Есөн настай охидтой гэрлэхийг зөвшөөрсөн хуулийг Иракт хэлэлцэж байна
Фото: Saad Shalash / Reuters
2014.05.08

Есөн настай охидтой гэрлэхийг зөвшөөрсөн хуулийг Иракт хэлэлцэж байна

Америкийн цэргүүд гарч явснаас хойш Иракт анх удаа парламентын сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн албан ёсны дүнг энэ сарын сүүлээр зарлах хэдий ч одоогийн ерөнхий сайд, лалын шашны шийтийн урсгалыг баримтлагч Нури аль-Малики ялалт байгуулах нь тодорхой болоод байна. Түүний танхимын мөрийн хөтөлбөрт бага насны охидуудтай гэрлэхийг зөвшөөрсөн “Джафарийн хууль” гэгчийг батлах тухай заасан.

Энэ мэт лалын ертөнцийн чих дэлдийлгэм мэдээ үе үе дэлхийн хэвлэлүүдээр цацагддаг уламжлалтай болов. Хэдхэн жилийн өмнө Египтийн засгийн эрхийг лалынхан барьж байхад үхэгсэдтэй гэрлэхийг (necrophilia) зөвшөөрөх тухай яриа гарч дэлхий нийтийг шоконд оруулж байсан билээ. Дашрамд дурдахад тус улсад нөхөр эхнэрээ нас барсны дараа нэг хоногийн туршид бэлгийн харьцаанд орох эрхтэй байдаг. Үхэгсэдтэй гэрлэх тухай цуурхалыг тэр даруй няцаасан ч нэгэнт нисгэсэн “хэвлэлийн нугас” дэлхийг тойрч амжив.

Тагана охин (ногоон дээлтэй) зургаан настайдаа 25 настай Маджимтай гэрлэсэн байна. Харин Гхадад Таганагийн нэг ангид сурдаг байсан бөгөөд мөн л хар нялхаараа нөхөрт гарчээ.

Иймэрхүү цуурхлыг голдуу лалын шашныг үзэн ядах, лалын ертөнцийн соёл, уламжлалын талаар ямар ч төсөөлөлгүй хүмүүс тараадаг. Гэхдээ лалын орнуудад гаж гэмээр зарим санаачлага хуулийн заалт болж биеллээ олох тохиолдол бий.

Тэдгээрийн нэг нь Иракийн “Джафарийн хууль” юм. Нэг ёсондоо энэхүү эрх зүйн баримт бичиг гэр бүлийн хүчирхийллийг зөвшөөрч (нөхөр эхнэрээ хүсэхгүй байсан ч секс хийх эрхтэй), нөхрийн зөвшөөрөлгүй гэрээс гарахыг хориглож, салсан тохиолдолд хоёроос дээш настай хүүхдүүд эцэгтэйгээ үлдэх болно. Хуулийн заалтууд дундаас хамгийн хүмүүнлэг бус нь гэрлэх насыг өөрчилсөн явдал.

Одоогоор Иракт гэрлэх насны доод хязгаар нь 18 нас. Гэхдээ асран хамгаалагчдын зөвшөөрлөөр 15 насандаа гэрлэж болно. Уг дүрэм 1959 оноос үйлчилж эхэлсэн. Гэтэл “Джафарийн хууль”-д хөвгүүдийн гэрлэх насыг 15 хүртэл, харин охидын насыг ес хүртэл багасгана гэж заажээ. Тэр байтугай есөөс доош насны охидууд ч эцэг, эсвэл өвөөгийн зөвшөөрлөөр нөхөрт гарч болох нь.

Лалын шашинт эмэгтэйчүүд нөхрөөсөө өөр хүнд өөрийгөө харуулах эрхгүй.

Джафарийн хуулийг Засгийн Газар өнгөрсөн хоёрдугаар сард дэмжсэн юм. Харин одоо парламентаар батлах л үлдээд байна.

Сүүлийн үед уг хуулийн төсөл Иракт болон хилийн чанадад нэлээд шүүмжлэлд өртсөн. Тухайлбал хэлэлцэж эхлэхээс нь өмнө хүний эрхийн “Human rigths watch” (HRW) байгууллага эрс эсэргүүцэв байв. “Джафарийн хууль бол Иракийн хүүхэд, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан алхам болно. Иракийн Засгийн Газар бүх хүнийг эрх тэгш байлгана гэж мэдэгдэж буй ч уг хуулийг баталвал Ирак дахь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлнэ” гэж тус байгууллагын Ойрхи Дорнодыг хариуцсан хэлтсийн дарга Джо Сторк мэдэгдэв.

Харин хуулийн төсөл санаачлагчид шүүмжлэлийг огтхон ч хүлээж авсангүй. “Энэ хуульд дургүй хүмүүс олон. Гэхдээ тэдний чалчаа үг бидэнд хамаагүй. Учир нь тэд лалын дайснууд” гэж Иракийн Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Харин барууны хэвлэлүүдэд өгөх хариулт болгож Иракийн Ерөнхий сайдын зөвлөх Али аль-Муссави “Зарим хэвлэл Иракийг доройтож буй мэтээр дүрсэлдэг ч үнэндээ тийм биш. Барууныхан ижил хүйстнийг гэрлүүлдэг ч бид түүнийг нь хэзээ ч шүүмжилдэггүй. Тэгээд ч бидний мөн чанар, шашин шүтлэгт харш зүйл” гэж хэлжээ.

Элч Мухаммед болон түүний эхнэр Аиша

Үнэндээ бага насны охидтой гэрлүүлэх нь лалын ёсонд харшлахгүй. Элч Мухамедын эхнэр Айша нь зургаан настайдаа түүнтэй сүй тавьж, Джафарийн хуулийн дагуу есөн насандаа гэрлэж байжээ. Түүнчлэн гэрлэсэн даруйдаа бэлгийн харьцаанд орох тухай ч яриа байдаггүй.

Аишагийн гэрлэлтийг өнөөгийн лалын орны охидууд амьдралдаа үлгэр дууриалал болгох нь цөөнгүй. Ялангуяа Саудын Арабын бага насандаа гэрлэсэн охидуудыг онцолж болно. Тус орны хуульд зарчмын хувьд “гэрлэлтийн нас” гэсэн ойлголт байдаггүй. Эцэг, эхчүүд шашныхан юу хэлнэ түүнийг нь дагаж голдуу есөн наснаас хүүхдүүдээ гэрлүүлдэг. Тиймээс Саудын Арабын охидуудын 16 хувь насанд хүрэх үедээ хэдийнэ гэрлэсэн байдагт гайхах явдалгүй. 

Заримдаа Саудын Арабт тэгш бус гэрлэлт эмгэнэлт хошин жүжгийн шинжтэй болдог. Тухайлбал 90 настай эр 15 настай охинтой гэрлэсэн түүхийг дурьдаж болно. Охинтой гэрлэхийн тулд тэр эцэг, эхэд нь 65 мянган риал буюу 17 мянга орчим доллар төлжээ. Хуримын дараа шинэ хосууд өрөөгөө түгжээд хэд хоног цухуйсангүй. Эцэст нь хөгшин эрийн урам хугарч өөрийгөө хууртсан хэмээн охины эцэг, эхийг шүүхэд өгчээ.

Хамгийн хэцүү нөхцөл байдал Афганистанд бий болжээ. Тус улсад таван охин тутмын нэгийг 15 нас хүрэхээс нь өмнө нөхөрт гаргадаг. 2009 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хууль батлагдсан ч тэр болгон мөрддөггүй.

Харин энэ Аиша 12 насандаа нэгэн талибад зарагдаж эхнэр нь болов. Гэр бүлийн дарамтаас болж Аиша зугтсан боловч баригдаж төрсөн гэртээ хүргэгдэв. Гэрэл эцэг нь нөхөрт нь буцааж өгөв. Орон нутгийн шүүх Аишаг хамрыг нь огтлох ялаар шийтгэжээ. Нөхөр нь ахынх нь хамт ууланд аваачиж хамрыг нь огтолжээ. ГЭРЭ ЗУРГИЙГ "TIME" СЭТГҮҮЛЭЭС

Олон афган эцэг, эхчүүд бага насны охидоо зарж санхүүгийн боломжоо сайжруулж болно гэж үздэг ажээ. Жишээ болгож Джаузджан мужийн оршин суугч Рамаданы тохиолдлыг ярьж болох юм. Хар тамхинд орж, өрөнд баригдсан тэрээр долоон настай охиноо 35 настай эрд хоёр мянган доллараар өгсөн байна. Хөөрхий охин шинэ гэртээ багагүй зовлон амсч нөхөр, хадам эцгийн дарамтаас зугатаж төрсөн гэр лүүгээ хэд хэдэн удаа зугтжээ. Гэвч зугатах болгонд нөхөр нь буцааж авч байв. Хэрэв охины ээж хүний эрхийн байгууллагад хандаагүй түүний хувь заяа хэрхэн төгсөх байсныг төсөөлөхөд бэрх. Эцэст нь Рамадан, түүний хүргэн, мөн гэрлэлтийг баталсан мулла (лалын ёсонд багш, шашны зүтгэлтэн) гурвыг баривчлав.

Гэхдээ эрт гэрлэлт зөвхөн лалын орнуудад байдаг гэж бодож болохгүй. ЮНИСЕФ-ийн судалгаагаар эрт гэрлэлтийн 40 хувь нь Энэтхэгт байдаг. Гэхдээ эхнэр, нөхөр хоёрын насны зөрөө их биш бөгөөд 15-16 насандаа л хамтын амьдралаа эхэлдэг. Эцэг, эхчүүд бага байхад нь сүй тавьдаг. Ийм практик хуулиар хориотой ч хоёр жил шоронд суух, их хэмжээний мөнгөөр торгуулахаас олонхи эцэг, эхчүүд айдаггүй байна.

Эрт гэрлэлттэй холбоотой нэгэн эмгэнэлт явдал Йеменд болжээ. Найман настай охин 40 настай эрийн эхнэр болж очоод хуримын анхны шөнө сексийн үед хүнд гэмтэл авч нас барсан байна. Хүний эрхийн байгууллагуудын эгдүүцэл туйлдаа хүрч Европын Холбооны тэргүүн Кэтрин Эштон хүртэл дуугүй байж чадсангүй.

Иракийн тухай эргээд өгүүлэхэд “Джафарийн хууль”-ийг санаачлагчид энгийн амьдралд байдаг л зүйлийг хуульчилж байна гэж үзэж байна. 2011 онд охидын 25 хувь насанд хүрэхээсээ өмнө гэрлэжээ (1997 онд уг үзүүлэлт 15 хувьтай байв). Хэрэв хууль батлагдвал охидод өөрсдөд нь тустай. Учир нь эхнэр, нөхрийн харьцаа шашнаас гадна эрх зүйн баримт бичгээр бэхжинэ. Эрх зүйн баталгаа байгаа цагт эрхээ хамгаалахад хялбар гэж төсөл зохиогчид ярьж байна.

Гэхдээ Йемен охины эмгэнэлт түүхээс харахад заримдаа эрт гэрлэлт нь эрхээ хамгаалах эзэнгүй болох хүртэл үр дагаварт хүргэдэг ажээ.