Л.Энх-Амгалан: Эрчимтэй хөгжлийн гол локомотив уул уурхайгаа эдийн засаг биш улс төр болгосны горыг бид амсч байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.05.06

Л.Энх-Амгалан: Эрчимтэй хөгжлийн гол локомотив уул уурхайгаа эдийн засаг биш улс төр болгосны горыг бид амсч байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай улс орны эдийн засгийг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

-“Эдийн  засгийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төсөл дээр намын бүлгүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Энэ үүсээд буй бодит байдлын тухай олон жил хувийн хэвшилд ажилласан хүний хувиар улстөржсөн байр сууринаас биш илүү бодит үнэнд ойрхон дүгнэлт сонсмоор байна?

-Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг зөв үнэлж, эрүүл саруулаар хандаж, бодлогын зөв шийдэл, гаргалгаа гаргах нь улс орны эрх ашгийн захиалга. Үүсч болох хямралаас аль нэгэн улс төрийн хүчин улс төрийн оноо цуглуулах, ашиг хонжоо хайх гэж оролдвол ёстой нөгөө жоомоо шатаах гээд байшингаа шатаана гэдгийн үлгэр болно.

Эдийн засагт үүссэн хүндрэл нь төлбөрийн балансын хямрал буюу ханшийн хямрал бодитой нүүрлэлээ гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр албан ёсоор мэдэгдлээ. Бид энэ хүндрэлийн оношоо зөв тавьж, цаг алдалгүй оновчтой ой арга хэмжээ авах хэрэгтэй. Мөнгөний болон төсвийн бодлогодоо шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхгүй бол ханшийн хямрал нь санхүүгийн хямрал, санхүүгийн хямрал нь эдийн засгийн хямрал болдог.

2008, 2009 оны Азийн санхүүгийн хямралаас бид сургамж авах ёстой. Өнөөдөр үүссэн санхүү, эдийн засгийн хүндрэлийн хамгийн том шалтгаан нь улс орныхоо хөгжлийн хурдасгуур болж чадах эдийн засгийн салбарууд, томоохон төслүүдээ хөгжлийн төслүүд биш улс төрийн төслүүд болгосныхоо горыг амсч байна. Энэ алдагдсан боломжийн өр төлөөсийг ард иргэд, баялаг бүтээгчид маань төлж байгаад их харамсдаг.

-Оюу толгой, Таван' Толгойн төслүүдээ улс орныхоо хөгжлийн төсөл болгох, улс төрийн болон эдийн засгийн зөв бодлогоор дэмжихийн оронд энэ төслүүдээр ойрын зайн улс төр хийж, хөгжлийнхөө гол төслүүдийг хөгжлийн гацаа төслүүд болгочихлоо гэж та хэлээд байна аа даа?

-Лиценз эзэмшдэг 1300 гаруй компани байдгийн 800 гаруй компанийн үйл ажиллагааг тусгай хамгаалалтад орсон гэдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар төрөөс зогсоочихсон. 1300 гаруй компанид 60 мянган хүн ажиллаж байсны 70 хувь нь өнөөдөр ажилгүй болчихоод байна. Эдгээр компаниуд сүүлийн таван жилийн хугацаанд хайгуулын болон ашиглалтын урьдчилсан хөрөнгө оруулалтад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Хямралаас аль нэгэн улс төрийн хүчин улс төрийн оноо цуглуулах, ашиг хонжоо хайх гэж оролдвол ёстой нөгөө жоомоо шатаах гээд байшингаа шатаана гэдгийн үлгэр болно.

Хэрэв бид эдгээр компаниудын үйл ажиллагааг үргэлжлүүлбэл ойрын таван жилд 30-50 тэрбум ам.долларын ашиг Монголдоо авч үлдэх тооцоо бий. Энэ бол бидэнд маш том боломж. Ийм боломжийг улс төрийн өнцгөөр биш эдийн засгийн утгаар нь бид хөгжлийн том боломж болгож ашиглах ёстой. Бид өөрсдөө Экспортын бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг бууруулдаг байж болохгүй.

Ер нь уул уурхайн салбар маань эдийн засгийн голлох салбар болж, өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтын 85 хувь нь энэ салбарт хийгдэж, экспортын 90 орчим хувь, төсвийн орлогын 40 хувийг энэ салбараас бүрдүүлж байгааг бид ойлгох ёстой. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт 100' сая төгрөгөөр нэмэгдэхэд Монгол Улсын ДНБ 170 сая төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.

Тухайлбал, Монгол Улсад уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийгдвэл тухайн салбарт дөрөв, харин бусад салбарт 12 ажлын байр шинээр бий болдог, Энэ нь уул уурхайн салбарт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тутамд 16 ажлын байр шинээр бий болно гэсэн үг. Үүний 75 хувь нь уул уурхайгаас бусад салбарт бий болж байна. Дээрх цөөн хэдэн тоо баримтыг харахад ирэх 20 жилд хүссэн хүсээгүй манай эдийн засгийн хөгжил уул уурхайн салбараас шууд хамааралтай байна.

Иймд бид уул уурхайн салбараа улс төрийн гэхээсээ илүү, хөгжлийн, эдийн засгийн төслүүд гэж харах ёстой. Ингэж л улс орон хөгжих учиртай. Дахин хэлэхэд Эрчимтэй хөгжлийн гол локомотив болох ёстой уул уурхайн салбараа эдийн засаг биш улс төр болгосны горыг бид амсаж байна. Энэ алдааг энэ Их хурал засах ёстой, бас засах үүрэгтэй гэж би ойлгодог.

-Та яриандаа алдагдсан боломжийн тухай бас дурдсан. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?

-Улс орон, ард иргэдийн амьдрал, хувь хүний болоод бизнест алдагдсан боломжийн тухай ойлголт үргэлж байдаг. Үүнийг бизнест тооцож болдог аргачлал бий. Хамгийн ойрын жишээ хэлэхэд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурлаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Монгол Улсын гадаад зах зээлээс босгох мөнгөний зардал өснө гэсэн уг. Танайх эрсдэлтэй улс учраас өндөр хүүтэй зээл ав гэсэн үг л дээ. Тэгээд яахав нөгөө татвар төлөгчид л энэ хүүгийн зөрүүний зардлыг төлнө.

Хувийн хэвшлийнхний гадаадаас авах зээлийн хүү өснө, зээлийн хугацаа нь багасна, зээлийн барьцаанд тавих хөрөнгийг хэд дахин хямдхан үнэлнэ. Энэ бүх эрсдэл хувийн хэвшлийнхэн буюу баялаг бүтээгчдийн нуруун дээр л ирдэг. Өөр нэг жишээ бол валютын ханшийн эрсдэлээс болж зөвхөн нэг жил таван сарын дотор хувийн хэвшлийнхэн ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа судалгаа байна.

Хэрэв энэ 500 орчим тэрбум төгрөг алдагдал биш ашиг байсан- бол эргээд хөрөнгө оруулалт болж, эдийн засаг руугаа орж хэдэн мянган ажлын байр шинээр бий болох боломж бүрдэх байсан. Хамгийн багадаа 50 тэрбумын татвар болж төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг алдлаа гэж ойлгож болно. Эдийн засгийн өсөлтийн гол тулгуур нь хувийн хэвшил байх ёстой. Тэгвэл өнөөдөр эдийн засгийн өсөлтийн гол барометр болсон хувийн хэвшил буюу баялаг бүтээгчдийн өмнө ямар хүндрэлүүд тулгараад байгааг бодитойгоор ойлгомоор байна.

-Чухам ямар хүндрэлүүд үүсээд байгаа юм бэ?

-Үүссэн нөхцөл байдлын талаар саяхан МҮХАҮТ- аас явуулсан судалгаанд манай баялаг бүтээгчид ингэж тодорхойлжээ. Сүүлийн үед төрөөс бизнест оролцох оролцоо их болсон, төрийн өмчит олон компани, үйлдвэрийн газрууд байгуулагдаж бизнесийнхэнтэй өрсөлдөх, тэдний үйл ажиллагааг шахах зэрэг зохисгүй үйл ажиллагаанууд хэт идэвхижсэн, төрийн хүнд суртал, шат дамжлага буурах бус харин ч өссөн, тухайлбал олон яам, агентлагууд шинээр байгуулагдаж энэ хэрээр хүнд суртал нэмэгдэж бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулах болсон.

2008, 2009 оны Азийн санхүүгийн хямралаас бид сургамж авах ёстой.

Улс төрийн захиалгаар улсын төсвийн орлого бүрдүүлэх зорилгоор татварын болон хууль хяналтын байгууллагуудын давхацсан хяналт шалгалтын тоо хэрээс хэтэрсэн, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд олгож байсан зээлийн хэмжээ огцом багассан, зээлийн хүү буурахгүй байгаа зэрэг олон жишээг хэлж болохоор байна. Зах зээлийн шударга  өрсөлдөөн алдагдаж тодорхой салбаруудад төрөөс санхүүгийн болоод бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх болсон.

-Аж ахуйн нэгжүүдэд тулгарсан өөр ямар шалтгаанууд байгаа вэ. Зээлээс үүдэлтэй асуудлууд их байх шиг байна?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж буй компаниуд жилийн 5-8 хувь зээл авч байхад хөтөлбөрт хамрагдаагүй компаниуд 15-20 хувь зээл авч байна. Арилжааны банкуудаас авсан нийт аж ахуйн нэгжүүдийн зээлийн 40 орчим хувь нь гадаад валютаар авсан зээл байдаг. Гэтэл ханшийн эрсдэлээс олон аж ахуйн нэгж олон тэрбумын алдагдал хүлээж, эдийн засаг болзошгүй хямралын ирмэгт тулж ирлээ. Бизнесийн үйл ажиллагаа хумигдах шалтгаан боллоо гэж баялаг бүтээгчид маань зовлон жаргалаа тоочсон байна.

Өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллагын нэг хариуцлагатай ажилтны мэдээллээр зөвхөн сүүлийн жил гаруй хугацаанд 1000 гаруй том, жижиг аж ахуйн нэгжийн удирдлагууд хууль хяналтын байгууллагад шалгагдсан байна. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр тоо. Нэг жилд нэг аж ахуйн нэгж хэдэн удаагийн хяналт шалгалтад өртдөг вэ гэсэн асуултад цөөн хэдэн тоо баримт дээр тулгуурлаж хариулт өгөхийг хичээе. Судалгаагаар үзэхэд жилд Монголын аж ахуйн нэгж 40 орчим нэр төрлийн санхүүгийн болон бусад тайлан гаргадаг. Жижиг дунд бизнесийн 76 хувь нь жил тутам давхацсан хяналт шалгалтад хамрагддаг.

Хяналт шалгалт хийж буй байгууллагуудын нэг жилд хийж байгаа шалгалтын тоогоор Монгол Улс ойролцоо хөгжилтэй бусадулсуудтай харьцуулахад харьцангуй их байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бизнес дэх төрийн дарамт хэрээс хэтэрсний дохио. Хамгийн энгийн жишээ татахад жижиг аж ахуйн нэгжүүд улирал бүхэн татварын тайлан гаргах шаардлага байхгүй.

Улирал бүхэн татварын тайлан гаргана гэдэг бол жижиг аж ахуй нэгжүүдэд ирж байгаа маш том өртөг зардал. Тиймээс ажлын байр бий болгож байгаа жижиг аж ахуй нэгжүүдээ улирал бүхэн биш жилд нэг удаа тайлан гаргадаг энэ тогтолцоо руу шилжүүлэх нь зүйтэй гэж ойлгож байгаа. Цаашдаа 100 саяас 500 сая төгрөгийн орлоготой компани татварын албанд орлогоо тайлагналгүй бусад улс орнуудын жишгээр тогтмол татвар төлөөд явах боломжтой гэж харж байна.

-Хувийн хэвшлээ хэрхэн яаж дэмжих тухай тогтоолын төсөл дээр хэр тусгагдсан байна вэ?

-Миний хувьд эдийн засгаа идэвхжүүлье гэвэл дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг бүтээж байгаа, төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлж байгаа, 800 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа баялаг бүтээгчдээ л бодитойгоор дэмжье гэдэг байр суурьтай байна. Хувийн хэвшилтэйгээ хамтарч хүндрэлээс гаргах төлөвлөгөөг л шийдвэр гаргагчид хийх ёстой.

Тиймээс эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаж байгаа эдгээр бэрхшээлийг даван туулах, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх арга хэмжээнүүдийг УИХ, Засгийн газар авч хэрэгжүүлэх ёстой гэсэн үүднээс нам бүлгийн гишүүдийн төлөөлөл орсон ажлын хэсэг үндэсний зөвшилцлийн зарчмаар ажиллаж байгааг дурдах ёстой. УИХ-ын тогтоолоор гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэхийн тулд бид бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой.

Үүний тулд иргэн, хувийн хэвшлийн татварын ачааллыг бууруулж, зарим татварын хөнгөлөлт үзүүлье, тайлагнах журмыг хөнгөлье. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дарамт учруулсан, давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх зэрэг хувийн хэвшлээ бодитойгоор дэмжих олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, үүрэг даалгаврын биелэлтэд нь хатуу хяналт тавьж ажиллана.

-Таны ярьж байгаа УИХ-ын тогтоолын төсөлд төрийн өмчийн удирдлага, менежментийн шинэ зарчмаар ажиллана гэсэн заалт орж байгаа гэж сонссон. Энэ ямар заалт орж байгаа вэ?

-Бусад хөгжиж, дэвшсэн улс орны иргэдийн орлогын гол эх үүсвэр нь цалин, хадгаламжаас гадна үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулж, хөрөнгө чинээгээ өсгөдөг. Монголын 2.8 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч болчихсон мөртлөө 1072 ширхэг хувьцааныхаа үнэ цэнийг ч мэддэггүй тийм л хувьцаа эзэмшигчид болж байна шүү дээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн тоо, ашигт ажиллагаа, үйл ажиллагааны зардал, энэ компанийн үнэ цэнийг ч мэддэггүй. Ийм хувьцаа эзэмшигч байна гэдэг утгагүй зүйл. Эзэмшиж байгаа хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй, хувьцаа эзэмшиж байгаа компанийхаа төлөөлөн удирдах зөвлөлд төлөөллөө тавих эрхгүй хувьцаа эзэмшигч байгаад яахав.

Монголын 2.8 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч болчихсон мөртлөө 1072 ширхэг хувьцааныхаа үнэ цэнийг ч мэддэггүй

Ийм битүү хатуу ойлгомжгүй байдлаас болоод өмнөх ягаан, цэнхэр тасалбар мэт болох вий гэсэн хардлага дахин цухалзахаас өөр яах билээ. Бид хувьцаатай болсон гэдэг ч захиран зарцуулах эрх нь нээгдээгүй байгаа шүү дээ. Энэ асуудлыг нэг мөр болгох ёстой гэдэг үүднээс би Засгийн газарт асуудлыг тавьж, түлхүү ярих болно. Учир нь Монголын нийт хүн амын амьдралд шууд хамаатай сайн хууль гаргаж чадвал бизнесийн орчин сайжирна, ажлын байр ч нэмэгдэнэ. нийт иргэдийн банкин дахь хадгаламж 5.7 их наяд орчим төгрөг байдаг.

-Үнэт цаасны зах зээл өнөөдөр манайд бараг хөгжөөгүй юм биш үү?

-Хүмүүс мөнгөө өсгөнө гэхээр зөвхөн хадгалуулдаг. Үүнээс өөр сонголт одоохондоо алга. Иргэд эдийн засгийн өсөлтийг шууд хүртэх санхүүгийн боломж нь үнэт цаасны зах зээл учраас энэ боломжийг ард иргэддээ тэгш хүртээе гэвэл энэ зах зээлээ сонгодог утгаар нь хөгжүүлмээр байна. Хамгийн ойрын тоо баримтыг дурдахад эдийн засгийн өсөлтийг бүрдүүлж байгаа топ 200 компани ердөө 400 орчим гэр бүлийн эзэмшилд байна.

Ийм өсөлттэй улс орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байгаа үндэсний компаниуд хувьцаагаа бирж дээр гаргаж, банкны өндөр хүүтэй зээлээс өөр урт хугацааны санхүүгийн эх үүсвэр татах, нөгөө талаасаа ард иргэд үндэсний компаниудынхаа хувьцааг эзэмших боломжийг цаг алдалгүй бүрдүүлэхгүй бол нийгэмд баян хоосны ялгаа улам гүнзгийрэх бодит эрсдэл үүсээд байна. Ер нь цаашдаа төрийн өмчит компани улсын үйлдвэрүүдээ нээлттэй компани болгож ард иргэд маань үнэ цэнэтэй компаниудынхаа хувьцаа эзэмшигч болох боломжийг нь нээх ёстой.

Энэ нь иргэдэд ашигтай, бас төрдөө ч ашигтай. Төрийн өмч бол Монголын ард түмний өмч. Эдгээр өмч дан ганц төрийн өмчийн хороо гэсэн хэдэн нөхдийн гарт биш ард түмний хараа хяналтад байх ёстой. Тухайлбал, “Эрдэнэт", МИАТ, “Эрдэнэс Тавантолгой” гэх мэт томоохон компаниудын захирал хэдэн төгрөгийн цалин авдаг, ямар хангамжтай байдгийг иргэд бид мэдэж байх ёстой. Улсын өмчит компаниудын тайлан баланс ард иргэдэд ил тод байх ёстой. Үүнийг хийх арга нь компанийг нээлттэй олон нийтийн болгох. Миний хувьд иргэддээ олгох хувьцааны асуудлыг шийдвэрлэх гарцыг олж харах, ард иргэддээ олгох талаар бүх түвшинд асуудлыг тавьж, анхаарч ажиллана гэж бодож байна.

-Та Монголын хамгийн том компанийг удирдаж явсан хүний нэг. Бизнесийн томоохон компани ямар зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Бизнесийг амжилттай удирдахад хэд хэдэн алтан зарчмууд байдаг. Нэгдүгээрт, багийн дүрмээр тоглох, чадварлаг хүмүүс нэг баг болж ажиллах. Хоёрдугаарт, алсыг харсан санхүүгийн зөв удирдлага, өөрөөр хэлбэл хүний нөөцийн удирдлага, санхүүгийн удирдлага хоёр бол бизнесийн хоёр чухал багана болдог л доо. Энэ бол бизнесийн удирдлагын алтан зарчим. Энэ зарчим төрд ч, хувьд ч үйлчлэх ёстой.

-Томоохон компанийн үйл ажиллагааны зарчмаар улсыг хөгжүүлж болох уу. Улсын хөгжил бизнесийн томоохон компанийн хөгжил хоёр адилхан уу?

-Компанийг удирдах, улсын эдийн засгийг удирдах гэдэг мэдээж хоёр тусдаа зүйл. Гэхдээ ижил төстэй зүйлүүд бий юу гэвэл бий. Өрх гэр ч бай, компани ч бай, улс орон ч бай бүгдэд нь л шийдвэрлэх асуудлууд байдаг. Гэхдээ шийдвэрлэх асуудлуудын эрэмбэ дараалал, ач холбогдол гэж байх ёстой. Бүх түвшинд шийдвэр гаргагч нар эрэмбэ дарааллын ач холбогдлыг ойлгож, ойрын болон алсын стратегиа зөв боловсруулж, зөв тактикаар тоглосон нь хождог тоглоомын дүрэмтэй. Энэ дүрэм бизнест ч улс төрд ч адилхан үйлчилдэг.

Өнөөдөр бидний сонгож авсан нийгмийн тоглоомын дүрэм нь энэ. Иймд улс орны хөгжилд баялаг бүтээгчдийн оруулж байгаа хувь нэмрийг иргэн бүхэн ойлгох ёстой. Баялаг бүтээгчдээ, хувийн хэвшлийнхнийгээ дэмжиж байж л бид хөгжинө.

-Бизнес хийхэд мөнгө хэрэгтэй. Компани хөл дээрээ бат зогсохын тул зээл авах шаардлагатай юу. Та бондыг зээл хэмээн хамгийн ихээр эсэргүүцдэг. Засгийн газар, бизнес хоёр өөр зүйл үү. Хөгжих зарчим нь адилхан биш үү?

-Мэдээж бизнесээ өргөтгөхөд мөнгө хэрэгтэй. Зээл бүүр их хэрэгтэй. Гэхдээ зээлийг олдсоных нь хэрээр аваад байя гэдэг бодолтой бизнесмэнүүд цөөн болов уу. Зээл авъя гэсэн шийдвэр бол хамгийн хэцүү шийдвэр байдаг. Яагаад гэвэл зээл эргэн төлөгдөх ёстой. Үр ашигтай төсөлд зээл авах нь хамгийн зөв шийдвэр. Энэ зарчим ч гэсэн Засгийн газарт үйлчлэх ёстой. Би энэ өнцгөөс нь харж бондын асуудалд анхаарлаа хандуулахыг хүсдэг.

Үргэлж зээл авах биш хөрөнгө оруулалтыг татах олон эх үүсвэрүүд байдаг. Жишээ нь төслөө барьцаалсан санхүүжилт, нэмж хувьцаа гаргах, шинээр хөрөнгө оруулагчдыг татах, ашгаа хуваах, бүтээгдэхүүнээ хуваах гээд олон- хэлбэрүүд байдаг. Ийм учраас манай Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа уул уурхай болон дэд бүтцийн төслүүдэд төр өөрөө мөнгөө хийж, өөрөө эрсдэл үүрэх биш аль болохоор гадны хөрөнгө оруулагчдад эрсдэл үүрүүлэх зарчмаар ажиллах ёстой.