагт нь сургалтаа явуулдаг болсон.

-Орон нутагт танай анги  шиг сургалтын орчин байхгүй биз дээ?

Багаж хэрэгсэл дутагдалтай байгаа нь үнэн

-Орон нутагт Улаанбаатарт төвлөрсөн шиг систем байхгүй. Багаж техникээс эхлээд дутагдалтай. Энэ дутагдалтай талыг нөхөж, сургалтаа орон нутагт явуулдаг юм. Ингэснээр манай онцгой байдлын албан хаагчид хот, хөдөө гэлтгүй жигд чадваржина. Орон нутгийнхаа алба хаагчдыг өөрс­­­­­­­дийнхөө түвшинд авчир­на. Том үүрэгтэй, турш­­­­­лагатай, ийм том мэргэшсэн бүрэлдэхүүний хувьд Онцгой байдлын байгууллагадаа төдийгүй Монгол Улсад манай ангиас үзүүлж чадах том дэм нь энэ гэж ойлгодог.

-Тухайлбал, энэ онд Ав­рах тусгай ангийнхан ямар гамшиг ослын үед яарал­­­­­­­­­тай ажиллагаа явуулав?

-Монгол орон маань өөрөө их тайван улс.Азаар дэлхийн өнцөг булан бүрт гарч байгаа шиг аймшигт ослоос хол байх юм. Гэхдээ зүүн гурван аймагт хоёр жил дараалан ой хээрийн түймэр ноцтой хэмжээ хамарч гарлаа. Энэ жил түймрийн улмаас хүний амь нас эрсэдсэн. Тиймээс ой хээрийн түймрийн үед дуудлагаар очих гэж цаг алдахгүйн тулд орон нутагт нь байрлан ажилласан. Хамгийн сүүлд Дархан-Уул аймагт Орхон голд хүн осолдсон гэх мэдээллийн дагуу манай аврагчид очиж 10-аад хоног эрж, хайх ажиллагаа явууллаа. Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх мэт таамаг гарч байсан. Тухайн иргэний цогцос уснаас биш өөр газраас олдсон. Ямар шалтгаанаар амиа алдсаныг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа байх.

-Аюулгүй байдлыг сахин хамгаалдаг байгуул­лагууд маань техник хэрэгс­лийн хангамж хэр байдгийг иргэд их сонирхдог. Энэ тухайд?

-Иргэдэд таагүй ойлголт байдаг.  Ялангуяа,  “Ми -8”-ын  ослын дараа Онцгой байдлын аврагч нар ямар ч хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэлгүй гэх болсон. Тухайн үед иргэд байтугай төр засгийнхан ч Онцгой байдлын байгууллагын талаар тодорхой ойлголтгүй  байсан. Гамшиг хэлж ирдэггүй учраас гэнэтийн аюул осолд бэлэн байх нь онцгой байдлын байгууллагаас гадна төр засаг, орон нутаг, иргэн бүрийн үүрэг. Онцгой байдлын аврагч нар бүх талаар бэлэн үү гэвэл үгүй. Иргэдийн аюулгүй байдлыг хангахад 100 хувийн баталгаа өгч чадахгүй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Наад зах нь багаж хэрэгсэл дутагдалтай байгаа нь үнэн. Гэхдээ “Ми-8”-ын ослын үетэй болон иргэдийн ойлголттой харьцуулахад харьцангуй сайжирсан шүү.

-Монгол Улс бүхэл бүтэн аюулаас хамгаалах байгууллагаа техник хэрэгслээр хангаж чадаагүй л байна гэсэн үг  биз?

-Тендерийн шалгуур ямар байдгийг бид мэднэ. Хамгийн бага үнийн санал өгсөн нь шалгардаг. Гэтэл бидэнд эсрэгээрээ хамгийн сүүлийн үеийн чанартай, шилдэг, шинэ технологи хэрэгтэй. Ийм техник хамгийн үнэтэй байж таарна. Аврагч маань өөрөө эрүүл, амьд байж хүн аварна уу гэхээс амь нас нь ямар ч баталгаагүй байвал аврах ажиллагаа явагдахгүй шүү дээ. Амь насыг нь эрсдэлээс хамгаалахын тулд сайн хөдөлмөр хамгааллын хэрэг­сэл хэрэгтэй. Мөн сайн  бэлтгэлтэй байх нь чухал. Өнөөдөр бид сайн багаж, сайн сургалтаар хангагдсан уу гэвэл үгүй. Монгол Улсын Ерөнхий сайд 2013 оны нэгдүгээр сард манай ангид ирж, хоёр цаг саатахдаа багаж, орчин нөхцөлтэй танилцсан. Бид үнэн мөнийг, үнэ мөнгөтэй нь танилцуулсан. Хямд нь чанар муутай, шаардлага хангахгүй байгааг ч хэлсэн. Ерөнхий сайд ирсэн гээд өнөөдрийн байдлаар хөрөнгө санхүү нэмэгдсэн, орчин нөхцөл сайжирсан, техник хэрэгсэл нэмэгдсэн зүйл алга. Ерөнхий сайд маань бодож байгаа гэж найдаж байна.

-Багаж хэрэгсэл бол мэ­дээж хөрөнгө мөнгө­нөөс шалтгаална. Харин сайн сургалт явуулж ча­дах­­гүй байна гэдгийг та тайлбарлаач?  
Ерөнхий сайд ирсэн гээд өнөөдрийн байдлаар хөрөнгө санхүү нэмэгдсэн, орчин нөхцөл сайжирсан, техник хэрэгсэл нэмэгдсэн зүйл алга.

-Аврагчдаа сургах, мэргэшүүлэх нь нэн чухал. Та бүхэн харсан байх. Энд дадлага сургууль хийх талбар байгаа. Үүнийгээ бид өөрсдөө хаягдал материал ашиглаж байгуулсан. Өөрөөр хэлбэл сургалтын орчинг сайжруулахад хөрөнгө оруулалт мөн л хэрэгтэй. Аврагчид жилийн дөрвөн улиралд биеийн тамирын зааланд бэлтгэл хийх ёстой. Гэтэл манай ангийн заал өвөл ашиглах ямар ч боломжгүй байх жишээтэй. Сайн танхим, сайн орчин, сургалтын сайн тоног төхөөрөмж хэрэгтэй. Гамшгийн голомтод ашиглах багажаа дадлагадаа ашигла­чих юм бол яг хэрэгтэй үед нөгөөх нь ажиллахгүй болчих эрсдэлтэй. Тэгэхээр үнэтэй цөөн багажаа сургалтад ашиглахгүй гам­нахаас өөр аргагүй.

-Аврагчид түймэр унтрааж яваад амь насаа алдсан тохиолдол олон. Тэдний нийгмийн хамгааллыг хангаж чаддаг уу. Тухайлбал, амь насаа алдсан бэртэж гэмтсэн үед ямар нөхөн олговортой байдаг юм бэ?

-Гамшгаас хамгаалах хуульд тодорхой заасан байдаг. Энэ хуулиа хоёр хуваахаар ярьж байгаа. Нэг нь процедурын хууль буюу зөвхөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулсан, нөгөө нь онцгой байдлын албаны өөрийнх нь эрх зүйн асуудлыг зохицуулсан байх юм. Одоо мөрдөж байгаа хуулиар албан хаагч амь насаа алдсан, бэртэж гэмтсэн тохиолдолд ямар тусламж үзүүлэхийг л заасан байдаг. Тухайлбал, амь насаа алдах юм бол таван жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж ар гэрт нь олгоно. Эд эрхтэн нь бэртэж, хөдөлмөрийн чадвараа алдвал портез хийх зардлыг төрөөс олгоно гэх мэт. Ийм зүйл битгий болоосой. Гэхдээ хэрэв амь насаа алдвал даатгалын нөхөн олговор олгодог. Төрөөс даатгасан байдаг юм.

Үүнийг нийгмийн баталгаа гэж ойлгох нь буруу.  Бэртсэн, үхсэн хойно нь яах тухай бус, тийм зүйл учруулахгүйн тулд л төрөөс арга хэмжээ авбал, тэр нь нийгмийн баталгаа болно. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан сургалтын орчин, багажаа сайжруулах хэрэгтэй. Аврагч утаатай, харанхуй орчинд ч нүдээ аниад багажаа ашиглах чадвартай байх хэрэгтэй. Сайн аврагч өөрийгөө болоод бусдыг сайн хамгаалж чадна. Зөвхөн бээлий, гутал тавьж өгөөд хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангачихлаа гэвэл дэндүү өрөөсгөл бодол шүү.