Амиа хорлохыг минь зөвшөөрөөч
“Эвтанази” гэдгийг грек хэлнээс орчуулвал “сайн үхэл” гэсэн утгатай. Орчин үед уг нэр томъёо нь үл эдгэрэх өвчин тусч, тэсэхийн аргагүй өвдөж, шаналж буй хүний амийг таслах гэсэн утгыг илэрхийлдэг.
Эвтаназийг “идэвхгүй” (эмчилгээг зогсоох), “идэвхтэй” (хурдан түргэн, зовлонгүй үхлийг авчрах тусгай эм хэрэглэх болон бусад үйлдлүүд) гэж ангилдаг. Идэвхтэй эвтаназид эмчийн тусламжтай амиа хорлохыг хамааруулна.
Мөн сайн дурын болон хөндлөнгийн гэсэн ангилал бий. Сайн дурын эвтаназийг өвчтөний зөвшөөрлөөр үйлддэг. Харин хөндлөнгийн эвтаназийг өвчтөн сэргэх, ухаан орох найдваргүй болсон үед эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй үйлддэг.
“Эвтанази” гэсэн нэр томъёог анх удаа Фрэнсис Бэкон 16 дугаар зуунд “хөнгөн үхэл” гэсэн утгаар хэрэглэжээ. Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл тус практик Европт өргөн хэрэглэгдэж байсан ч нацистуудын олноор хядах ажлын улмаас хүмүүс энэ санаанаас татгалзав. Эвтаназиар нас нөгчсөн хүмүүс нэлээдгүй. Тухайлбал алдарт сэтгэл зүйч, сэтгэцийн задлан шинжилгээг үндэслэсэн Зигмунд Фрейд амны хөндий дэх хорт хавдраар өвчилж 31 удаа хагалгаанд ороод амжилтгүй болсны эцэст эмч Шурагийн тусламжтай Лондон дахь гэртээ 1939 онд амьсгал хураажээ. Тэр үед иймэрхүү хагалгаанд наркоз хэрэглэдэггүй байсныг бодоход тэр ямар их өвдөлтийг мэдэрч байсныг төсөөлөхөд бэрх.
Орчин үеийн Европт эвтанази буюу эмчийн тусламжтай амиа хорлох асуудал багагүй маргаан дагуулдаг. Европын улс орон болгон асуудлыг өөрийнхөөрөө шийддэг.
Энэ франц эмэгтэй түүнийг амиа хорлохыг зөвшөөрөхийг гуйж байна.
Голландад 2002 оноос эвтаназийг хуулиар зөвшөөрчээ. Хуулийн дагуу уг ажлыг өвчтөн өөрөө эмчийн хяналтын дор хийх ёстой. Гэхдээ анагаахын аргаар амиа хорлохыг ятгах нь эрүүгийн хариуцлагатай. Харин 2003 онд эмч нарыг оролцоог зөвшөөрсөн нэмэлтийг хуулинд оруулав. 2012 онд Голландын Засгийн газар эдгэрэх найдваргүй өвчтөнүүдэд тарчлалгүй амьсгал хураахын тулд гэртээ эмчийн тусламж авах зөвшөөрлийг өгчээ. Ингэснээр эвтаназийн тоо 3695-аас 4188 болж өсөв. Энэ нь нийт нас баралтын хоёр орчим хувьтай тэнцэх юм.
Түүнчлэн 2002 оноос эвтаназийг хуульчилсан Бельги улсад ухамсарлагдсан, сайн дурын үхлийн үеийн тусламж байх ёстой гэж үздэг. Ингэхдээ тухайн өвчтөн байнгын, тэсвэрлэшгүй, эдгэшгүй, өвдөлтийг намжаах боломжгүй өвчнөөр өвдсөн гэдэгт эмч нар баталгаа өгөх ёстой.
Зигмунд Фрейд
Өнгөрсөн оны 12 дугаар сард Бельгийн Сенат эвтаназийг насанд хүрээгүй хүмүүст зөвшөөрсөн нэмэлтийг оруулав. Үүний тулд хүүхдийн өөрийнх нь хүсэлт, өвчний оношоос гадна эцэг, эхийн бичгээр өгсөн зөвшөөрөл, хүүхэд зөв шийдвэр гаргасан гэдгийг нотлох сэтгэл зүйчийн дүгнэлт хэрэгтэй.
Эвтаназийг хуулиар зөвшөөрсөн Европын гурав дахь орон бол Люксембург. Тэндхийн эвтаназийн дүрэм бусдынхтай адил бөгөөд өвчний хөдөлшгүй онош байх ёстой. Гэхдээ энэ улсад эвтаназийн хүсэлт харьцангуй бага, 2011 онд таван хүн, 2012 онд есөн хүн евтаназиар хорвоогоос хальжээ.
Түүнчлэн эвтаназийг Япон, Колумби, АНУ-ын зарим мужид зөвшөөрсөн. Харин Щвейцарын хувьд байдал өөр. Тус оронд хуулиар хориглосон ч бусдын тусламжтай амиа хорлохыг зөвшөөрдөг. Уг ажлыг эмч төдийгүй ойр дотныхон, хөндлөнгийн хүн хийж болно. Цорын ганц шаардлага нь тусалж буй хүн ямар нэг байдлаар өвчтөнийг үхүүлэх сонирхолгүй байх. Тиймээс Щвейцарт амиа хорлогчдод тусладаг хоёр сайн дурын бүлгэм бий. “Exit” (буцах, гарах) бүлэмийнхэн зөвхөн тус улсын иргэдэд үйлчлүүлдэг, харин “Dignitas” (нэр төр) бүлгэм Щвейцарт амьсгал хураахаар шийдсэн гадныханд үйлчилдэг.
Европын бусад оронд эмчилгээг зогсоох буюу “идэвхгүй” эвтаназийг зөвшөөрсөн байдаг. Идэвхтэй эвтаназийг эрүүгийн хэрэгт тооцсон хэвээр. Их Британид амиа хорлоход тусалсан хүнийг 14 жил хорьдог, Италид аль ч төрлийн эвтаназийг аллагад тооцож 15 жилийн ял өгдөг. Харин Грек, Румынд долоо хүртэлх жил эрч чөлөөг нь хасдаг.