30 жил даалгавар биелүүлсэн Японы эзэн хааны армийн сүүлчийн байлдагч
Онода Хироо Дэлхийн хоёрдугаар дайн дууссанд итгэлгүй 30 жил даалгавар биелүүлжээ.
2014.05.07

30 жил даалгавар биелүүлсэн Японы эзэн хааны армийн сүүлчийн байлдагч

Энэ оны эхэнд Токиогийн нэгэн эмнэлэгт хуучин Японы Эзэн хааны армийн бага түрүүч Хироо Онода 92 насандаа нас барсан билээ. Түүний хувьд Дэлхийн хоёрдугаар дайн зөвхөн 1974 онд нэгэн жижиг арал дээр филиппины цэргийнхэнд баригдсанаар дуусав. Тэр энэ арал дээр 30 орчим жил партизанчилжээ.

Энэ хугацаанд Онода цэргийн болон энгийн иргэд нийлсэн хорь, гучин хүнийг алж, 100 орчим хүнийг шархдуулж амжсан байна. Филиппины хуулийн дагуу түүнийг цаазаар авах ёстой байсан ч эрх баригчид онцгой нөхцөл байдал, Японы Гадаад яамны хүсэлтийг  харгалзаж үзэн эх орондоо буцахыг зөвшөөрөв. Японд эргэж ирэхэд нь баярлаж хүлээж авсангүй. Улс оронд нь зүүний болон либерал үзэл ноёлж байв. Харин Онода милитарист цаг үе, ичгүүртэй ялагдлын гашуун дурсамж байлаа.

1944 болон 1974 оны байлдагч Онода Хироо

1942 онд 20 настайдаа Онода цэрэгт татагджээ. Үүнээс өмнө тэр Хятадад ажиллаж нутгийн аялга болон англи хэл судалж амжив. Хуучин уламжлалаар хүмүүжсэн Онодагийн хувьд Эзэн хаанаа бурхнаас үл ялган цэргийн албыг гавьяанд тооцон тагнуулын сургуульд сурахыг хүсчээ. Тагнуулын сургуульд дайны урлагаас гадна түүх, философийн ухаан судлав.

Онодаг сурч байх зуур Японы хувьд фронт дээрхи нөхцөл байдал хүндэрч эхэллээ. Эзэнт гүрний арми ухарч арай чүү хамгаалж байв. Эзэлсэн газар нутгаа ээлж дараалан алдав. 1944 оны 10 дугаар сард Холбоотны хүчин Филиппиныг чөлөөлж эхлэв. Америкчуудын довтолгоонд саад болохын тулд Онадаг фронтын ойролцоо бүсэд нууц ажиллагаа явуулахаар Лубанг арал руу илгээв.

Онода Хироо бууж өгсний тэмдэг болгож Филиппины ерөнхийлөгчид сэлмээ өгөв.

Онода төлөвлөгөө гаргасан ч бууж өгөхөд бэлдээд байсан командлагчид түүнийг сонссонгүй. Гэвч Онадагийн дарга хошууч Ёсими Танигути даалгавраа үргэлжлүүлэхийг тушаажээ. Дараа нь тэр “юу ч тохиолдсон гурав юмуу таван жилийн дараа чамайг авахаар ирнэ” гэж хэлсэн байна. Харин 1945 оны хоёрдугаар сарын 28 нд Лубангад америкчууд ирэв.

Онода Юити Акацу, Кинсити Кондзука, Сёити Симада гэсэн гурван байлдагчийн хамт ширэнгэд нуугдав. Лубанг арал ердөө 125 кв/км талбайтай ч уул ихтэй, битүү ширэнгэн ойгоор хучигдсан байдаг. Онода нөхдийн хамт агуйд амьдарч ширэнгийн хишгээр гол зогоож байлаа. Үе үе тариачид руу дайрч жимс олзолж, заримдаа үхэр буудаж унагана.

Энэ бүх хугацаанд тэд даалгавраа үргэлжлүүлсээр байв. Тэд дайсан гэж тооцсон төрийн албан тушаалтан, цагдаа, нутгийн иргэдийг алж, тэр байтугай радио мэдээлэл дамжуулах төв рүү хүртэл халддаг байв. Нэгэнтээ тэд радио хүлээн авагч олзолж дэлхийд чухам юу болж буйг мэдэж авчээ. Түүнээс гадна сураггүй алга болсон цэргүүдийг хайх Токиогийн тусгай комисс дайн хэдийнэ дууссан тухай хуудсуудыг Лубанг арал дээр онгоцноос хаяж байлаа.

Онода 1974 оны гуравдугаар сард Токио нисэх онгоцны буудалд эх орондоо хөл тавив.

Аль хэдийнэ, 1945 оны төгсгөлд 14 дүгээр фронтын командлагч генерал Томоюки Ямаситагийн бууж өгөх тушаал бүхий хуудсыг тэд олж уншсан ч Онода дайсны явуулга гэж үзжээ. Дараа дараагийн мэдээлэлд ч гэсэн үнэмшсэнгүй. Онода Япон орон дайны дараа сэргэсэн тухай, Токиод Олимпийн наадам болсон тухай, хүн сансарт ниссэн тухай мэдээний алинд нь ч итгэсэнгүй. Тэрээр жинхэнэ Засгийн газар Манжуурт төвлөрсөн, харин Лубанг арлыг америкчууд эзэлсэн учир жинхэнэ Эзэн хааны цэрэг хүн тэдний тушаалыг биелүүлэх ёсгүй гэдэгт хатуу итгэж байв.

Хэдийгээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, хүн алж байсан Филиппины эрх баригчид тэднийг идэвхтэй хайсангүй. Дотроо асуудалтай байсан учраас тэднийг хайх зав ч гараагүй байж магад .Онодатай хамт байсан Симада, Кодзука хоёр 1954, 1972 онд цагдаа нартай буудалцаж байхдаа амиа алдав. Харин Акацу 1949 онд нөхдөөсөө салж жилийн дараа филиппинчүүдэд бууж өгөн эх орондоо буцжээ.

Сүүлийн хоёр жилийг Онода ганцаараа өнгөрөөв. Харин 1974 оны хоёрдугаар сард 25 настай адал явдал эрэлхийлэгч Норио Судзукитай уулзсанаар түүний арал дээрх амьдрал төгсгөл болов. Судзуки нь Онода, хулсны баавгай, алмас зэрэг байгаль, нийгмийн ховор тохиолдолтой учрах төлөвлөгөөтэй аялалд гарчээ. Хамгийн түрүүнд Онодатай уулзахаар шийдэж Лубанг аралд ирж хуучин партизаныг төвөггүй олж нөхөрлөж чадав.

Дайн дууссан ч Онодагийн адилаар партизаны дайн өрнүүлж байсан 200 орчим Эзэн хааны армийн цэрэг байсан тухай баримт байдаг ч тэдний хувь заяаны талаар тодорхой мэдээлэл байхгүй.

Онода дайнд ялагдсан гэдэгтэй эвлэрсэн ч дээрээс тушаал ирэх хүртэл эсэргүүцлээ зогсоохгүй гэж зүтгэв. 1974 оны гуравдугаар сард Японы эрх баригчид Эзэн Хааны нэрийн өмнөөс даалгавраа зогсоох тушаал өгснөөр Онода бууж өгчээ. Тэрээр Филиппины ерөнхийлөгч Фердинанд Маркост бууж өгсний тэмдэг болгож сэлмээ бэлэглэв. Түүний дүрэмт хувцас хуучирсан ч гэсэн цэвэрхэн хэвээр байв. Мөн бууж өгөхдөө винтов буу, 500 сум, цөөн тооны гранат өгсөн байна. Сэлмийг нь өршөөсний илрэл болгож дараа нь буцааж өгөв.

Японд ирсний дараа барууны хэв маяг шингэсэн амьдрал түүнд таалагдсангүй. Парламентын гишүүн болох санал тавьсан ч татгалзаж Бразилид хуучин уламжлалаа хадгалан амьдардаг япончуудтай нийлэхээр явсан байна. Тэнд очоод эхнэр авч мал аж ахуй эрхлэх болжээ.

91 настай Онода Хироо

1984 оноос нийгмийн ажил хийж их сургуульд багшилж байжээ. Мөн “Дайсанд бууж өгөөгүй миний гучин жилийн дайн” нэртэй ном гаргасан нь багагүй ашиг авчрав.

Онодаг тушаал өгөх хүртэл Эзэн хааны дайснуудтай тулалдсан, хатуу нөхцөлд амь гараад зогсоогүй тангарагтаа үнэнч үлдсэн сүүлчийн самурай гэж үзэж байв. Түүний үйлдлийг өнөөгийн өнцөгөөс эерэгээр үнэлэхэд тун хэцүү. Харин Онода бол дайн гэдэг нэр хүнд, үүрэг байдгаас гадна цус нулимас, муу муухай байдаг гэдгийг сануулах өнгөрсөн үеийн нэгэн гашуун дурсамж юм.