Оньсого таавар болсон улс төрийн аллага
АНУ-ын ерөнхийлөгч асан Джон Фицдже́ральд «Джек» Ке́ннеди
2014.05.12

Оньсого таавар болсон улс төрийн аллага

1917 оны 5 сарын 29 өдөр АНУ- ын Массачусетс мужын Бруклин хотын нэр хүндтэй чинээлэг гэр бүлд шинэ хүн мэндэлжээ. Эцэг эх нь хүүдээ Жон гэдэг нэр хайрласан байна. Хүүгийн эцэг Жозеф Патрик Кеннеди маш олон салбарт хөрөнгө оруулсан чинээлэг хүн. Кеннеди эцэг эхийн хайраар дуталгүй өссөн бөгөөд дээрээ нэг ах, доороо долоон дүүтэй.

Жон Кеннеди 13 нас хүрээд Коннектикут мужын хувийн сургуульд сурч эхэлсэн боловч хүнд өвчин туссан тул эцэг эх нь хүүгээ сургуулиас нь арга буюу гаргажээ. Жон Кеннеди 1935 онд Пристоны их сургуульд элсэв. Гэвч өвчний улмаас дахиад л сургуулиа төгсөж чадсангүй. Жилийн дараа Харвардын их сургуульд орж 1940 онд төгсжээ. Жон Кеннеди Харвардын их сургуулийг төгсөхдөө Гитлерийн Германы зэвсгийг хураах үйл явдалд Их Британи улсын байр суурь гэдэг сэдвээр дипломын ажил бичиж хамгаалсан байна. Хожим дипломын ажлынхаа сэдвээр “Англичууд яагаад дайны үед унтсан бэ?” нэртэй ном бичсэн юм.

Залуу Кенниди

1941 оны хавар Жон Кеннеди цэргийн алба хаах хүсэлт гаргасан боловч эрүүл мэндээр тэнцэхгүй гэдэг шалтгаанаар түүнийг армид авсангүй. Гэсэн ч 1941 оны намар тэр өөрийн хүсэлтээр тэнгисийн цэрэгт алба хаахаар явжээ. 1943 онд Жон Кеннедиг Номхон Далайд байлдааны ажиллагаа болж байгаа бүс рүү илгээсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Жон Кеннедигийн ах Жо нас барав. Эцэг Жозеф Кеннеди нь том хүүгээ хэзээ нэгэн цагт ерөнхийлөгч болно гэдэгт итгэдэг байв.

Том хүүгээ нас барсаны дараа удаах хүү Жон Кеннедиг ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хэрэгтэй гэж ятгах болов. Харин Жон Кеннеди сэтгүүлч болно гэж мөрөөддөг байжээ. Жон Кеннеди сенатын гишүүн болсныхоо дараа “Том ах Жо маань дайнд нас барсан нь намайг улс төрд ороход нөлөөлсөн. Хэрэв маргааш ямар нэгэн золгүй юм тохиолдож би үхвэл миний оронд дүү Бобби маань улс төрд хөл тавих болно. Хэрэв Бобби хорвоогийн мөнх бусыг үзүүлэх юм бол түүнийг Тедди дүү маань орлох байх даа” гэж хэлж байв.

1953 оны есдүгээр сарын 12-ны өдөр Жон Кеннеди язгууртан гаралтай Жаклин Бувье гэдэг үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэв. Тэдний хуримын талаар Америк даяараа амнаас ам дамжин ярьж байв. 1960 оны нэгдүгээр сард Жон Кеннеди ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо албан ёсоор зарлав. Ингээд 1961 оны нэгдүгээр сард сонгуульд ялалт байгуулснаар Жон Кеннеди АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болж чадлаа. Түүний шийдмэг зан чанар, ухаалаг үг хэллэг олон хүнд таалагджээ. Жон Кеннеди ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авмагцаа маш олон зоримог шинэчлэлтийг АНУ-д эхлүүлэх гэж оролджээ. Харамсалтай нь түүний санал болгосон реформуудыг Конгрессийн гишүүд шүүмжилж хориг тавьжээ.

Түүний гэргий Джаклин Кенниди

Ерөнхий прокурорын албан тушаал хашдаг дүү Роберт Кеннедигийн дэмжлэгтэйгээр Алабама, Миссисипи мужын их дээд сургуулиудад арьсний өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаа үзэгдлийг зогсоов. Кеннедигийн гадаад бодлого нь өмнөх ерөнхийлөгч Эйзенхауэрийнхтай адил коммунист дэглэмийн заналхийлэл дээр үндэслэж байв. Латин Америкийг коммунист дэглэмээс хамгаалахын тулд Кеннеди “Дэвшлийн төлөө Холбоо” байгуулахыг санал болгов.

Хүйтэн дайны үеийн хамгийн хурц хямралын нэг нь Кеннедигийн үед болсон юм. АНУ-ын тагнуулын албаныхан Куба улсын нутаг дэвсгэр дээр Оросын цөмийн цэнэгтэй пуужингууд байгааг илрүүлжээ. Оросын цөмийн цэнэгт хошуутай пуужингууд АНУ-ын нутаг дэвсгэрт агаараас цохилт өгөх хүчин чадалтай байлаа. 1962 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Жон Кеннеди Тэнгисийн цэргийн нисэх хүчинд хандан Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошууг Кубын арал руу тээвэрлэхэд саад болох тушаал өгсөн байна. Түүнчлэн хэрэв Кубын нутаг дэвсгэрээс дэлхийн аль нэг орон руу агаарын цохилт өгөх юм бол АНУ Зөвлөлт Орос Улс руу довтолно гэж анхааруулав. Дэлхий дахинд цөмийн дайн дэгдээхийг хүсээгүй Хрущев Куба улсын нутаг дэвсгэрээс цөмийн цэнэгт пуужингуудаа эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Үүний дараа Америк Оросын харилцаа хямралт байдлаас гарсан бөгөөд 1963 онд тэд цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээнд гарын үсэг зурсан юм.

Тэрээр ойролцоох эмнэлэгт ч хүрч амжилгүй амьсгал хураасан юм.

1963 оны сүүлээр Жон Кеннеди Америкийн хэд хэдэн мужуудаар биечлэн явж, орон нутгийн засаг захигааны ажилтай танилцсан байна. 1963 оны 11 дүгээрс сарын 22-ны өдөр ерөнхийлөгч Жон Кеннеди, тэргүүн хатагтай Жаклин нар Даллас хотын төв гудамжаар задгай лимузин хөлөглөн явж байлаа. Энэ үед 12 цаг 30 минутад үл мэдэгдэх мэргэн бууч ерөнхийлөгч руу гал нээв. Ерөнхийлөгч Жон Кеннедиг хоёр удаа буудсаны нэг нь яг толгойд нь оножээ. Тэрээр ойролцоох эмнэлэгт ч хүрч амжилгүй амьсгал хураасан юм.

Цагаан Ордны ерөнхийлөгчдийн үзэсгэлэнгийн танхим дахь албан ёсны хөрөг

Холбооны гадаад тагнуулын алба, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой, тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан 24 настай Ли Харви Освальд гэдэг залууг ерөнхийлөгч Жон Кеннедигийн амь насанд халдсан гэж сэжиглэжээ. Ли Харви Освальд өөрийгөө ямар ч буруугүй гэж цагдаа нарт мэдэгдэж байсан бөгөөд 11 дүгээр сарын 24-ний өдөр Даллас хотын нэгэн шөнийн клубын эзэнд алагджээ.

Жон Кеннедиг нас бармагц дэд ерөнхийлөгч Линдслн Жонсон төрийн тэргүүн болсон байна. Жон Кеннедиг 1963 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Арлингтоны Үндэсний Оршуулгын газар нутаглуулжээ. Жон Кеннедигийн амь насыг хороосон гэмт хэрэг нь одоо болтол тайлагдаагүй нууц хэвээр үлдсэн 20-р зуунд болсон хамгийн аймшигтай улс төрийн аллагын нэг гэж түүхчид үздэг.