УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.05.13

Г.Батхүү: Саалийн үнээгээ сайн тэжээж байж удаан хугацаанд их хэмжээний сааль авах ёстой

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Г.Батхүү уригдан оролцлоо.

-          УИХ өнгөрсөн долоо хоногт Монгол улсын эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлэх хуулийн төслийг баталчихлаа. 100 хоногт эдийн засаг эрчимтэй болох уу, үгүй юу гэдэг асуудлыг хүмүүс их сонирхож байгаа. Тэгэхээр та Монгол улсын их хурлын гишүүнээр гурван ч удаа сонгогдсон хүн. Эдийн засгийг эрчимжүүлэх боломж ер нь хэр байдаг юм бэ, Үүнийг та яаж харж байна?

Өнөөдөр  улс орны эдийн засаг хүнд байгаатай хүнд болгон санал нэг байгаа. Тэгэхээр энд эдийн засгаа эрчимжүүлэх, тэр дундаа богино хугацааны, эхний ээлжинд эрчимжүүлэхийн тулд авах суурь гол асуудлыг шийдэх ёстой гэдэг ийм байр сууринаас эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг энэ хаврын чуулганы бүрэн эрхийн хугацаанд эхлүүлж, энэ ажлыг хийе гэдэг санал, санаачлагын үүднээс Засгийн газрын тогтоолын төслийг өргөн барьж тогтоолын төслийг батлууллаа. Энэ ажлын хэсэгт би орж ажилласан.

Өнөөдөр улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд, иргэдийн амьдралыг сайжруулахад олон асуудлуудыг шийдэх шаардлагатай байгаа. Тэр дундаа эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой болгох, хүний бизнесэд хөндлөнгөөс оролцдоггүй байх, хүнд суртлыг арилгах, олон зөвшөөрлүүдийг цөөлөх, татварын бодлогоор дарамталдаггүй байх гэх мэт олон талын асуудлыг шийдэж байж улс орны эдийн засаг зөв голдирол руугаа чиглэх чиг хандлагыг тогтооно гэж үзэж байгаа. Энэ шийдэж байгаа асуудлуудын заримынх нь үр дүн ч гэсэн хаврын чуулганы хугацаанд гарч эхлэх ёстой гэж ойлгож байна.

 Хууль зэрэг олон юман дээр жижиг, том  бизнес эрхлэгчид гэж хувааж байгаа нь буруу.

Бид олон асуудлуудыг шийдэхгүйгээр өнөөдрийг хүрсэн. Ужгарсан олон асуудлууд байна. Өнөөдөр бизнесийнхэн татварын, бусад чиглэлийн хүчний байгууллагуудын зүгээс их дарамт шахалттай Монголын төсвийг бүрдүүлдэг томоохон компаниудын захирлууд нь хууль, хяналтын байгууллагууд дээр шалгагдаж байдаг. Ажлаа хийж чаддаггүй.

Ерөнхийдөө дэлхийн эдийн засаг хүнд байгаа. Түүнтэй холбоотойгоор Монголын эдийн засаг хүндрээд ирэхээр томоохон татвар төлөгчдөө дэмжих бодлогыг барих хэрэгтэй. Үүнийг  энгийн үгээр хэлбэл саалийн үнээгээ сайн тэжээж байж удаан хугацаанд их хэмжээний сааль авах ёстой. Өнөөдрийн бидний явуулж байгаа зарим бодлого нь үнээгээ нэг өдөр нядлаад хэрэглэчих, маргааш нь сааль авах боломжгүй, орлогогүй болох зүйл рүү явж байгаа нь олон.

-          Та сая бизнес эрхлэгчдийн тухай хэллээ. Манай бизнес эрхлэгчид Монгол улсын Засгийн газар зөвхөн уул уурхайд тулгуурласан цул мөнгө харсан, их мөнгө орж ирэхийг хүлээсэн хүлээлтээр эдийн засгийг төлөвлөж байна. Гэтэл өнгөрсөн жилүүдэд Монгол улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрч явсан бизнесийнхнээ дэмжих боломж байгаагүйгээс энэ хугацаанд 22 мянга гаруй аж ахуй нэгжүүд үүдээ барилаа гэсэн шүүмж байна. Тэгэхээр энэ алдааг яаж засах вэ?

Тэгэхээр улс орны татварыг бүрдүүлж, улс орныг тэжээж авч явж байгаа гол хүмүүс бол бизнесийнхэн. Бизнесийг том, жижиг гэж хуваахын эсрэг байдаг. Том бизнес эрхэлж том бизнес хийж байгаа хүн их хэмжээний хариуцлага үүрч, их хэмжээний эрсдэлтэй ажил хийж байгаа. Жижиг гээд түүнийг ангилж болохгүй, тэр том болохын төлөө явах ёстой. Тэгэхээр бизнес эрхлэгчдийг ерөнхийд нь нэрлэмээр байгаа юм.  Хууль зэрэг олон юман дээр жижиг, том  бизнес эрхлэгчид гэж хувааж байгаа нь буруу. Ямар ч бизнесийг авч яваа тэр хүнд л төрөөс бага дарамт үзүүлдэг. Эрх зүйн болон эдийн засгийн орчныг бүрдүүлж өгдөг. Болж өгвөл жоохон дэм өгдөг ийм л бодлогыг бид явуулмаар байгаа юм.

Жижиг гээд түүнийг ангилж болохгүй, тэр том болохын төлөө явах ёстой.

Жишээ нь, ажлын байрын асуудлыг бид их томоор буюу шинэ үйлдвэр байгуулаад, тууз хайчлаад, том ажлын байрыг бий болгох тухай яриад байдаг. Ажлын байр гэдэг бол   айл өрх дотор байгаа жижиг бизнес, малчин хүн сүүгээ борлуулах нь өөрөө ажлын байр шүү дээ. Тэр малчин хүний саасан саалийн сүүг л өнөөдөр худалдаж аваад борлуулчихдаг үйлдвэрийг орон нутагт нь байгуулаад өгчихвөл 600 малчин өрх бүхий  суманд жилдээ 5.6 тэрбум төгрөгийн сүү борлогдож, нэг айл дунджаар жилдээ 12 орчим сая төгрөгийн сүүний орлогыг олж байгаа юм.

Сумын эдийн засагт 5 орчим тэрбум төгрөг эргээд ирэхээр суманд байгаа талхны үйлдвэрүүд олон талх зарна, ахуй үйлчилгээнүүд нь олон төрлийн үйлчилгээ үзүүлнэ, зуух яндан олон худалдаж авна, наадмаар торгон дээр олныг оёулна, хоолны газрын орлого сайжирна, түүнийгээ дагаад сургуульд хийгдэх хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ зэргээр сумын эдийн засаг хөл дээрээ босоод ирэх бололцоо байгаа юм. Гэтэл бид жигтэйхэн том холыг харсан, хүлээлттэй болчихоод байна. Одоо монгол хүн Тавантолгойн хувьцаагаа авах юмсан гэсэн хүлээлттэй хүмүүс суугаад байдаг.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...