УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2014.05.08

Ө.Энхтүвшин: Хамгийн түрүүнд хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй

 “УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин оролцлоо.

 -          Сүүлийн үед эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж байна. Тэгэхээр байнгын хороогоор болон өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар орлоо. Энд таны байр суурь ямар байна вэ?

Эдийн засгийг эрчимжүүлэх асуудал гэж Засгийн газар оруулж ирсэн байна лээ. Уг нь эдийн засгийг эрчимжүүлэх гэхээсээ илүү айсуй эдийн засгийн хямралыг тэндээс яаж хамгаалахав, эдийн засгийн хүндрэлийг яаж даван туулахав гэсэн чиглэлээр байвал зүгээр гэж бодсон. Гэхдээ энэ асуудлыг оруулж ирж байгаа нь сайн. Өнөөдөр эдийн засаг, нийгмийн асуудлаас өөр чухал зүйл байхгүй байна. Яагаад гэвэл хоногийн хоолтой байх уу, үгүй гэдэг дээрээ тулж байна шүү дээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх гэхээсээ илүү айсуй эдийн засгийн хямралыг тэндээс яаж хамгаалахав, эдийн засгийн хүндрэлийг яаж даван туулахав гэсэн чиглэлээр байвал зүгээр.

Тэгэхээр ҮСХ-ны даргын их хурал дээр хэлж байгаа нэг тоо байна. Өнөөдөр Монгол улсыг тэжээдэг хувийн хэвшил 22 мянган аж ахуй нэгж хаалгаа барилаа гэсэн. Тэгэхээр хамгийн аюултай дохио энд байгаа юм. Монголыг хэн тэжээх вэ?хэн авч явах вэ? Өчигдрийн байдлаар  валютын ханш 1790-лүү орж төлбөрийн тэнцлийн алдагдал ихтэй болчихлоо. Энэ хямрал нь эдийн засгийн хямрал болж хувирах нь гэж Монгол банкны Ерөнхийлөгч анхааруулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид улам бүр дайжиж,  гадагшаа валютын урсгал улам их  чиглэсэн, дотогшоо орж ирдэг урсгал алга байна. Одоогийн байдлаар төсвийн орлого 30 хувиар тасарчихлаа. Зарлага, санхүүжилт бүр өндөр болж байна.

Цалин, тэтгэврийг нэмэх тухай асуудал байхгүй боллоо. Үндэсний аж ахуй нэгжүүд нэгэнт ийм байдалд орж байгаа учраас импорт их хэмжээгээр багасч байна. Импорт багассан учраас гаднаас авч чадах бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг аж ахуй нэгжүүд байхгүй болж байна л даа. Тэгэхээр импорт, экспортын зөрүү багасчихлаа. Энэ бол их аятайхан юм боллоо гээд Ерөнхий сайд маань яриад сууж байна. Гэтэл энэ эрүүл биш.

 Харин бүр их аюултай байдал руу орж байна.  Нэг ёсондоо үйлдвэрлэл зогсч байна гэсэн үг юм. Ийм байдалд байгаа учраас өнөөдөр эдийн засгийн асуудлаа ярихаас өөр чухал асуудал гэж байхгүй. МАН-ын бүлэг энэ асуупдаар хэд хэдэн удаа хуралдсан. Өөрийнхөө байр суурийг ч илэрхийлсэн байгаа. Миний байр суурь гэдэг МАН-ын байр суурь гэсэн үг. 

-          Уг нь саяхныг хүртэл бид нар их л өөдрөг төсөөлөлтэй явсан. Оюутолгой, Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулчихвал, дээр нь эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байна гээд ярьж байсан. Гэтэл гэнэт ийм байдалд орчихлоо. Одоо бидэнд ямар арга зам, гарц байна вэ? Нэг хэсэг эдийн засаг гайгүй байхад бид сум суурин бүрт 2, 3 шинэ объект барина гээд барилга байгууламжийн суурь тавиад орхичихсон байдаг. Өнөөдөр үргэлжлүүлэх үү , үгүй юу гэдгээ шийдэж чадахаа болилоо. Бидэнд ямар гарц байх ёстой юм?

 Хамгийн хүндрэлтэй нь бид парламент дээрээ эдийн засаг хүндэрсэн үү, үгүй юу гэж маргаж суусаар байгаад хоёр жилийг алдчихлаа. Тэртэй тэргүй хүндэрч, мэдэгдээд байхад л эдийн засаг хүндрээгүй ээ гэж өнөөдрийг хүрлээ. Энэ засгийн газар  хүндэрч байгаа юм байна гэдгийг ойлгоход л хоёр жил боллоо. Засгийн газрын сэтгэлгээний хурд ийм байна гэсэн үг.

Бид парламент дээрээ эдийн засаг хүндэрсэн үү, үгүй юу гэж маргаж суусаар байгаад хоёр жилийг алдчихлаа.

Одоо ингээд ойлгож байгаа юм чинь цаашлаад бүрэн ойлгоно, юу хийх вэ гэдгээ төлөвлөнө, тэгээд ажиллана гэсээр байтал дараагийн сонгууль руу тулах нь шиг байна л даа. Энд хамгийн гол нь цаг их алдчихлаа. Одоо цаашлаад юу хийх вэ гэдэг дээр улс төрийн нам, хүчнүүд бүгд сууж байгаад ажлаа төлөвлөж Засгийн газартайгаа, их хуралтайгаа, хувийн хэвшлээ ч оролцуулж хамтран  төлөвлөөд юу хийхээ шийдэх хэрэгтэй.  Миний бодож байгаагаар хамгийн түрүүнд хэмнэлтийн горим руугаа орох хэрэгтэй. 

Сая би Испани, Франц зэрэг Европын орнуудаар яваад ирсэн. Энэ орнууд яаж ажиллаж байна гэдгийг сонирхсон. Испани бол их хүнд байсан шүү дээ. Хоёр, гурван жилийн өмнө Европын холбоог их хүнд байдалд оруулж байсан улс. Сая нэмэхтэй гараад ирж байна. Тэр улсын хийсэн юм нь ерөөсөө л хэмнэлтийн горим руу л шилжүүлсэн байгаа юм. Тэвчиж болох зардлаа тэвчих хэрэгтэй болж, тансаг хэрэглээнээс татгалзах хэрэгтэй болж байна. Ялангуяа хоол хүнс зэрэг нэн тэргүүний хэрэгцээтэй зүйл рүүгээ  санхүү, хөрөнгөө төвлөрүүлэх хэрэгтэй

 Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...