Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ
Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ
2014.05.09

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай  УИХ-ын тогтоолын төсөл”-ийг 70,2 хувийн саналаар баталсан. Энэхүү тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Х.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоол  нийтдээ 26 заалтаас бүрдэж байгаа бөгөөд  18 заалт нь санхүү эдийн засгийн хүндрэлээс гарах тухай бол үлдсэн найман заалтад төрийн өмчийн удирдлага, менежментийн  тогтолцоог өөрчлөх талаар тусгасан байна. Эдийн засгийн идэвжлийг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд Төсвийн тодотгол хийж урсгал зардлыг 20 хувиар бууруулна хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Х.Гарамгайбаатар хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Мөн тэрээр хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг дангаараа эзэлдэг Ашигт малтмалын тухайн хууль батлагдвал хайгуулын үйл ажиллагаа сэргэж, жилд олдог 300-400 сая төгрөгийн орлого  1 тэрбум төгрөгт хүрнэ гэлээ. Түүнчлэн хүчингүй, маргаантай 300 гаруй лицензийн асуудлыг хөндсөн юм. Ингэснээр орлогын гол  эх үүсвэр болсон нүүрсний экспорт 30 сая тоннд хүргэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа ажээ.

Нүүрсний экспорт 30 сая тоннд хүргэх боломжтой.

Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулснаар 1 их наяд төгрөг хэмнэгдэнэ гэдгийг  Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал онцолсон. Түүнчлэн эдийн засгийг идэвхжүүлэх богино, дунд, урт хугацааны бодлого боловсруулж энэ ажлын үр дүнд валютын урсгал сайжирна  гэж тооцоолж байгааг дуулгав.  Мөн өрийн удирдлагын тухай хуультай болох ,олон салаа төсвийг халж зөвхөн нэг л төсөвтэй байх нь зүйтэй. Үүнээс гадна жижиг аж ахуй нэгжүүдийг татварын хөнгөлөлтөөр дэмжиж ажиллана. Ингэхдээ аж ахуйн  нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олголт хийнэ гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт хэлэхдээ, аж ахуй нэгжүүдийн улирал тутамд гаргадаг тайланг жилд нэг удаа гаргадаг байхаар болсон. Энэ нь татварын орчинг сайжруулахаас гадна эрчим хүчний үнийг чөлөөлж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэлээ. Нийслэл хотод нийт айл өрхийн 64 хувь нь 150 кв/цаг доторх хэрэглээтэй бөгөөд энэ хэмжээнээс дээш хэрэглээтэй аж ахуйн нэгж, төрийн болоод бизнесийн байгууллагуудын цахилгааны төлбөрийг хөнгөлөх юм байна. Мөн аж ахуй нэгж, байгууллагад  давхардсан   хяналт, шалгалтыг олноор хийдэг нь авилга бий болгох, ёс зүйн зохисгүй байдлыг нэмэгдүүлж байна гэж үзээд тэдгээр шалгалтын тоог  цөөрүүлэхээр болсон байна.