Ч.Улаан: НӨАТ-ын буцаан олголтыг иргэд авдаг болно
Сангийн сайд Ч.Улаан
2014.05.14

Ч.Улаан: НӨАТ-ын буцаан олголтыг иргэд авдаг болно

Сангийн сайд Ч.Улаан дөнгөж сая Засгийн газрын дэргэдэх  11-11 төвд зочилж, иргэдийн асуултад нээлттэй хариулт өглөө. Сангийн сайдын эрхэлсэн ажлын хүрээнд болон улс орны эдийн засаг, сан хөмрөгтэй холбогдсон олон асуултын хариуг сийрүүлэн уншигчдадаа хүргэе.

-Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” зарлалаа. Энэ хүрээнд хийх хамгийн чухал ажил нь юу байх вэ?

-Засгийн газраас зарласан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Хоёр жил хийгээгүй ажлыг 100 хоногт амжих уу гэсэн байр суурийг зарим нэг эдийн засагч илэрхийлсэн байна лээ. Гэвч энэ бол амжих, амжихгүйн асуудал биш юм. Бид шинэ хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх гээгүй. Гагцхүү хийж буй ажлынхаа хурдацыг нэмэгдүүлж, эрчмийг нь сайжруулъя гэсэн юм. УИХ-аас тогтоол баталж, эдийн засгийг эрчимжүүлэх аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд олон ажил эхлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн багц асуудал шийдлээ. Үүнд:

1. Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах
2. Төрийн болон төсөвт байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх
3. Төсвийн хөрөнгийг зайлшгүй биш арга хэмжээнд зарцуулахгүй байх, төсвийн хөрөнгөөр реклам, зар сурталчилгаа хийх, урлаг, соёлын арга хэмжээ зохин байгуулах, аялал зугаалга хийхгүй байх
4. Төсвийн эрх  захиран зарцуулагчдын дунд урамшуулал зарлав. Төсвийн мөнгөнөөс хэмнэлт гаргасан бол буцаан татдаг байсныг байгууллагад нь үлдээх шийд гаргалаа. Нэмэгдэл орлогыг ч мөн тухайн байгууллагад нь үлдээх юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төр, засгийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг боловсронгуй болгох ажлын хэсэг томилоод байна. Энэхүү ажлын хэсэг нь төрийн болон төсөвт байгууллагад давхардсан орон тоо байгаа эсэхийг тогтоох юм. Мөн бүх шатны төсвийг арвилан хэмнэлтийн горимд шилжүүллээ.

-Татварын шинэчлэлийн хүрээнд ямар, ямар ажил хийж байгаа вэ?

-Монгол Улсын эдийн засаг амаргүй сорилттой тулгарлаа. Тиймээс эдийн засгийг бүрдүүлэгч болсон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллах үүднээс хоёр чухал хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Улсын хэмжээний томоохон төсөл арга хэмжээ хэрэгжүүлэгчдийн  гааль,  НӨАТ-ыг хоёр жилээр хойшлуулах, үйлдвэрлэл эрхэлж ашгаа олсны дараа татварыг нөхөн авах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ бол хөрөнгө оруулагчдыг дэмжиж буй хэлбэр шүү дээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гадаадаас оруулж ирж буй техник, тоног гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулсан.  2016 оныг дуустал гэсэн үг шүү дээ. Улсын хэмжээнд 60 гаруй мянган жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Тэгэхээр энэ бол олон хүнд бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа.

Улсын хэмжээнд 60 гаруй мянган жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байдаг.

Удахгүй бас нэгэн сонирхолтой хуулийн төсөл өргөн барина. Нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/-ыг манай улсын ард иргэд нийтээрээ төлж байгаа. НӨАТ уг нь буцаан олголттой татвар шүү дээ. Үүнийг олон иргэд мэддэггүй, буцаан авч чаддаггүй. Тиймээс энгийн ард иргэдэд төлсөн НӨАТ-ын 20 хувийг буцаан авдаг системд шилжүүлнэ. Ингэснээр иргэд НӨАТ-т анхаардаг, зөвхөн НӨАТ төлөгчтэй харьцдаг болох зэрэг давуу талтай юм. Манай улс татварын анхан шатны шинэчлэлийг  2007 онд хийж, дөрвөн 10-ын системийг нэвтрүүлсэн байдаг. Энэ бол бизнес эрхлэгчдэд их таатай систем. Харин одоо хоёр дахь шатны шинэчлэлт хийж, багагүй өөрчлөлт оруулж байна.

Жилдээ 1,5 тэрбумын борлуулалттай жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд төлсөн  татварынхаа 90 хувийг буцаан авах боломжийг бүрдүүлэх,  НӨАТ-ыг босгыг 10 саяас  50 сая болгон тав дахин нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Тун удахгүй УИХ-аар хэлэлцэх байх. Ингэхээр татварын шинэчлэл, хөнгөлөлтийг  чинээнд нь тултал хийж байгаа. Энэ хэрээр  бизнес эрхлэгчдээс үр дүн хүлээнэ гэдгийг бас хэлэх нь зүйтэй болов уу.

-Төрийн сангаас олгож байгаа орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг хэзээ шийдэх вэ?

-Төсвийн санхүүжилт саадгүй байгаа. Татварын буцаан олголтыг эхнээс нь олгож байгаа. Хэрэв хэн нэгний хөнгөлөлт олгогдоогүй саатал гарсан бол судалж үзэж байж хариу өгөхөөс аргагүй.

-Хэнтийн Бор-Өндөр сумаас холбогдож байна. Сум хөгжүүлэх сангийн мөнгийг хэзээ өгөх вэ?

-Сум, орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтийг Сангийн яам хариуцдаггүй. Аймаг, орон нутаг шийддэг. Тиймээс аймгийнхаа орон нутгийг хөгжүүлэх сангаас тодруулаарай. Дөрөвдүгээр сарын сүүлчийн мэдээгээр Сангийн яам орон нутгийн санхүүжилтийг 100 хувь олгосон.

-Ховд аймгийн Булган сум БНХАУ-аас эрчим хүч импортолдог. Засгийн газраас зөрүү мөнгө олгоогүй гэх шалтгаанаар гэрэл цахилгааныг хязгаарлаад 14 хонож байна. Энэ асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Улсын төсвөөс эрчим хүчний татаас шилжүүлэг олгодог. Эхний дөрвөн сард өгөх ёстой  мөнгөө бүрэн өгсөн. Татаас олголтыг үйлдвэрлэлд тохируулан олгодог. Тиймээс орон нутгийн зүгээс бүрдүүлэх материалаа бүрэн бүрдүүлээгүй гэх мэт зөрчил байхыг үгүйсгэхгүй. 

-Энэ жил Ховд аймагт даншиг наадам болно. Даншигт зориулж төрийн албан хаагчдаас  мөнгө татаж байна. Энэ зөв үү?

-Хуулиар бол наадам зохион байгуулахад төрийн байгууллага хандив өгөхгүй. Бүх шатны төсөвт байгууллага, аймаг, орон нутаг, нийгмийн даатгалын төсвөөс наадам, зугаалга, аялал, шоу зохион байгуулж болохгүй. Харин хүмүүс өөрсдөө сайн дурын үндсэн дээр өгч болно, өгөхгүй байж болно. Тиймээс сайн дурын үндсэн дээр өгөх эсэхээ шийдэх эрх өөрт чинь бий.

-Нягтлан бодогч нарыг 1-3 жилд солих ёстой юм биш үү. Удаан ажиллахаараа мөнгө идээд байдаг талтай?

-Хэрэв хууль бус үйл ажиллагаа явуулсан бол шууд хариуцлага хүлээх ёстой. 1-3 жил ажиллуулна гэж хүлээх учиргүй.

-Долларын ханшийг зориудаар өсгөөд байна гэсэн хардлага нийгэмд байна. Сангийн яам ам.долларын ханшийг бууруулах талаар юм хийсэнгүй гэж үзэж болох уу?

-Гадаад валютын ханш бол маш эмзэг асуудал. Тиймээс болгоомжтой хандах учиртай. Сүүлийн үед төгрөгийн ханш суларч, хүмүүсийг бухимдуулж байгааг ойлгож байна. Ер нь бол манай улсад валют хангалттай орж ирсэн үед ханш тогтворжино. Тиймээс үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Үүний тулд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг дэмжиж байна. Мөн валютын зардлаа багасгахад анхаарч байна.

-Цалин тэтгэврийн нэмэгдлийг  хэзээнээс олгох вэ?

-Цалин тэтгэврийг оны эхнээс нэмж байгаа. Цалин тэтгэврийн нэмэгдэлд 200 тэрбум төгрөг нэмж баталсан. Гэтэл энэ мөнгө хүрэлцээгүй, 35 тэрбум төгрөгийн санхүүжилт дутагдалтай байна гэсэн саналыг гурван талт хэлэлцээрийн үеэр хөндөж, 200 тэрбумыг 235 тэрбум  болгооч гэсэн. Үүнийг шийдсэн. Тэгэхээр энэ онд бүх хүний цалин нэмэгдэнэ. Өмнө нь зарлаж байгаад нэмдэг байсан бол энэ жилээс инфляцийн өсөлтийг нөхөх, салбарын онцлогийг харгалзах үүднээс нийтэд зарлалгүй нэмж байгаа. Тэгэхээр цалин тэтгэвэр нэмэгдсэн нь мэдэж байгаа, нэмээгүй нь удахгүй нэмэгдэнэ.

-Импортын татварыг валютаар төлөхөд ханшийн зөрүүнээс болоод өөр өөр татвар төлж байна. Үүнийг нэг ханшид шилжүүлж болох уу?

-Импортын татвар болон бусад төлбөр, тооцоог тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож авдаг. Тиймээс тогтмол нэг ханшид шилжих боломжгүй.

-Ховд аймагт ажиллаж, амьдарч буй хүмүүст алслагдсан аймаг орон нутагт ажиллаж буйн нэмэгдэл олгоно гэж яригдаж байсан. Энэ хэзээнээс олгогдох вэ?

-Алслагдсан аймгуудад аж төрж буй хүмүүст бүсийн нэмэгдэл олгох тухай эртнээс ярьж байсан. Энэ нь онолын хувьд болох асуудал. Гэвч өнөөдөр эдийн засгийн чадамж хараахан үүсээгүй байна. Бүсийн нэмэгдлийг олгодог улс орны туршлага ч бий. Гэвч манай улсын хувьд одоохондоо боломжгүй асуудал. Гэтэл улстөрчид яаруу түргэн зарласантай холбоотойгоор хүмүүст хүлээлт үүсгээд байгаа юм. Бүсийн нэмэгдэл уг нь шинэ зүйл биш. Наана нь боловсруулах, хийх ажил их бий. Наад зах нь аль аль амйгийг алслагдсан гэж үзэх вэ гэдгээс эхлээд асуудлыг судалж, тогтоох хэрэгтэй. 

-Төрийн албан хаагчдынт томилолтын зардлыг олгохгүй, багасгах зэргээр хүндрэл учруулж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Томилолтын зардлыг нэмэгдүүлэх боломжгүй. Харин ч  30 хувиар багасгах шаардлагатай. Хөдөө орон нутгийнхан хот руу, хотынхон хөдөө рүү ар араасаа томилолт аваад давхиад байх нь зохимжгүй. Давхардал, давхцалыг тооцож, томилолтоо цөөрүүлэхээс аргагүй. 

-Санхүүгийн тайланг сар бүрийн 20-ны өдөр өгөхийг шаарддаг. Өгч амжаагүй тохиолдолд торгоод байх юм. Үүнийг уян хатан болгох боломж бий юү?

-Болно. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид сар бүр татварын тайлан гаргадаг хүндрэлийг арилгах санал боловсруулаад байна. Зарим аж ахуйн нэгжийн хувьд тайланг сар бүр  гаргахгүй, тогтмол татвар төлөөд явъя гэвэл хүлээн зөвшөөрдөг болно. Ийм эрхзүйн акт боловсруулж байгаа. 

-Багш нарт олгодог таван жил тутам олгож буй тэтгэмжийг сургуулийн ажилтан, албан хаагчид олгож болохгүй юү?

-Ер нь бол тэтгэмж тэтгэлэг олгодог байдал чинь өөрөө гажуудал юм шүү дээ. Нэмэгдэл авахын төлөө уралддаг болгож байгаа юм. Дунд сургуулийн багш авлаа, одоо их, дээд сургуулийн багш авна, эсвэл сургуулийн ажилчид авна гэх мэтээр уралдуулаад байгаа нь буруу жишиг. Тиймээс хойшид дэлгэрүүлэх бус, цэгцлэхээс аргагүй.

-Үйлчлэгч нарын цалин нэмэгдэхгүй юм?

Сангийн яам 2014 оныг Бүх мэдээллийг нээлттэй болгох жил болгон зарласан

-Цалингийн нэмэгдэл бага тушаалын албан хаагч, бага цалин авч буй хүмүүст их хэмжээгээр нэмэгдүүлэх байдлаар хийгдсэн. Гэхдээ нэмэгдлийг чамлаж байгаа хүмүүс байна. 27-хон  мянган төгрөг өглөө гэх мэт яриа байна. Сүүлийн  10 жилд цалин хөлс 10 дахин нэмлээ. Тэглээ гээд амьдрал 10 дахин сайжирсангүй. Тиймээс цалингийн нэмэгдлийг бодолцох л учиртай.

-Түлэнхийн төвийн барилгын хөрөнгийг  хэзээ өгөх вэ?

-Уучлаарай. Энэ асуултад хариулах боломжгүй юм байна. Хөрөнгө оруулалтыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцдаг.

-888 төслийн санхүүжилтийг хэзээ олгох вэ?

-Энэ ч мөн ЭЗХЯ-ны эрх мэдлийн асуудал.

-"Магнай трейд"-ийн уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3,5 км замыг өөрийн хөрөнгөөр  барьсан. Гүйцэтгэлийн мөнгө одоо хүртэл ирэхгүй юм?

-Уг нь мөн л миний эрхлэх асуудал биш. Гэвч санхүүжилтийг Сангийн яам өгдөг болохоор хариулъя. Өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ч санхүүжилт нь олгогдоогүй 180 гаруй обкъектын асуудлыг  он дамжиж шийдвэрлэсэн. Түүнд багтаагүй үлдсэн бол баримт бүрдүүлэлт нь баталгаажаагүй, болзол нөхцөл нь хангагдаагүй байна гэсэн үг. Тиймээс өөрсдөөс шалтгаалах зүйлээ гүйцээгээд эргээд хандах учиртай.

-Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам хоёрын хийж гүйцэтгэж буй ажил нь ижил юм биш үү. Ялгаа нь юу байна вэ?

-Эдийн засгийн хөгжлийн яам бол бодлого тодорхойлдог, бодлого хэрэгжүүлэх явцад бодлогын уялдаа холбоог  тогтоодог, стратегийн хөгжлийн байгууллага. Хүнээр бол тархи нь юм. Сангийн яам бол эдийн засгийн  бодлогоор тогтоогдсон төсвийг бүрдүүлж зохицуулдаг, шуурхай, өдөр тутмын үйл ажиллагаатай байгууллага юм. Энэ хоёр яамыг нэг юмны хоёр тал гэж ойлгож болно. Гэвч  нэгтгэж болдоггүй. Өдөр тутмын ажил барагдах биш дээ. Энэхүү байнгын ажиллагаандаа хэт анхаарахаар бодлого боловсруулалт орхигддог. Тиймээс тус тусдаа байх нь илүү үр ашигтай. Бид өмнө нь аль алийг нь туршсан. Хамгийн сонгодог хэлбэр нь одоогийн бүтэц.

-Гааль, татвар гэсэн хоёр агентлаг Сангийн яаманд хамаардаг. Эдгээрийн ажлыг хэрхэн дүгнэж байна?

-Сангийн сайд хоёр гартай. Нэг нь гааль, нөгөө нь татвар. Тиймээс энэ хоёр байгууллага уялдаатай ажиллах ёстой. Бизнесийн салбарт үйлчлэх,  хууль хэрэгжүүлэхэд туслах ёстой байгууллага. Тиймээс татварын байгууллага өдөр тутмын техник ажиллагаанаас ангижирч, цахимаар татвараа төлөх, өөрсдөө орлогоо тодорхойлох гэх мэт боломжийг бүрдүүлэх ёстой. Гаалийн тухайд ч шинэчлэл их хийж байгаа. Иргэд эдгээр байгууллагад хяналт тавих бололцоо нээлттэй. Сангийн яам 2014 оныг Бүх мэдээллийг нээлттэй болгох жил болгон зарласан. Тиймээс манай яам харьяа байгууллагуудтайгаа хамтран эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Цоо шинэ тогтолцоо төсвийг ард иргэдийн оролцоо, хяналтын дор хэрэгжүүлж байгаа. Тиймээс иргэд шат шатандаа хяналт тавиарай.

Гол найдлага эдийн засаг хэдий хэр эрчимжинэ тэр хэрээр санхүүжилт хүрэлцээтэй болно. Бид аль болох холыг харж ажиллахыг хичээж байна. Саалийн үнээгээ мах болгоод өл залгахыг бус сааль сүүгээ нэмэгдүүлэхийг хичээж байна.