Б.Бямбасайхан: Манай эдийн засаг 2030 он гэхэд арав дахин өснө
Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан
2014.05.20

Б.Бямбасайхан: Манай эдийн засаг 2030 он гэхэд арав дахин өснө

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, “Нова Терра” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа. Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэх ажил болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэе.

-Өнөөдрийн Монголын эдийн засгийн талаар ямар байр суурьтай байгаа вэ. Төрийн түшээд улс төрийн өнцгөөс намын байр сууриа илэрхийлээд байх юм. Таныг бизнес эрхлэгчийн хувиар голтой хариулт хэлэх байх гэж бодож байна?

-Манай эдийн засаг  өнөөдөр нөгөө байдгаараа л байна гэдэг шигээ байна. Бидний гол сорилт бол яаж 5-10 жилийн дотор өнөөдрийн 10 тэрбумын (ам.доллар) хэмжээнээсээ 20 тэрбум, 30 тэрбум болж өрсөлдөх чадвартай болох вэ гэдэг асуудал. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэхийн тулд, эдийн засгийн загварыг шинэчлэх ажил бидний өмнө байна. Зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэх бүрт Монголын иргэд, бизнесүүд түүнийг нь шууд мэдэрдэг болсон. Нэг талаасаа бид түүнд нь зохицож амьдрах шаардлагатай байгаа бол нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төлөвлөлт, бодлого, татвар, санхүүгийн системтэй болох хэрэгтэй байна.

Мөн бид шинэ эх үүсвэрээс түргэн хугацаанд хөгжлийн санхүүжилтийг босгож, дэд бүтцээ барьж, шинэ ажлын байртай болох шаардлага тулгарч байна. Уул уул уурхайн салбар байнга өсөлт тэй явж чадахгүй байгаа тул т үүнтэй зохицсон шинэ системийг бид бий болгох гэж байна. Манай эдийн засаг 2030 он гэхэд дахиад 10 дахин томорно гэдэгт би бат итгэлтэй байгаа. Энэ процессыг шууд хийх гээд яараад байгаа нь зүй ёсны юм. Эдийн засгийг хурдан томруулж чадвал тодорхой нэг мөчлөгт амсдаг бэрхшээлүүд байхгүй болно. Өнөөдөр бидэнд зовлон болоод байгаа зүйлс ;эдийн засаг тэлчихвэл маргааш нь мартагдчихна. Бид үргэлж ирээдүйгээ хардаг. Тиймээс таван жилийн өмнө юу хэрэглэж байснаа эргэн санах гэхээр бараг мартчихсан байдаг. Хүмүүсийн хэрэгцээ эдийн засгаа дагаад хурдан өөрчлөгдөж байна. Монголчууд дэд бүтэцтэй байснаар эх орондоо үр бүтээлтэй, эрүүл амьдрах орчин нэмэгдэнэ.

-Тэгэхээр аливаа шийдвэрт бизнесийн  оролцоо их чухал байх  нь ээ?

-Бидэнд 20 гаруй жилийн бизнесийн туршлага байна. Эдийн засгийн 80 хувийг үйлдвэрлэж байна. Монголын  бизнес өрсөлдөх чадвартай байх нь эдийн засаг эрүүл өсөх нэг гол тулгуур юм. Бизнесийг өрсөлдөх чадвартай болгохын тулд эдийн засгийн сайн төлөвлөгөө хийх шаардлага байгаа. Эдийн засгийн 80 хувийг үйлдвэрлэж байна. Монголын бизнес өрсөлдөх чадвартай байх нь эдийн засаг эрүүл өсөх нэг гол тулгуур юм.

Бизнесийг өрсөлдөх чадвартай болгохын тулд эдийн засгийн сайн төлөвлөгөө хийх шаардлага байгаа. Эдийн засаг өнөөдрийнхөө энэ бүтцээр яваад байвал  таван жил болоод орлого буурдаг цикль хэвээр л үлдэнэ. Өнөөдөр иргэн, бизнес, төр ширээний гурван талд гарч суучихаад “Танай эдийн засаг л болохгүй байна” гээд байгаа. Монгол гэдэг чинь нэг л эдийн засаг тул, бүгдээрээ энэ эдийн засгийнхаа төлөвлөгөөндөө хамт оролцоод явах нь чухал. Түүнээс улбаалан бүтээн байгуулалт эмх замбараатай солино. Тэгснээр хэн юу хийхээ мэддэг болох юм.

Яах аргагүй төр, бизнес хоёр бие биедээ нуруу нуруугаа харуулчихаад  хэцүү байна л даа. Тал тал ын оролцоотой шийдвэр гарч чадах уу?

Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийнхөн 10 тэрбумаас 20 тэрбумд яаж хурдан хүрэх вэ гэдэг дээр бүгд санал бодлоо уралдуулж байна.

-Төр нь иргэн, бизнесийн оролцоотой шийдвэр гаргадаг нөхцөлийг бий болгох нь 100 хоногийн гол үүрэг байх ёстой болов уу. Түүнээс юмыг шүүмжлээд суух амархан. Тийм ч хууль, татвар, энэ зүйл болохгүй хэцүү байна гээд байвал дараа жил ч гэсэн ингээд л сууж байна.

Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Боломжийг хүн  бүрт олгоод нээлттэй талбарыг бий болгож бүх хүмүүстэйгээ бэрхшээл, туршлагаа ярилцан нэг шийдвэр гаргавал сайн шийдвэр гарна^гэсэн үг. Өөрсдийнх нь эрх ашгийг хөндөж буй асуудал дээр хамгийн их эрх ашиг нь хөндөгдөж буй хүмүүс асуудлаа яриад шийддэг болбол зөв гарц болно.

-Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл 100 хоногийн хүрээнд ямар ажил хийх вэ?

-Эдийн засгийг эрчимжүүлэх  зөвлөлийнхөн 10 тэрбумаас 20 тэрбумд яаж хурдан хүрэх вэ гэдэг дээр бүгд санал бодлоо уралдуулж байна. Өсөлтийг дэмждэг системтэй болох нь чухал. Түүн дээрээ анхаарч ажиллана. Монголын эдийн засаг гэдэг том зургаа хэн ч харсан ойлгомжтой болгох ёстой. Хүн бүр л өөр өөрийн зургаа хараад явж байсныг шинэчлэх хэрэг гарч байна. Иргэд, бизнес эрхлэгчид бол татвар төлөгчид.

Тиймээс татварыг эдийн засгийн өсөлтийг дэмжсэн болгож өөрчлөхөд зөвхөн татвар хураадаг нэг нь биш, татвар төлдөг хоёртойгоо суугаад шийдвэл эрүүл үйл явц, зөв шийдвэр гарна. Одоогийн тогтолцоо 10 тэрбумын эдийн засагт таарахгүй байгаа юм. Бид 10-20,30 тэрбум руу дэвшсэн эдийн засагтай болъё гэвэл түүнийг дэмжсэн тогтолцоотой болох хэрэгтэй. Монголчууд дэлхийн зах зээлийн нэг хэсэг болчихоод сайн дурын уран сайханч шиг жижиг концерт тоглож болохгүй.

-Өнөөдөр бид юу хийж чадаж байна. Юуг чадахгүй байна?

-Манай эдийн засгийн загвар нь уул уурхай, хөдөө аж ахуйд түшиглэсэн хэвээр байгаа. Тиймээс бид байгаагаараа байгаа. Монголын эдийн засгийг тойроод Хятад, Орос, Япон, Солонгос, мөн Энэтхэгийн зах зээл гээд тоогоор хэлбэл гурван тэрбум гаруй хүнтэй том зах зээл бий. Бид нэг талаасаа далайд гарцгүй ч нөгөө талдаа асар уудам, байгалийн гамшгаас хол газар нутагтай.

Гурван сая хүн амтай жижигхэн, 11 орчим тэрбум ам.долларын эдийн засаг. 45 сая толгой малтай, газар доороо асар их уул уурхайн анхан шатны нөөцтэй. Дээр нь нар, салхи усны эрчим хүчний нөөцтэй улс. Хүн амын ихэнх хувь нь эдийн засгийн идэвхтэй насан дээрээ яваа. Нөгөө талаасаа Монголын эдийн засаг хэдхэн жилийн өмнө нэг тэрбум байсан бол одоо арав дахин томорчихсон.

-Тэгвэл эдийн засгийн бүтэц буруу байгаа гэж ойлгож болох уу?

-Буруу ч биш л дээ. Манай эдийн засгийн байгаа нь л энэ. Яагаад ийм бүтэцтэй байна гэхээр дэлхийн зах зээл, борлуулдаг өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүн нь уул уурхайн бүтээгдэхүүн. Энэ нь үнэ цэнэтэй бараа хэдий ч биднээс шалтгаалахгүй зэс, нүүрсний олон улсын үнэ хэлбэлздэг. Үнийн хэлбэлзэл нь эрэлттэй шууд холбоотой. Хэрэглэгчдийн эдийн засаг тэлж байна уу, үгүй юу гэдгээс шалтгаалдаг. Түүнээс Монголд хүмүүс үнийг зохицуулах контролдох боломжгүй. Бид харин зардлаа буюу, хэрхэн илүү хямдаар, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдээ хүргэхээ шийдэж чадна. Энэ бол өрсөлдөх чадварын нэг хэсэг. Өнөөдөр манай хамтарч ажилладаг Австралид ч Улаанбаатартай адил хөрөнгийн хомсдол бий болж бизнес удааширч байна гэж гомдоллож байгаа. Бид дэлхийн эдийн засгийн адилхан нэг талууд юм.

-Ухаалаг төр эдийн засагт хэр чухал үүрэгтэй вэ?

-Бид өмнөх туршлагаасаа хараад алдаагаа давтах ёсгүй. Өмнө нь бид яарвал даарахын алдаануудыг гаргаж байлаа. Олон мэргэжлийн хүн сайн төлөвлөөд гаргах ёстой шийдвэрээ, заримдаа тооцоололгүй хурдан хийх гээд байдгаас болж алдах гээд байдаг. Бизнес бол тэгдэггүй. Аливаа бизнесмэн хүн үргэлж ирээдүйгээ тооцоолдог. Хамгийн гол нь 10 төгрөгийг яаж 20 төгрөг болгох вэ гэдгээ үргэлж бодож явдаг. Засгийн газар үүн дээрээ алдаад байх шиг санагддаг.

Урт хугацаанд төлөвлөөд хийх ёстой ажлаа хэтэрхий яарч хийх гэснээс болж, богино хугацаанд хийчих ажлаа хугацаа алдан сунжруулдаг. Байраа сольсон энэ үзэгдлийг нэг талбар дээр хардаг болох хэрэгтэй. 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ гэж байхаар 100 жилд нь яаж өрсөлдөх чадвартай байлгах вэ гэдэг бодлогын шийдвэрийг өнөөдөр бид гаргах ёстой. Энэ хүрээнд олон ажил хийгдэж байгаа. 100 хоногийн дараа зарим бизнес ашигтай ажиллаж байхад зарим нь бага ашигтай ажилласан хэвээрээ л байна.

Өнөөдрийн 10 тэрбумын хэмжээтэй эдийн засаг бол хоромхон зуур өөрчлөгддөг зүйл биш. 100 хоногийнхоо хугацаанд сайн төлөвлөлтөө гаргаад явбал жинхэнэ утгаараа ухаалаг эдийн засаг, төр рүү явж байгаагийн нэг илрэл болно. Олон улсын стандартын дагуу хөгжлийнхөө төлөвлөлт, санхүүжилт, бүтээн байгуулалтыг хийх асуудал нэн тэргүүнд тулгарч байна.

-100 хоногийн дараа эдийн засаг яах бол?

-100 хоногийн дараа наадам сайхан болоод дуусчихсан. намрын ид ажил эхлэх гэж байгаа тэр дүр зураг угтах болно. Хамгийн гол асуудал нь өнөөдөр төр засаг гээд хэдэн нөхдүүд, бизнесийнхэн гээд хэдэн хүн, бусад иргэд гээд монгол хүн гурав хуваагдчихаад байгаагаа нэгтгээд, хамтарсан өөрчлөлтүүд эхэлнэ. Манай ардчилсан тогтолцоонд бидний сонгосон Засгийн газар нь эдийн засгийнхаа холбогдолтой шийдвэрүүдийг гаргадаг. Тэр үйл явцад нь иргэн болон бизнесийн субьект нь оролцдоггүй хаалттай систем байгааг өөрчлөх гэж оролдож байна. Таны амьдралд шаардлагатай шийдвэрийг танаас асуулгүй өөр хүн гаргаад байвал ямар вэ. Энэ буруу арга барилаас болж өнөөдөр үл ойлголцол үүсээд байна.

-Эдийн засгийн хүндрэлд хэт их улс  төржилт нөлөөлөөд байна уу гэж харагдах боллоо?

-Ардчилсан улсад нам, сонгууль, Засгийн газар нь байнга өөрчлөгддөг. АНУ-д, Японд ч гэсэн өдөр бүр улс төржиж л байдаг. Тэглээ гээд тэр хүнд би амьдралаа даатгаж болохгүй. Миний амьдрал, бизнес надаас шалтгаална. Ардчилал, улс төржилт гэдэг нь бидний сонгосон зам. Бид 24 жил ардчилсан замаар замнаж, түүндээ итгэдэг, ойлгодог боллоо. Хөрөнгө оруулахаар ирсэн хүмүүст би хамгийн түрүүн манай эдийн засаг ийм, манай нийгэм ардчилсан тогтолцоотой, дөрвөн жилд сонгууль болдог болохоор Засгийн газрын бодлогод өөрчлөлт гарна.

Сүүлд нь битгий ингэчихлээ, тэгчихлээ гэж хэлээрэй. Одооноос хамтдаа түүнийгээ анхаараад явъя гэж хэлдэг. Тэр нь ч амар байдаг юм. Ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн давуу тал надад их байгаа. Тэр давуу тал нь дөрвөн жилийн дээшээ доошоо савладаг савлагаанаас илүү байдаг тул энэ нийгэмд сэтгэл хангалуун байдаг. Хамгийн гол нь хүнд өөрийнхөө амьдралыг битгий хариуцуул гэдэг зарчим надад үйлчилдэг.

-Сүүлийн үед бизнесийн салбарынхан ам.долларын ханшийн савлагаанаас болж ихээхэн хохирол амсч байна. Цаашдаа ам.долларын ханшийг яах ёстой вэ. Монголбанк валютын ханшийг өсгөөд байна гэсэн мессэж тарах боллоо?

-Гурав, дөрөвдүгээр сард ам.долларын ханш өсдөг. 2011, 2012, 2013 онд ч гэсэн бид валютын ханш  өсч байна яах вэ гэж байсан. Манай эдийн засгийн загвар ийм байгаа тул орлого олдог өөр эх үүсвэртэй болохгүй бол энэ давтагдаад л байх юм. Өөрийн бизнес дээр ярихад валютын ханшийн савлагаанаас болж миний амьдрал муудаагүй. Бизнес хийж байгаа хүн энэ бүхнийг эртнээс тооцоолох ёстой. Тооцоолохгүйгээр юм хийж байгаад хад мөргөчихвөл дахин тэр алдаагаа гаргахгүй байх хэрэгтэй.

Өнөөдөр ямар эдийн засаг байгаа вэ гэдгээ хүн бүр мэдэж байх учиртай. Өнөөдөр ам.долларын ханш өсч байгааг судлаад үзэхээр олон шалтгаан харагдана. Орж ирэх валютын урсгал багассанаас болж байна гээд бид оношоо тогтоочихлоо. Үүн дээрээ ажиллаж байна. Эдийн засгийн загвар өөрчлөгдөхгүй бол 2015. 2016. 2017 онд ийм л байх болно. Нүүрсний үнийг хянаж чадахгүй болохоор түүнд таарсан менежментийг хийх шаардлага бидний өмнө тулгараад байна. Бид олон жил ингэж зовохгүйн тулд эдийн засгаа томруулах шаардлагатай. Бизнес, хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой байвал таатай харагдана. Өнөөдөр Монголд хөрөнгө оруулах орчин хумигдаад байна гээд байгаа ч энэ нь түр зуурынх юм.

-Бондыг та  юу гэж хардаг вэ. Зарим нь зөв зүйл нөгөө хэсэг нь өрийн бичиг гэж харж байна?

-Бонд гэдэг чинь нэг талаасаа уг нь сайн зүйл. Хөгжлийн санхүүжилт, төлөвлөгөөтэй зарцуулалт байх хэрэгтэй. Хамгийн энгийнээр хэлэхэд Чингэс бонд өдөрт нэг цагийг надад бэлэглэж байна. Биднийг илүү бүтээмжтэй бай гээд “Гудамж" төслөөр Улаанбаатарын бэрх замын уулзваруудын бөглөөсийг тайлж эхэлсэн. Ингэснээр түгжрэлээс өглөө 30 минут, орой 30 минут хождог болсон. Иргэн Бямбасайхан нэг цагийг өөр бүтээмжтэй зүйлд зарцуулж байна. Ухаалаг хөгжлийн санхүүжилтийг бид авч хэрэглэж сурах хэрэгтэй. Өмнө нь би Азийн хөгжлийн банкинд ажилладаг байлаа.

Бонд гэдэг чинь нэг талаасаа уг нь сайн зүйл.

Тус банкны гол зорилго гишүүн орнуудынхаа хөгжлийг хангахад  зориулж санхүүжилт хийдэг. Гудамж, төмөр зам, нисэх онгоц гэх мэт зүйлст санхүүжилтээ төвлөрүүлж зээл өгдөг юм. Итгээд өгсөн зээлийг нь зөв зарцуулж дэд бүтцээ барьж чадвал эргээд эдийн засагтаа эерэг үзүүлэлтүүдийг авч ирдэг. Энэ мэтчилэн хүн бүрт нэг цагийг бэлэглээд байвал тэр нь асар их баялаг болж чадна. Хөгжлийн санхүүжилт ихэнхдээ зээлийн хэлбэрээр явдаг.

Ирээдүйгээсээ энэ мөнгийг авч хэрэглэж байгаа ч ирээдүйдээ орлого нь ихэсч, зээлээ төлдөг болох зарчим. Зээл авдаг хүн хариуцлагатай болдог. Өнөөдрийн нийгэмд их бага хэмжээнээс хамаараад бүх л хүн зээлтэй байна. 10 төгрөгөө 20 төгрөг болгож чадна гэдгээ мэддэг хүн зээл авдаг. Тэр зээлийг авахгүй бол 20 төгрөг хэзээ ч бий болохгүй. Хэрэгцээтэй зүйлсээ өнөөдөр бүтээн байгуулах хэрэгтэй. Бид асар их хариуцлагатай цаг мөчид амьдарч байна.

-Өнөөдөр манай эдийн засаг хүндэрсэн үү эсвэл хямарсан уу?

Монголын эдийн засаг өнөөдөр өсөх гээд дуншиж буй шатандаа явж байна. Өгөгдөхүүн нь ямар байгаа билээ, нөхцөл байдал нь ямар байгаа билээ. Эдийн засгийн загвар, системтэйгээ холбоотой асуудал.

-Монголын эдийн засгийн эерэг нөлөөллүүд хэзээнээс харагдаж эхлэх вэ. Уул уурхайд гэрэл гэгээтэй зүйлс харагдах юм уу?

-Одоо ч гэсэн эдийн засагт эерэг нөлөөллүүд явагдаж байгаа. Гудамжинд гараад хар. Сонин унш. Ажил хайсан хүмүүс, ажлын байрны зар зөндөө байна. Тийм болохоор хэт нэг талаас хандаж болохгүй байх. Манай компани гэхэд сүүлийн хоёр сарын дотор ажиллах хүчээ 30 хувиар нэмэгдүүлсэн. Энэ чинь хийх ажил байгаа болохоор хүн нэмж авч байгаа хэрэг. Хэрэв хийх ажил, мөнгө байхгүй байсан бол би хүн авч ажиллуулахгүй шүү дээ. Өнөөдөр эдийн засагт болж байгаа зүйлсийг сайн ойлгож харах ёстой. Амьдрал дуусдаггүй шиг эдийн засаг хэзээ ч зогсдоггүй. Эдийн засаг хэзээ ч өнөөдрөөс муудна гэж байхгүй. Учир нь өдөр бүр эдийн засаг тэлж байгаа юм. Бид шороон замаар явж байгаад засмал замтай болсноор тэр замаа сайжруулж, урт, өргөн болгоно уу гэхээс шороон замаараа дахин явахыг бодохгүй.

-Бондыг  та хэрэгтэй зүйл гэсэн. Монгол орны зээлжих зэрэглэл буураад В- түвшинд хүрсэн гэж байна. Үүн дээр ямар бодолтой байгаа вэ?

-Хамгийн дээд түвшин нь ААА байдаг. Монгол Улс эдийн засаг томорч ААА зэрэглэл рүү явна. Энэ нь хамгийн найдвартай эдийн засаг. Үүнд хөрөнгө оруулах, зээл өгөхөд эргэлзэх шаардлагагүй. Бидэнтэй холбоотой асар их зүйл байна. Энгийнээр хэлэхэд хариуцлагагүй байгаагийн нэг илрэл. Үүнийг засч залруулах нь бидэнтэй холбоотой. Олон өгөгдөхүүнээс хамаарч энэ зэрэглэлийг гаргадаг. Хамгийн гол нь Монголд итгэх итгэл асар  их суларсан. Энэ бол сүүлийн хэдэн жил болсон үйл явцуудтай холбоотой. Одоо миний хүсч байгаа зүйл В- түвшнээс яаж дээшээ явуулах вэ гэдэг дээс анхаарч байна. Монгол хүн өөрсдөө л үүнд анхаарахгүй  бол гадныхан зээлжих түвшинг нэмэгдүүлэхгүй. Өөрсдөө  хичээх хэрэгтэй. Үүнд тодорхой цаг хугацаанаас гадна дэлхийн зах зээлээс хамаарах юм.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ганцхан Монгол гэлтгүй олон оронд нэмэгдэж байна гэдэг нь үнэн үү?

-Бид 25 жилийн өмнө өөрсдийн сонголтоо хийсэн. Үнэ зах зээлийн зарчмаар л явдаг. Талхны үнийг нэг дарга тогтоолгүйгээр талх үйлдвэрлэгч зах зээлээ харж байгаад үнэ тогтоодог зарчим руу орсон. Ямар тогтолцоо руу орсон гэдгээ хамгийн гол нь бодох хэрэгтэй. Нэг дарга асуудлыг шийддэг байсан бол олон асуудал шийдэгдэх байсан биз. Өнөөдөр бидэнд иргэн, бизнес, засаг хамтраад шинэчлэлт хийх л зам байна.