С.Бямбацогт: Ам.долларын ханшаа буруу тооцчихоор төсвийн бүх тоо худлаа гардаг
-НЭГ ӨДӨР АЛДВАЛ ХЯМРАЛ НЭГ УЛИРЛААР УДААШИРНА-
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр хуваарийн дагуу болж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос хуралдааны талаар тодрууллаа.
-МАН-ын бүлэг төсвийн тодотголыг хэрхэн харж байгаа вэ. Та бүхний хүлээж байсан үр дүнд хүрэх болов уу?
-Төсвийн тодотголыг УИХ-д өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Царцаасан барилгуудын тухай болон цалин нэмэх зэрэг асуудал багтсан. Уг нь МАН-ын бүлэг УИХ-аас Засгийн газарт төрийнхөө данхгар бүтцийг цомхон болго, улс орны төсвийн орлого бүрдэхгүй, төсвийн зардлыг санхүүжүүлж чадахгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлж чадахгүй байгаа учраас төсвийнхөө урсгал зардлыг тодорхой хэмжээгээр бууруул, хэмнэлтийн горимд шилж гэдэг асуудлыг оруулж байсан. Гэтэл эдгээрийг багтаасангүй.
Нийгэмд улс орныг эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд хэрхэн гаргах вэ гэдэг асуудал тулгамдаад байна. Үүн дээр манай намын бүлэг байр сууриа олон удаа илэрхийлж байсан. Эдийн засгийг хөгжүүлдэг, удирддаг бодлогын тоо бол цөөхөн шүү дээ. Нэгдүгээрт мөнгөний, хоёрдугаарт төсвийн бодлого. Хамгийн сайн үр дүн өгдөг нь төсвийн бодлого.
Өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн 15 орчим хувь нь баян, 35 хувь нь дундаж, дунджаас доош орлоготой нь 50 орчим хувьтай байна. Энэ байдлыг бид өөрчлөх ёстой. Чинээлэг дунджийг МАН байнга дэмжиж, дунджуудын төлөө үйл ажиллагаа явуулна. Өнөөдөр энэ бодлого алдагдчихсан байна. Цаашид бидний явуулах үйл ажиллагаа дунджуудад чиглэнэ. Тэгэхгүй бол ард иргэдийн амьдрал хэцүүдэж, эдийн засаг хүндэрч байна. Төрийн бодлого буруу яваад байна. Тиймээс МАН-ын бүлэг энэ асуудалд шахаж, шаардаж ажиллана.
Өнөөдөр нэг өдөр алдвал хямрал нэг улирлаар удааширна. Эдийн засгийг идэвхжүүлэхээс гадна Засгийн газар өөрөө идэвхжих шаардлагатай. Яриад л байдаг төрийн данхгар бүтцийг багасгах, төсвийн ихээхэн хувийг эзэлдэг захиргааны болон урсгал зардлыг дорвитой бууруулах санал орсонгүй. Хамгийн гол нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол төсөв үнэн, бодитой, зөв зохиогдох ёстой.
-Иргэдийн дунд ам.долларын ханш буурахаасаа нэгэнт өнгөрлөө гэх яриа байна. Уг нь төсвийн тухай хуульд 1384 гээд заачихсан. Гэтэл ам.долларын ханш 1800 гарчихлаа. Энэ ямар учиртай юм бэ?
Төсвийн тодотголыг УИХ-д өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан.
-Ханшаа зөв тооцоогүй хэрэг шүү дээ. Өнөөдөр ам.долларын ханш 1820 хүрч байна. Гэтэл Төсвийн тухай хууль 1384 төгрөг байхаар тооцсон байгаа. Тэгэхээр бодит байдалтай нийцүүлж, үнэн зөв тооцоон дээр үндэслэж, улсынхаа төсвийн орлого, зарлагыг тооцож яваач гэдэг шаардлагыг тавьж байсан. Гэтэл энэ асуудал бас орж ирсэнгүй. Нэг ам.долларыг 1384 төгрөг гэчихсэн. Ам.долларын ханшаа буруу тооцчихоор төсвийн бүх зардал, хөрөнгө оруулалт, орлого нь хүртэл худлаа гардаг. Төсвийн тоо болгон нь буруу болно. Өөрөөр хэлбэл энэ төсөв 30 хувийн алдаатай төсөв.
Төсөв өөрөө бодлогын баримт бичиг. Гэтэл төсөв нь худлаа болохоор бодлого нь худлаа болно. Бодлого нь худлаа учраас өнөөгийн нийгэм, эдийн засгийн хямралт байдал руу ороод байна. Тэгсэн мөртлөө Засгийн газар энэ алдаагаа засахын тулд дорвитой арга хэмжээ авахгүй юм. Тиймээс бид өргөн барьсан алдаатай бодлогоо татаж ав гэдэг саналыг оруулах гэж байгаа.
-Бондын мөнгийг төсөвт тусгах ёстой гэсэн санал танай бүлгээс гарч байсан. Төсвийн тодотголд үүнийг оруулсан уу?
-Чингис болон Самурай бондын мөнгийг төсөвт суулга гэсэн үүнийг хийлгүй оруулж ирсэн. Иймэрхүү байдлаар төсвийн тодотгол хийх шаардлагатай юу, үгүй юу. Энэ тодотгол бол үндсэндээ халтуурных болох нь гэж үзэж байгаа.
Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн долоо хоногт зургаадугаар сард дахиад төсвийн тодотгол оруулж ирнэ гэж байсан. Хэрвээ тийм бол одоо тодотгол хийх шаардлагатай эсэхийг бүлгийн хуралдаан дээр ярилцаж байгаа.
-Тэгвэл ашигт малтмалын тухай хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын дэвшүүлж байсан ашигт малтмалтай холбоотой заалтуудыг одоогийнхтой харьцуулбал газар, тэнгэр шиг ялгаатай. Тодруулбал уул уурхайн ордуудыг түшиглэж байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгоно. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордод байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна гэх заалтыг оруулж ирсэн. «Шударга ёс эвсэл»-ийн бүлэг мөн ялгаагүй «Оюутолгой»-н Монголын талын эзэмших хувь 51-ээс доошгүй байна. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордыг ард түмний мэдэлд оруулж, төрийн хамгаалалтад авна. «Тавантолгой»-н ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгана гэсэн заалтууд дэвшүүлж байсан.
Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа стратегийн ач холбогдолтой ордуудын 51- ээс дээш хувийг төр эзэмшинэ гэснийг 51 болгож, бууруулах. Тэр ч бүү хэл 34 хувь болгох гэж байна. Нөгөөтэйгүүр ард түмний мэдэлд биш төрийн албан тушаалтнуудын мэдэлд байлгах, яам, агентлагийн албан тушаалтны оролцоог нэмэгдүүлэх зорилготой заалтуудыг оруулж ирсэн. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сайжруулах биш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг муутгасан заалт байна гэж үзсэн. Тиймээс зөрүүтэй байр сууриа тодорхой болго. Сонгуульд дэвшүүлж байсан зорилтоо биелүүл, чадахгүй бол уучлалт гуйж, өргөн барьсан хуулиа батлуул гэдэг шаардлага тавих гэж байна.
Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгоно.
Ер нь хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн тогтвортой, тодорхой эрх зүйн орчинг л хүсч байгаа. 34 хувь хүртэл, 51 хувь гэдэг маань таван хувь, бүр 50 хувь ч байж болно. Энэ нь төрийн албан тушаалтантай ханцуйндаа наймаалцах асуудал болчихоод байна. Үүнээс үүдсэн тогтворгүй нөхцөл байдал хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байна шүү дээ. Тиймээс тодорхой болгох ёстой. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах тухай бас хөндсөн байна лээ. Ийм зүйл байж болохгүй.
-Уул уурхай, ашигт малтмалын салбарын уналт эдийн засаг хүндрэх гол хүчин зүйл болсон гэх яриа байдаг. Одоо хийх гэж байгаа нэмэлт, өөрчлөлт энэ байдлаас гаргаж чадахгүй гэсэн үг үү?
-Уг нь нийгэмд энэ хуулийн хүлээлт маш их байгаа. Ялангуяа сүүлийн дөрвөн жилд хайгуулын лицензийг зогсоосон, уул уурхайн салбарт явуулсан алдаатай бодлогоос болж хөрөнгө оруулалт татарсан. Тиймээс энэ салбарын уналт нийгэм, эдийн засгийн хүндрэл үүсэхэд том түлхэц болсон.
Мөн энэ хуулиар баялгийн хуваарилалтыг шударга, тэгш болгох нь гэсэн хүлээлт их байсан. Төрийн захиргааны оролцоог тодорхой болгох хэрэгтэй. Энэ төрлийн тодорхой заалтууд орж ирэх байх гэж хүлээж байлаа. Гэтэл байхгүй. Өнөөдөр энэ хайгуулын лицензийг нээе гэж байгаа боловч гурван жилийн хугацаанд хэн нэгэнд шилжүүлж, өөр байдлаар хандах боломжгүй.
Гурван жилийн дараа 10 хувийг, зургаан жилийн дараа талбайнхаа 20 хувийг улсад буцааж өгдөг. Уг нь хайгуулын лицензийг дөрвөн аргаар авч болдог. Гэтэл одоо хамгийн түрүүнд орж ирсэн хөрөнгө оруулагч эсвэл сонгон шалГаруулалтаар авч болно гэж байгаа. Шинэ хуульд алийг нь дуудлага худалдаагаар, шууд, сонгон шалгаруулалтаар, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр авах вэ гэдгийг захиргаа шийдэхээр болж байгаа.
Стратегийн ач холбогдолтой орд газрын асуудлыг хөндөхдөө тухайн ордын эдийн засгийн үр өгөөж, ашгийн түвшинг нь харгалзаж 34 хүртэл, 50 хүртэлх хувийг нь монголын төр эзэмшихээр оруулсан нь хэний ч сэтгэлд нийцэхгүй.
Мөн улсын хилийн зурваст эрэл, хайгуул хийх, олборлох асуудлыг тусгаж өгсөн. Энэ асуудал УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд байгаа. Гэтэл үүнийг Засгийн газрын мэдэлд авна гэж байна. Үүний цаана өнгөрсөн намраас хойш явуулсан тодорхой орд газрууд руу орох гэсэн ЗГХЭГ-ын санаа байх вий гэсэн болгоомжлол байна.