"Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт чуулга уулзалт боллоо
Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт чуулга уулзалт боллоо
2014.05.14

"Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт чуулга уулзалт боллоо

Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өчигдөр Төрийн ордонд цуглаж, өөрсдөдөө тулгарч буй бэрхшээл, улсаас хүсч буй дэмжлэгээ төр засгийнханд тоочицгоолоо.

“Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт чуулга уулзалтад Улаанбаатар хотод жижиг бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 800 хүн оролцсон юм. Нийслэл хотын хэмжээнд 12 мянган жижиг бизнес эрхлэгч бүртгэлтэй байгаагаас 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Эдгээр эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь 40-55 насныхан юм.

Ажил эрхлэлтийн байдлаас харахад оёдол, сүлжмэл эдлэл, ахуйн үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлал, гар урлал, бэлэг дурсгал, эсгий эдлэл зэрэг салбараас гадна барилга, арьс шир, модон эдлэлийн бизнест хүртэл эмэгтэйчүүдийн оролцоо их байгаа аж. Хөдөлмөрийн яам, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хамтран зохион байгуулсан уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлсэн бөгөөд, сайд Я.Санжмятав, Их хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга нар ирсэн байв. УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг “Хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралын их ачааг нуруундаа үүрч яваа олон мянган эмэгтэйчүүд өөртөө төдийгүй гэр бүлийнхэндээ, өрөөл бусдад ажлын байр бий болгож, зах зээлд эзлэх байр сууриа бататгадаг. Судалгаагаар энэ хэмжээний бизнес хийдэг эмэгтэйчүүдийн 23 хувь нь зээлийн хүү хэт өндөр гэж хариулжээ. Үүнээс үзэхэд жижиг бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь эргэлтийн хөрөнгө болоод байгаа” хэмээж байв.

Өчигдөр цугласан 800 орчим бизнес эрхлэгч дунд 50 байтугай 20-иос дээш хүнийг ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжтэй нь нэгээхэн ч байсангүй.

Түүнчлэн эмэгтэйчүүдэд бизнес эрхлэхэд олон саад бэрхшээл учирдаг аж. Энэ тухайгаа тэд өчигдөр сайн хэлж авах шиг болсон. Тухайлбал, арьс шир, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Ж.Саран, Ж.Болорчулуун нар хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүйн дээр БНХАУ-аас маш хямд үнэтэй ирсэн ижил төрлийн бараа бүтээгдэхүүн олноор худалдаалж, үндэсний үйлдвэрлэлийн борлуулалтад ихээхэн хүндрэл учруулдаг хэмээн тайлбарлав.

Түүнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олонх нь барьцаа хөрөнгөгүй, түрээсийн мөнгөө төлж дийлдэггүй тул нийтийн байрны орцонд, эсвэл гэрээр үйлдвэрлэлээ явуулдаг байна. Өөрөөсөө гадна 2-3 иргэнийг цалинжуулдаг. Сүүлийн үед ажилчдаа цалинжуулах аргагүй болж байгаа нь үйлдвэрлэсэн бараа нь борлогдохгүй болсонтой холбоотой.

Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн барааг гадаадын хөрөнгө оруулалттай компани, төр худалдан авахад анхаарахыг хүслээ. Тэд ажлын бээлийнээс эхлээд цагдаагийн дүрэмт хувцас зэргийг хийх боломжтой. Өрх гэрээр үйлдвэрлэл явуулж байгаа иргэдээ нэгдсэн бодлогод оруулж, ажлын байрыг нь гаргаад өгчихвөл ажиллах хүч хангалттай байгааг хэлж байв. Ингэж чадвал цагдаагийн дүрэмт хувцсыг дотооддоо богино хугацаанд хийж, нийлүүлэх бүрэн боломжтой гэнэ.

Мөн 23 жил угалзтай монгол гутал оёж, борлуулж буй Сонгинохайрхан дүүргийн нэгэн бизнес эрхлэгч “Би энэ хугацаанд банкнаас зээл авч байгаагүй. Эргэлтийн мөнгөө өөрөө гутлаа зарж босгодог байсан. Энэ бүхний хүчинд нөхөр маань мужааны цехтэй боллоо. Анх удаа ЖДҮ-дэд зориулсан хөнгөлөлттэй зээлээс таван сая төгрөг авахаар төслөө бичтэл, банкин дээр очоод гурван ч удаа буцсан. Уг нь “Таны төсөл шаардлага хангахгүй байна” гээд урдаас шидихийн оронд, мэдээллээр хангаад өгч яагаад болдоггүй юм бэ” хэмээн бухимдаж байлаа. Мөн цехийнхээ үйл ажиллагааг доголдолгүй явуулахын тулд 380 вольтын зөвшөөрөл хүсээд ер бүтээгүй гэнэ. Гэсэн атлаа цахилгааны мэргэжилтэй, хувь хүн “Таван сая төгрөг өгчих. Эрчим хүчний газраас бүх зөвшөөрлийг нь хоёр долоо хоногийн дотор аваад өгье” гэж авлига нэхдэг тухай ч “ховлоод” авлаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчнийхэн ар өврийн хаалгаар зөвшөөрөл өгдөг бололтой.

Ажил эрхлэлтийн байдлаас харахад оёдол, сүлжмэл эдлэл, ахуйн үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлал, гар урлал, бэлэг дурсгал, эсгий эдлэл зэрэг салбараас гадна барилга, арьс шир, модон эдлэлийн бизнест хүртэл эмэгтэйчүүдийн оролцоо их байгаа

Гэхдээ өчигдөр цугласан 800 орчим бизнес эрхлэгч дунд 50 байтугай 20-иос дээш хүнийг ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжтэй нь нэгээхэн ч байсангүй. Гэтэл жижиг, дунд бизнес эрхлэгчийн шаардлагад дор хаяж энэ үзүүлэлт байх ёстой аж. Тиймээс ЖДҮ-дэд зориулан гаргасан гэх 400 орчим тэрбум төгрөг зориулагдсан хүмүүстэй очоогүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ зээлийн нэрийг бичил болон өрхийн бизнес эрхлэгчдэд гэсэн нэрийн дор гаргах хэрэгтэйг хэлж байлаа. Мөн эдгээр эмэгтэйчүүд хэтдээ эдийн засгийн тулгуур болох үйлдвэрлэлийг эх орондоо бий болгох гэж зорьж яваа. Харамсалтай нь үндэсний үйлдвэрлэлд том чөдөр болсон импортын бараанд нэн яаралтай татвар тогтоох хэрэгтэй гэсэн санаа ч гарч байв.

Эцэст нь чуулга уулзалтаас зөвлөмж гаргалаа. Тодруулбал үндэсний үйлдвэрийн худалдааны төв байгуулах, түүнийгээ бизнес инкубатор төвтэй холбохыг зорино. Жижиг, дунд бизнес эрхлэлтийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бага хүүтэй, урт хугацаат зээл олгох. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настныг ажлын байраар хангавал тухайн компанид урамшуулал олгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн барааг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд худалдан авах эрх зүйн орчинг бий болгох.

ЖДҮ эрхлэгчийг даатгалд хамруулах, алслагдсан бизнес эрхлэгчдэд тээврийн цахилгааны хөнгөлөлт эдлүүлэх, орон сууцны найман хувийн зээлд хамруулдаг болох боломж бололцоог олгох гэсэн саналуудыг тусгаж, үүнийгээ ажил хэрэг болгохын төлөө УИХ дахь эмэгтэй гишүүд бодлогын төвшинд ажиллахаар боллоо. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ирэх намар дахин зохион байгуулахаар болсон юм.