Д.Ганбат: Алдааг нь засч өгөхгүй бол сайн засаг ч дотроосоо ялзардаг
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-УИХ эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг баталснаар хугацаа явж эхэлсэн. Энэ тогтоолын төслийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлууд 100 хоногийн дотор эдийн засагт эерэг үр дүн үзүүлэх боломж хэр байгаа бол?
-Эдийн засаг хүндрэлтэй байхад зүгээр хараад сууж байлтай нь биш. Ямар нэгэн эмчилгээ хийх шаардлагатай. Энэ үүднээс баталсан Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөл нэлээд учир дутагдалтай болсон гэж би хувьдаа үзэж байгаа. Зарим арга хэмжээ нь зөв зүйтэй ч эдгээрийг хэрэгжүүлснээр бидний хүсч байгаа тэр хэмжээнд хүрч чадахгүй гэж бодож байгаа.
-Энэ тогтоолын төсөлд бодит тооцоо, төсөөлөл бага байгаа нь бодит үр дүн хүлээх боломжгүйг илтгэж байна гэж шүүмжлэлтэй хандах хэсэг ч байна?
-Тийм нарийн тооцоолол гаргаад ирэх хүн манай улсад байтугай энэ дэлхий дээр цөөхөн биз дээ. Мэдээж хэрэг энэ тогтоолын төсөлд олон талын ажил багтсан. Дэлхий хавтгай болсон гэж ярьж байгаа энэ үед манай улсын эдийн засаг дотоодод байгаа бид бүхнээс гадна гадны орнуудын эдийн засгаас хамаарна. Нөгөө талаар энэ тогтоолд багтах ёстой гол заалтууд нь багтаагүй. Тухайлбал, банк болон авлигын талаар юу ч орсонгүй. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт багасч байна, үүнийг сайжруулж буцааж татахын тулд ямар өөрчлөлт хэрэгтэй вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй.
Дээрээс нь манай улсад үнэхээр шударга шүүх байна уу үгүй юү. Гурван шатны шүүх нь гурван өөр шийдвэр гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. Маш олон хүний олон янзын санал гомдлыг эцсийн шатанд шүүх л шийддэг. Ийм чухал ажил хийж байгаа хүмүүс өөрийнхөө ахуй амьдралд санаа зовохгүй ажиллаж чадахгүй байна. Тэр шүүгчдийн цалин бага байгаа. Ийм нөхцөлд шүүгчдээр асуудлаа шийдүүлэхэд хэр итгэл үнэмшилтэй байхав. Тухайлбал, сая төсвийн тодотголд ШЕЗ-өөс баталсан шүүгч нарын цалинг багасгая гээд оруулаад ирж байх жишээтэй. Ингэж болохгүй.
-Төсвийн тодотголыг энэ цаг үед ид ярьж байна. Бүх л байнгын хороогоор хэлэлцэж байна. Гэтэл ингэж төсвөө дахин дахин ярих, тодотгол хийж хөдөлгөөн оруулах нь буруу гэдэг зүйлийг ч зарим хүн хэлэх юм?
-Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөлд тав хоногийн дотор төсөвт тодотгол хийнэ гээд заачихсан. Үүнийхээ хүрээнд л төсвийг оруулж ирээд байна л даа. Нэгэнт УИХ тогтооолоо баталсан болохоор ярихаас яахав.
-Тэгвэл эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд эхлээд юу хийх ёстой юм бэ?
Эдийн засаг хүндрэлтэй байхад зүгээр хараад сууж байлтай нь биш
Социализмын үед “Дарга нарын орон” гэж шүүмжилдэг байлаа. Учир нь гурван хүний нэг нь дарга байсан. Гэтэл одоо бол төрийн албан хаагчдын орон болчихжээ. Бүтэц нь хэтэрхий данхайсан байна. Тиймээс яамд болон төрийн албан хаагчдынхаа тоог 50 хувиар цомхотгох хэрэгтэй. Ингээд 20 хувийнхаа урсгал зардлыг танаад үлдсэн хүмүүсийнхээ цалинг өсгөөд өгчих хэрэгтэй. Үүний дараа л ажил явах учиртай юм. Гэтэл шаардлагагүй олон хүнийг орон тоо бөглүүлээд байлгаад байх хэрэггүй. Хувийн хэвшилд нь шилжүүлж болно шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн 80-90 хувийг хувийн хэвшил аваад явдаг болчихож. Гэтэл төрийн албаны орон тоо 10 жилийн өмнө байснаасаа даруй арав дахин ихэсчихсэн байна гэж байна. Төсвийн зардал, төрийн албан хаагчдын тоо энэ хэрээр өсчихөж.
-“Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөл 100 хоногийн дотор үр дүнгээ өгөхгүй бол Засгийн газрыг бүтцийг өөрчилнө” гэсэн утгатай зүйлийг танай бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн. Энэ үг хувь хүнийх байв уу. Эсвэл бүлгийн хуралдаан дээр энэ талаар ярьсан юм уу?
-Бүлгийн хурал дээр хүн бүр л өөрийн байр сууриа илэрхийлдэг. Д.Эрдэнэбат даргын хэлсэн шиг бүтцийн өөрчлөлт гэсэн зүйл яриагүй, тийм шийдвэр ч гараагүй.
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” рүү бид ер нь хэр дөтөлж явна вэ?
-“Ухаалаг төр” рүү явна гээд байгаа атлаа тэнэг төр болчихоод байна шүү дээ. Тухайлбал, яамдынхаа тоог дан болгох хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн орон тооны цомхотголыг ч хийх хэрэгтэй. Өнөөдөр миний барьж байгаа гар утас л гэхэд үйлдэл нь маш олон болоод хэмжээ нь жижгэрчихсан байна. Үүнийг Ерөнхийлөгч хүртэл ярьж л байсан. Гэтэл өнөөх төр засаг маань яаж данхайж байна. Бидний ажлын байрыг төрийн албан хаагчдын тоогоор гаргах ёстой юм уу. Эсвэл хувийн хэвшил ажлын байраа гаргаж ажиллах ёстой юу гэдгийг нэг мөр болгож, углуургаар нь шийдвэр гаргаж байх хэрэгтэй байна. Гэхдээ Засгийн газар дэд бүтэц болон төмөр замыг шийдэх талаар зөв зүйтэй ажил хийж байна.
Нөгөө талаар гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд банкны систем нь байна уу. Тэр казиног нь байгуулаад өг, аялал жуулчлалыг хэрхэн яаж явуулахаа тодорхой болгох ёстой. Энэ мэтчилэнгийн зүйлүүдийг яаралтай оруулаад ирэх хэрэгтэй. Визний зөвшөөрөлтэй, 100 мянган ам.доллартай, гэмт хэрэгт холбогдоогүй хүнд виз өгчих хэрэгтэй. Ирээд аялаж жуулчлаад, буудалд буугаад, худалдаа хийгээд, казиногоо тоглоод манай улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг байг л дээ.
Цаашлаад татваргүй томоохон дэлгүүрүүд нээгдэх хэрэгтэй байна. Учир нь манайх бол дөрвөн улиралтай орон. 6-7 сард нь жуулчид ирдэггүй, гадны иргэдээс мөнгө босгох боломж гардаггүй. Гэтэл тэр хугацаанд хүмүүс урдаас л худалдаа хийж байна. Баян Хятад олон болсон байна. Тэр хүмүүс нь манайд ирээд мөрийтэй тоглоод, зохих хэмжээгээр манай улсад хөрөнгө оруулалт хийх боломжийг нь олгож өгөх хэрэгтэй.
-Гэхдээ казино байгуулах саналыг олон нийт эвэртэй туулай харсан юм шиг цочирдож хүлээж аваад байгаа шүү дээ?
-Дэлхийн 200-гаад орноос 150-160-д нь казино байна. Гадагшаа явдаг хүмүүс бүгд л очоод үзчихсэн байгаа. Манай улс хүний эрхийг хорьдоггүй, эрх чөлөөтэй орон гэдгээрэ Азидаа үлгэр жишээ болж байгаа юм чинь яагаад казинотой байж болохгүй гэж. Дэлхийн хүмүүс тоглоод стрессээ тайлаад явж байхад бид тэгж дөлөөд байх шаардлагагүй байх. Гэхдээ мэдээж бүх зүйлийг хуулийн хүрээнд зохицуулах хэрэгтэй.
Монгол хүнийг оруулдаггүй байж болно, хэрвээ орж тогловол тухай хүний гэр бүлийнхний зөвшөөрөл байгаа бол оруулах, үгүй бол оруулахгүй байна гэм мэтчилэн тодорхой хязгаарыг тогтоогоод байлгаж болно гэж үздэг. Тэр бүү хэл, манай төрийн албан хаагчид төрийн мөнгөөр дандаа л гадагшаа гарч, казино тоглож байна. Хэд хэдэн удаа тийм үйлдэл гаргаад баригдлаа шүү дээ. Гэхдээ мэдэгдэж саатуулагдаж байгаа нь энэ болохоос баригдахгүй хэд ч байгаа юм бид мэдэхгүй шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг нөгөө луйварчид чинь гадаадын казинод аваачаад тушаачихаж байна.
-Таны дээр дурдсанчлан төрийн албаны бүтэц данхайсан тогтолцоог цэгцлэх эхний алхам нь Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “Давхар дээл”-ийн тухай хуулийн төсөл байлаа. Гэтэл энэ хуулийг унагачихсан?
-Засаглал хуваах зарчмаараа энэ хуулийг зөв гэдгийг би хэлж, дэмжиж байсан. Гэхдээ өнөөдөр эдийн засаг ийм хүнд байдалтай болчихлоо. Дээрээс нь дахиад улс төрийн тогтворгүй байдал бий болчихвол өшөө хүндэрнэ. Валютын ханш илүү нэмэгдээд явна. Тийм учраас би сонгогчдынхоо эрх ашгийн үүднээс эсрэг санал өгсөн. Энэ засгийн газрын бүрэн эрхээс хоёр жил нь өнгөрчихлөө. 2016 онд тэртээ тэргүй ард түмэн дүн тавина. Түүнээс өмнө “Давхар дээл”-ээр бужигнуулаад яахав гэж бодсон.
Энэ хооронд ард түмний амьдралыг улам доройтуулж, улс төрийн тогтворгүй байдал бий болгож, улс орныг хүндрүүлэхгүйн тулд ингэж шийдсэн гэж ойлгож болно. Нэгэнт бид замынхаа дунд орсон хойноо унаагаа солих хэрэггүй. Шинэ хүмүүс орж ирж, ажилтайгаа танилцах гэсээр байтал маш их хугацаа алдана гэж үзэж байгаа. Тиймээс одоогийн энэ төр, засгаа ухаалаг болгосон нь дээр гэж үзэж байгаа юм. Ухаалаг гэдэг нь дээр хэлсэнчлэн яамдын болон төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэхээс эхлэх юм. Хуучин есөн яамтай явж болоод байдаг байсан, тэр тогтолцоо руугаа оръё. Ингэснээр Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёрын хамаарал арай жаахан багасна.
-Гэхдээ анхнаасаа төрийн бүтцийг данхайлгасан нь эрх баригчид, тэр дундаа танай намынхан шүү дээ. Тухайн үед ингэж данхар бүтцээр ажиллах гэж байхад нь хэлж болоогүй юм уу. Одоо бол оройтсон шүүмжлэл юм бишүү гэх гээд байна л даа?
-Энэ их явдалтай асуудал. АН олонхи болж чадаагүй. Тиймээс олонхи болохын тулд ИЗНН, МАХН-ыг ч оруулж байж Засгийн газраа байгуулж, олонхи болсон. Тийм учраас бүтцийн талаар шүүмжлэхэд хэцүү л дээ. Гэтэл ийм хүнд үед эдийн засгийн хүндрэл залгачихлаа. Сүүлийн хорин жилийн турш нэг нам дангаараа засгийн эрх барилаа. Яахав дунд нь нэг удаа АН эрх барих гэж явсан байх. Тэр үед бол туршлага ч үгүй байсан. Үнэхээр тоглуулсаар байгаад таарсан шүү дээ. Харин энэ олон жилийн дараа Засгийн эрх авч байгаа учраас өргөс авсан юм шиг бүхнийг дээрдүүлж, сайжруулж чадахгүй. Сайнтай, муутай энэ Засгийн газар ажиллаж л байна. Ажил хийж байгаа хойно алдаа, онооны аль аль нь бий. Бид нар алдааг нь засаад цаашаа явах ёстой л гэж бодож байна. Гэхдээ мэдээж бүх зовлонг Монголын ард түмэнд үүрүүлж болохгүй. Аль болохоор ард түмнийхэээ амьдралыг өөд нь татаж, бэрхшээлгүй байлгахыг хичээх ёстой.
-Энэ цаг үед танай намын хоёр ч сайдын асуудал яригдаж байна. Өнөөдөр /өчигдөр/ҮХАА-н сайд Х.Баттулгыг явуулж байх шиг байна. Бас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хэрхэхийг өнөөдөр шийднэ. Хоёр сайдыг явуулах эсэхэд таны байр суурь ямар байгаа вэ?
Дэлхийн 200-гаад орноос 150-160-д нь казино байна.
-Миний байр суурийг санал хураалтын үеэр УИХ дээр тодорхой харуулж таарна. Х.Баттулга сайд бол зорьсон бодсон зүйл ихтэй хүн. Өөрөө ч үүнийгээ байнгын хороо болон чуулганы хуралдаанаар ярих байх. Гэхдээ Х.Баттулга сайдыг явуулах эсэхэд нам хуралдаж, шийдвэрээ гаргаагүй байна. Нөгөө талаар Х.Баттулга сайд өргөдлөө өгсөн. Уг нь энэ хүн их зүйлийг санаачилж, хийдэг туршлагатай. Монгол Улсад анхны олимпийн аваргыг төрүүлж өгсөн, бид хоёр нийлээд шинэ сумын төлөө ч явж байна. Хөдөө орон нутаг руугаа харж, цөхрөлтгүй сайн ажилладаг, байх л ёстой хүний нэг.
-Х.Баттулга сайдыг бол салбараа удирдаад явах бүрэн чадвартай. Хамгийн гол нь “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслийг унагасантай холбоотойгоор өргөдлөө өгчихлөө?
-Хүн өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч байгаад, түүнийхээ хойноос ингээд явж байгааг нь би зөв гэж бодож байгаа. Гэхдээ заавал тийм, ийм байх ёстой гэсэн зүйл манай намд байдаггүй юм.
-Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэхийг өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдаанаар хэлэлцсэн. Зарим хүн хуралдааны зарчмыг шүүмжлээд байсан л даа?
-Хүмүүс хэрхэн, яаж хүлээж авсныг би мэдэхгүй, энэ талаар тайлбар хийх ч шаардлагагүй. Миний хувьд бол Х.Тэмүүжин сайд алдаа дутагдал гаргасан уу гэвэл тийм. О.Баасанхүүгийн өргөн барьсан тогтоолд ч бий, хаалттай хуралдаанаар ч ярьсан. Гэхдээ залуу хүн алдаа дутагдлаа засах байх. Хэлж яриад ойлгож байгаа байх. Өнгөрсөн хугацаанд их сургамж авсан байх гэж бодож байна. Эцсийн шийдийг чуулган дээр гаргана.
Нөгөө талаар манай бүлгийн нэг сайдын асуудлыг заавал өөр бүлгийн хүний өргөн барьснаар үнэхээр ноцтой, гэмт хэрэг хийгээд газар дээрээ баригдаагүй л бол арай өөрөөр ярих ёстой гэж бодож байгаа. Х.Тэмүүжин сайд өөрөө өргөдөл гомдлоо гаргаад шалгуулах эсвэл өөрөө огцордог байх ёстой. Эсвэл манай намын бүлэг дотроо яриад шийдвэрээ гаргаад энэ хүнээ сайдаас нь болиулаад өөр газар ажиллуулах маягаар явах ёстой болохоос гаднаас шидсэн чулуу болгоныг шүүрч аваад буруу зөрүү яваад байх шаардлагагүй. Ер нь манай бүлэг сүүлийн үед муу ажиллаж байгаа.
-Та Засгийн газрын өнөөгийн үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?
-Засгийн газар юм хийх гэж алдаж онож л байна. Харин үүнээс илүүг хийх ёстой юу гэвэл тийм. Сүүлийн үеийн юм хийх гэж оролдож байгаа хамгийн боломжийн Засгийн газар нь гэж дүгнэнэ. Харин Монголчуудын амьдралаар, өнөөгийн дүр зургаар дүгнэвэл хангалттай байж чадахгүй байна.
-С.Баярцогт гишүүний өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан дээр “Ардын намыг засагт урья” гэсэн үг араасаа олон таамаг дагууллаа. Магадгүй түүний хэлсэн үгийн цаанаа эрх баригчдын санаа цухалзаж байж ч болох юм гэсэн хардлага байна?
-Энэ үг хэний байр суурь гэдгийг мэдэхгүй байна. Зарим гишүүн хэн нэгнийхээ гар хөлийн үзүүрт тоглоом болоод байгаа эсэхийг ч хэлж мэдэхгүй юм. Олон сонгогдсон гишүүдэд тийм зүйл байдаггүй л байлгүй. Ер нь бол Ардын намыг засагт урих асуудал байхгүй. Зурагдсан пянз шиг юм ярьдгаа болих хэрэгтэй. Бид нар яваагүй биш явчихсан зам. Ямар байдгийг мэднэ. С.Баярцогт гишүүн ингэж ярьснаараа ардчилал гэдэг зүйлийг байхгүй болгох гээд байна л даа. Сөрөг хүчингүй байх ёстой гээд байх шиг байна. Угтаа алдааг нь засч өгөхгүй бол сайн Засаг ч гэсэн дотроосоо ялзардаг.
Хэлж ярих хүнгүй бол сайн хүн ч муу болчихдог. Хүн хэлж, цаас чичихээс наашгүй гэдэг шиг сөрөг хүчин нь эрх барьдагтайгаа байсан цагт Засаг төрийн ажил явна. Нөгөө талаар “Ухаалаг төр”-ийг байгуулах цаг нь болсон. Тиймээс үндэсний эв нэгдлийн Засгийн газар биш, ухаалаг Засгийн газар байгуулах ёстой. Одоо энэ тэнэг Засгийн газрыг болиод тэнэг УИХ болж харагдахгүйн тулд УИХ ухаалаг ажиллаж, ухаалаг Засгийн газрыг цөөхөн орон тоотойгоор цөөхөн яамтайгаар байгуулаад ажиллах цаг болсон. Удахгүй энэ ажил эхлэх байх гэж найдаж байна.