Я.Содбаатар: Ардчилсан намынхан уучлалт гуйвал бид засагт орж болох юм
УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг "Ярилцах танхим ’’-даа уръж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэхээр өргөн бариад байгаа. Энэ нь эдийн засагт яаж үр өгөөжөө өгөх вэ?
-Улс орны нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар татарсан. Валютын ханш 30 хувиар нэмэгдсэн. Валютын ханшийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци өссөн. Үүнээс үүдэн иргэдийн худалдан авах чадвар муудсан. Бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 22 аж ахуй нэгж хаалгаа барьсан гэх мэт дандаа хар гэж хэлж болох үйл явдал болж өнгөрлөө. Харин одоо эдийн засгийн хямралыг хэрхэн давж гарах вэ. Ер нь эдийн засгийг эрчимжүүлж 2012 оны сонгуулийн өмнөх хэмжээнд хэрхэн хүргэх вэ гэдэг асуудлаар хаврын чуулган эхэлснээс хойш ярилцаж байгаа.
Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөл оруулж ирж 100 хоногийн дотор Засгийн газрын төвшинд хэрэгжүүлж, УИХ дээр хэлэлцэн батлах ёстой арга хэмжээгээ өнгөрсөн хуралдаанаар баталсан. Энэ тогтоолын төслийн хэрэгжилтийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн. Манай бүлгийн зүгээс ашигт малтмалын салбарын эрх зүйн орчныг тогтвортой, тодорхой болгох талаар ямар нэгэн алхам хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ч сүүлийн жилүүдэд ашигт малтмалын салбарт бий болоод байгаа ойлгомжгүй, эргэлзээтэй зүйлүүдийг тодорхой болгохоор ажиллаж байна. Гэтэл УИХ-аас хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа энэ удаагийн хуулийн төсөл нь нийгмийн болон хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нийцэхгүй байна. Тиймээс ч Ардын намын бүлгийн зүгээс хуулийн төслийн зөрүүтэй байгаа хэд, хэдэн зүйл заалт дээр байр сууриа илэрхийлсэн.
-Яг ямар зүйл заалтууд нь нийгмийн хүлээлтэд нийцэхгүй гэж?
-Өргөн барьсан хуулийн төслийг аваад үзэхээр дөрөв таван чухал зүйлийг хөндөж тавьсан. Нэгдүгээрт, 2009 оноос хойш зогсоогоод байгаа хайгуулын лицензийг эргэж олгох асуудлыг нээлттэй болгох талаар тусгасан байгаа юм. Гэвч нээлттэй болгох гэдэг сайхан нэрийн цаана хайгуулын лицензийг авахад төрийн олон шат дамжлага буюу хүнд сурталыг бий болгох заалтуудыг оруулсан байна. 2009 онд бидний зогсоосон тэр эрх зүйн орчныг эргээд сэргээх нь зүйтэй. Гэтэл одоо оруулж ирж байгаа шинэ хуулийн төслөөр бол хайгуулын лиценз авахын тулд эхлээд Засгийн газар, яам, агентлагаас хайгуул хийх газрыг нь зарлах ёстой.
Эдийн засгийг эрчимжүүлж 2012 оны сонгуулийн өмнөх хэмжээнд хэрхэн хүргэх вэ гэдэг асуудлаар хаврын чуулган эхэлснээс хойш ярилцаж байгаа.
Иргэн очоод авъя гэхээр дөрвөн төрлийн хайгуулын лицензийг олгодог. Гэхдээ алийг нь ямар үед авах ёстой гэдэг нь тодорхой бус. Жишээлбэл, улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн талбайг дуудлага худалдаагаар олгох уу, сонгон шалгаруулалтаар олгох уу эсвэл тэдний шинэ томъёолол болох төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр олгох уу гэдэг нь ойлгомжгүй. Яам, агентлаг болон төрийн захиргааны байгууллагууд шийдэхээр оруулж ирсэн. Хөрөнгө оруулагч нарт энэ нөхцөл байдал тодорхойгүй, яаж ч эргэж магадгүй хоёрдмол утгатай болж байгаа юм л даа. Энэ ойлгомжгүй заалтууд сүүлдээ төрийн хүнд суртлыг бий болгодог. Мөн хайгуулын лиценз эзэмшигч нарт нэлээд олон эрх үүрэг заагаад өгч байна.
-Ямар?
Тухайлбал, хайгуулын лиценз эзэмшсэн бол гурван жилийн хугацаанд бүхлээр нь зарж, худалдаж болохгүй. Мөн хайгуулын лиценз эзэмшигч нь эхний гурван жилийн төгсгөлд арван хувийг нь, зургаан жилийн төгсгөлд 20 хувийг нь заавал улсад буцаан тушаана гэх мэт. Түүнчлэн хайгуул хийж дуусчихаад ашиглалтын лиценз авахын өмнөх гэрээний хугацааг хассан гэх мэтчилэн олон шат дамжлагатай. Зарим үед өмчлөх эрх рүү нь халдсан хэт төрийн захиргааны байгууллагын оролцоотой хуулийг батлах гэж байгаа нь эргээд хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдыг татах гэж байгаа бодлоготой зөрчилдөж байгаа юм.
Хоёрдугаарт, стратегийн ач холбогдол орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээтэй холбоотой заалтуудыг өөрчилсөн байна. Ингэж өөрчлөлт оруулахдаа өмнөх хуулиа улам муутгаж, ойлгомжгүй заалтуудыг оруулж ирсэн. Одоогийн хуулиар бол тухайн орд газар дээр байгуулагдсан хуулийн этгээд нь 34, 51 хувийн хувьцааг эзэмшдэг. Гэтэл шинээр оруулж ирсэн хуулиар тухайн орд, газрын эдийн засгийн үр өгөөж, ашгийн төвшинг харгалзаад 34 хүртэл, 51 хүртэл байхаар зааж өгсөн. Энэ нь өөрөө нэг ёсны томоохон орд газруудыг төрийн зохицуулалттайгаар ашиглана гэсэн өмнөх хууль, тогтоомжоосоо ухарсан хэрэг болж байна.
Мөн нөгөө талаас эрх баригч хүчин болох Ардчилсан нам, Шударга ёс эвслийн бүлгийнхэн улс төрийн мөрийн хөтөлбөр дэх томоохон стратегийн ач холбогдол бүхий орд газруудын төрийн эзэмшлийн хувийг 51-ээс дээш болгож, түүний эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэх амлалтаасаа буцаж байгаа хэрэг. Хэрвээ үнэхээр хөрөнгө оруулагч нарын зүгээс тавьсан шаардлагын үүднээс амлалтаасаа буцаж байгаа бол бид сонгуулийн амлалтаасаа буцаж байна гэж ард түмнээсээ эхний ээлжинд уучлалт гуйх ёстой.
Тэгэхгүйгээр улс төрийн нам, хүчин амлалт өгч ард түмний саналыг авч гарч ирсэн бой амлалтаа биелүүлэхийн төлөө нийгэм, эдийн засаг, эрх зүйн бүхийл боломжийг ашиглах ёстой. Гэтэл сонгуулийн үеэр урдаа барьж гарч ирсэн амлалтаасаа буцаж байгаа бол бид тухайн үед буруу тооцоолсон байна гэж тайлбараа хэлээд сонгогчдоосоо уучлалт гуйх ёстой гэж бид харж байгаа.
Гуравдугаарт, төрийн захиргааны оролцоо их болсон байна. Тухайлбал, геологийн албатай болно гэж зааж өгсөн байна. Мөн хайгуулын лиценз олгох асуудлаар нэлээд хэдэн алба нэмсэн. Мөн уулын уурхайг нээх, хаах болгонд төрийн захиргааны байгууллагад мэдэгддэг болохтой холбогдуулан нэмж зургаан журам оруулж ирсэн байх жишээний. Үүнийг дагууд төрийн захиргааны хүнд суртал ихэсчихвий гэсэн сэрэмжлэл бидэнд байна.
Дөрөвдүгээрт, хуулийн торгуулийн хэмжээг огцом нэмэгдүүлсэн ч хэрэгжилтийг нь хэрхэн яаж хангах талаар тодорхой заалт оруулаагүй. Үүний нэг тод жишээ нь гэвэл уг хуульд зааснаар Монгол Улсад геологи, хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж, ахуй нэгжүүд ханган нийлүүлэгчээрээ тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийг сонгох гэж заасан байгаа юм. Гэвч тухайн компани үндэсний үйлдвэрлэгчийг ханган нийлүүлэгчээр сонгохгүй бол яах вэ гэх мэт хариуцлагын тогтолцоо нь тодорхойгүй заалтууд орж ирсэн.
-Эрх баригчдын зүгээс өрийн босгыг дээд тал нь 60 хувь болгоё гэж байсан. Гэвч өнөөдөр 70 хувь болгоод Засгийн газраас 20 хувьд нь батлан даалт гаргаад нийтдээ 90 болгох санал гаргаж байна. Ингээд 90 хувь болгочихвол хэр эрсдэлтэй вэ?
-2014 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр Мөнгөний бодлогыг баримтлах хүрээнд Засгийн газрын зүгээс өрийнхөө дээд хэмжээг ДНБ-ий 60 хувь болгоё гэсэн санал гаргасан. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол дээд тал нь 40 байх ёстой. Энэ нь гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэх ёстой гээд дэлгэрэнгүй заачихсан. Гэтэл Засгийн газрын зүгээс төсөв оруулж ирэхдээ 60 болгож оруулж ирсэн. Үүнийг нь УИХ өрийн таазын хэмжээ 40 хувиараа байх ёстой үүнийг 60 болгож нэмэгдүүлж болохгүй гээд хүлээж аваагүй. Улс орныхоо байгалийн баялаг, нэр төрийг барьцаалж авсан мөнгөний эхний зарцуулалт нь одоог хүртэл тодорхойгүй байна. Тиймээс 'өрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал дээр яаран 60 хувь болгож болохгүй гэж мэдэгдсэн.
Ардын намын бүлгээс гаргаж байгаа санал санаачилга, шүүмжлэлийг зөв талаас нь тусгаж байх хэрэгтэй.
Гэтэл одоо энэ оны дундуур оруулж ирж байгаа хуулийн төсөлдөө босгоо 70 хувь болгоё, дээр нь Засгийн газраас дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэх баталгаа гаргаж өгье гээд нийт дүнгээрээ одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд 90 хувь болгоё гэсэн санал оруулж ирсэн. Энэ нь өөрөө эдийн засагт маш их хүндрэл үүсгэж байгаа юм. Монгол Улс өөрөө өөрийгөө аваад явах боломж нь хаагдах нөхцөл рүү түлхэж байна. Өрийн хэмжээг нэмэгдүүлж хийх гэж байгаа ажлуудаа хөрөнгө оруулалтын зарчмаар хийж болно гэж бид харж байгаа. Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, капитал хуримтлуулах шаардлага байна уу гэвэл байна. Гэхдээ түүнийг гаднаас их хэмжээний өндөр хүүтэй зээл авалгүйгээр хөрөнгө оруулалтыг дэмжиж, өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэх гарц байна.
Нөгөө талдаа Н.Алтанхуягийн Засгийн газрын өмнө 12 Засгийн газар ажиллаж байсан. Тэр бүгд нийлээд 2.1 тэрбум төгрөгийн өр тавьсан. Гэтэл энэ Засгийн газар гарч ирээд хоёрхон жил болохдоо хамаагүй их өр тавьсан байна. Тодруулбал хоёрхон жилийн дотор 22 жилийнхээс их өр тавьсан. Одоо нийт бий болоод байгаа 5.6 тэрбум төгрөгийн гадаад өрийг 2017 оны долоодугаар сараас эхлэн төлөөд эхлэх гэж байгаа. Энэ нь жилдээ төсвөөс нэг их наядыг өрөндөө төлнө гэсэн үг юм. Тэгэхээр дараа дараагийн төсөв мөнгөө авч явахад хүндрэл үүснэ л дээ. Бондын мөнгийг зөв зүйлд нь зарцуулж, эргээд үр ашгаа хурдан өгөх зүйлд зарцуулах хэрэгтэй.
Гэтэл өнөөдөр үнэхээр эдийн засагт үр өгөөжөө өгөх зүйлд зарцуулж байна уу, улс төрийн амлалтаа биелүүлэх зүйлд зарцуулж байна уу гэдгээ эргэн харах хэрэгтэй. Анх “Чингис” бондыг авахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөс гаргасан зааврын дагуу ажиллаж байна уу, зөрчиж ажиллаж байна уу гэдгийг ч хянах цаг нь болсон. Тиймээс гадаад өр болон бондын зарцуулалттай холбогдуулан ажлын хэсэг байгуулах талаар санал оруулсан.
-Бондын зөвлөлд багтах хүмүүс нь эрх ашгийн зөрчилтэй учраас бондын мөнгийг үр ашгаа өгөхгүй зүйлд зарцуулж байна гэх шүүмжлэл сүүлийн үед гараад байгаа. Энэ зөвлөлд УИХ-аас ямар нэгэн хяналт тавьдаг уу?
-Бондын зөвлөлийг Засгийн газрын төвшинд байгуулсан. Хэрвээ энэ байгууллага үнэхээр сайн ажилладаг байсан бол өнөөдөр бондын мөнгөний зарцуулалт, үлдэгдэл гэх мэт холбогдох бүх мэдээлэл ард иргэдэд ил тод байх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар иргэдэд битГий хэл УИХ- ын гишүүдэд хүртэл хаалттай байна. Ямартай ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Бондын зөвлөлийг татан буулгах талаар зөвлөмж гаргасан. Тэгэхээр энэ зөвлөмжийн хүрээнд асуудлыг шийдэх байх.
Энэ зөвлөлийг татан буулгахад УИХ-аар хэлэлцэх үү?
-УИХ-аар хэлэлцэхгүй. Хаана ийм хууль бус байгууллага байгуулсан тэр газар нь л татан буулгах байх.
-УИХ-ын гишүүн С.Баярцогт чуулганы хуралдаанаар Засгийн газарт Ардын намынханд суудал өгч асуудлыг хамтран шийдье гэх зүйл ярьсан. Ардын намынхан засагт орох уу?
-Уг нь ард түмний зүгээс 2012 оны сонгуульд ялалт байгуулдаг нам, эвслийг хамтарч ажилла гээд хэнИйг нь ч олонх болгоогүй. Гэтэл Ардчилсан нам хамгийн олон суудал авсан гэдгээрээ Шударга ёс эвсэлтэй нэгдэж Засгийн газрыг байгуулсан. Гэвч маш олон эдийн засгийн үзүүлэлтийг унагаж, эдийн засгийг хямралд оруулсан хойноо Засгийн газарт ор хамтарч ажиллая бид хийж чадахгүй байна гэж байгаа мэт хандлага гаргаж болохгүй. Тийм учраас бид нар сөрөг хүчний зүгээс алдаа оноог нь засаад, хэлээд, шүүмжлээд явна.
-Энэ саналыг хүлээж авах боломжгүй гэсэн үг үү?
-Аль болох үндэсний язгуур эрх ашиг, парламент ёсны хүрээн хандаж байгаа. Тиймээс Ардын намын бүлгээс гаргаж байгаа санал санаачилга, шүүмжлэлийг зөв талаас нь тусгаж байх хэрэгтэй. Одоогоос яг нэг жилийн өмнөөс эхлээд бид эдийн засаг хүндрэх гээд байна. Та нарын явуулж байгаа мөнгөний бодлого чинь алдаатай байна. Энэ алдаатай бодлого чинь айл болгоны амьдралд нөлөөлчих гээд байна гэж анхааруулсан. Гэвч эрх баригчид амьдрал сайхан байна. Бүх зүйл болж байна гэсээр байгаад Засгийн газраа авч үлдсэн. Гэхдээ Ардчилсан намынхан бид засаглаж чаддаггүй юм байна. Бид улс орны нөхцөл байдлын төвшинг та нарынхаас алдагдуулчихлаа. Үнэхээр нийгэм, эдийн засгийн алдаатай бодлого явуулчихлаа. Бид сонгуульд ялах гэж, засгийн эрхийг авах гэж ардчиллын харилцаанаас зөрсөн алдаатай амлалт гаргасан байна гэж уучлалт гуйх юм бол бид Засагт газарт орж болох байх.