Хүнийг эрэмдэглэх уламжлал буюу ихэс дээдсийн зугаа
Дундад зууны алиалагчид
2014.05.11

Хүнийг эрэмдэглэх уламжлал буюу ихэс дээдсийн зугаа

300-400–гаадхан жилийн өмнө эдүгээ хувь хүний эрх ашгийг хамгаас илүү дээдэлдэг гэгддэг Европын ёс суртахуунд хүний санаанд оромгүй гаж, харгис зан үйл, дадал хэвшлийг хэвийн зүйл гэж тооцдог байв. Шинжлэх ухаан хөгжиж хүн төрөлхтний оюун санаанд бэх бат байр суурь эзлэх болтол амьд хүнийг насан туршид нь тарчлааж ихэс, дээдсийн зугаа гаргадаг байлаа.

Одой болон ер бусын том биетэй хүмүүс, эрэмдэг зэрэмдэг хөгжлийн бэрхшээлтнүүд, түүнчлэн сахалтай эмэгтэйчүүд дундад зууны аль ч вант улсын ордонд байх ёстой “албатууд” байв. Нохойн адил хувь заяатай тэдгээр хүмүүсийн гол ажил нь ордны ихэс дээдсийг цэнгүүлэх.

Францын их зохиолч, хүний муу муухай чанарыг гарамгай дүрслэгч Ги Де Мопассан зарим жирэмсэн эхчүүд даашинзныхаа бүсийг хэргээр чанга бүсэлдэг тухай бичсэн байдаг. Учир нь тэд эрэмдэг хүүхэд төрүүлж дараа нь эрэмдэг жүжигчдээс бүрдсэн театрын эздэд зарах зорилготой байв. Хэргээр эрэмдэглэсэн хүүхдүүдийн эрэлт нийлүүлэлтээсээ давж эрэмдэг хүмүүс “бэлтгэх” ажил эрт дээр үеэс ашигтайд тооцогдож байв.

Түүхэн сурвалжуудаас харахад одой хүн “хийх” практик манай эринээс эхлэлтэй аж. “Инээд хүргэм” ийм хүмүүсийн эрэлтээс үүдэж “хоёр хөлт амьд тоглоом” үйлдвэрлэх бүхэл бүтэн үйлдвэрлэлийн тогтолцоо бий болжээ. Ромын эзэнт гүрэн доройтсон цаг үеүүдэд тусгай ажилтнууд улс орон даяар хайгуул хийж нялх хүүхдүүдийг худалдан авч, дараа нь мэргэжлийн өлсгөгч хүмүүст өгдөг байв. Тэр үеийн өлсгөх аргачлалын дагуу хүүхдийг багаас нь муу хоолоор тэжээсний үр дүнд тэдний яс гүйцэд төлжилгүй эрэмдэг, сульдаа хүн болдог байв.

Ордны алиалагч одой

Мөн хүүхдүүдэд их хэмжээний спирт уулгаж, өдөр болгон дарстай усанд оруулах замаар яс болон эд эсийг нь агшаадаг байжээ. Гэвч харгис туршилтад орсон хүүхдүүдийн олонхи нь амь үрэгддэг байсан нь мэдээж. Амьд үлдсэнийг нь баячууд, ихэс дээдсүүд худалдан авч нэг нэгэндээ түүгээрээ гайхуулдаг байв.

Хэдхэн зуун жилийн өмнө эрэмдэг хүн үйлдвэрлэх тал дээр Хятадуудын ур чадварыг гүйцэх үндэстэн алга байсан юм. Хятадад одой хүн авахын тулд эхлээд мэргэжлийн хүмүүст мэдэгдэж ямар хэлбэр, хэмжээтэй одой авахаа захиалдаг байлаа. Уг техник нь “амьдаар нь загварчлах” гэсэн нэртэй. Хоёроос гурван настай хүүхдийг янз бүрийн хэлбэр, хэмжээтэй шаазан болон шавар вааранд хийнэ. Дээд, доод талдаа онгорхой эдгээр вааранд хийсэн хүүхдийн зөвхөн толгой, хөлийн ул хоёр нь цухуйна. Өдөр ваарыг босоо байлгаж, шөнөөр хүүхдийг унтуулахын тулд хэвтүүлж тавина. Энэ маягаар олон жилийн турш хүүхдийн бие зөвхөн ваарны хоосон хэсгийг дүүргэн тэлж, яс нь сарий муруй болж төлждөг байна. Хүүхдийн бие шаардлагатай хэмжээнд хүрэх үед ваарыг хагалж захиалагч “бараагаа” хүлээж авах л үлдэнэ.

Түүнчлэн Хятадууд хүнийг амьтантай төстэй болгох ажилд мэргэшсэн мастерууд байжээ. 1880 онд энэрэнгүй үзэлт доктор Макгауэн нэгэн аймшигтай мэс ажилбарын гэрч болжээ. Түүний нүдэн дээр хүүхдүүдийн биед гахай, баавгайн арьс оёжээ. Хүүхдийн арьсыг хэсэгчлэн хуулж амьтны арьс наах маягаар мэс ажилбар хэдэн долоо хоног үргэлжилнэ. Энэ нь хүүхдийг төсөөлшгүй ихээр тамладаг байсан бөгөөд амьд гарсан хүүхдүүд голдуу галзуурдаг байв.

Амьтан шиг дөрвөн хөлөөр нь явуулахын тулд зарим үе мөчийг нь хугалдаг байлаа.

Америкийн зохиолч Роберт Блокийн өгүүллэгүүдээс дээрх өгүүлэмжийг олж уншиж болно. Туршилтад орсон хүүхэд галзуурах нь энэ төрлийн ажил хийдэг хүмүүсийн санааг огтхон ч зовоохгүй. Тэр ч байтугай тэд хүүхдүүдийг амьтантай адил гасалдаг, архирдаг болгохын тулд хоолойны хэсэгт зарим судас, эдийг тасалдаг байв. Амьтан шиг дөрвөн хөлөөр нь явуулахын тулд зарим үе мөчийг нь хугалдаг байлаа.

Анх удаа Европт эрэмдэг хүн бэлтгэх практикийг Энэтхэгээс Тамерланд хөөгдөж ирсэн Цыганууд эхлүүлсэн гэдэг. Ер нь Цыганууд эртнээс морь хулгайлдгаас гадна хүүхэд хулгайлдгаараа алдартай байсан юм. Өнөөдөр Европын олон эцэг, эхчүүд үгэнд ордоггүй хүүхдийг “цыганд өгнө” гэж айлгадаг.

17 дугаар зуунд Цыганууд Испани, Франц, Герман болон Английн Йоркширскт амьдардаг байлаа. Эрэмдэг хүн бэлтгэх практикийг Виктор Хюго “Инээмтгий хүн” романдаа тод дүрсэлсэн байдаг. Уг романы нэг баатар цыгануудын мэс ажилбарын золиос болдог. Тэд биеийн аль нэг хэсгийг агшааж, сунгаж, эвдэлж бөгтөр хүн хийгээд зогсохгүй амыг нь чих хүртэл цуулж, уруул, хамрыг нь огтлох замаар жинхэнэ ордны алиалагчийг гаргаж авдаг байв. Ийм зан үйл Европт 19 дүгээр зууныг хүртэл түгээмэл байж өв хөрөнгө, хаан ширээ залгамжлахтай холбоотой элдвийн явуулгын нэгэн шалгарсан арга болдог байжээ. Хүсээгүй залгамжлагчийг эрэмдэг болгосноор хаан ширээнд суулгах боломжгүй нь ойлгомжтой.

Түүнчлэн Цыганууд Английн ордонд хүн тахиаг нийлүүлэх албан ёсны эрхтэй байв. Хоёрдугаар Георг (1727-1760)-ийн үе хүртэл хүн тахиа өөрийн донгодолтоор хэдэн цаг болж буйг зарлах үүрэгтэй байлаа. Хүний хоолойнд байх тодорхой хэсгийг огтолсноор тухайн хүн тахиа шиг донгодно. Хааны ордны хүн тахианууд жилдээ 10 фунтын цалинтай (тэр үед энэ нь багагүй мөнгө байв).  Харин Хоёрдугаар Георг хааны үе эхэлснээр уг элдвийн харгис уламжлал төгсгөл болжээ.