Л.Энх-Амгалан: 400-600 тэрбумаар зардал хэмнэх боломжтой
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.05.13

Л.Энх-Амгалан: 400-600 тэрбумаар зардал хэмнэх боломжтой

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн ч “Буцаах шаардлагатай” гэх байр суурийг та илэрхийлсэн. Асуудал нь юунд байна? 

-Ханшийн эрсдэл, төлбөрийн балансын алдагдлыг санхүүгийн эрсдэл болгохоос урьдчилан сэргийлэхийн тулд УИХ-аар өнгөрсөн пүрэв гаригт Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Бодитой зарчмууд түүнд туссан. Тухайлбал, нэгдүгээр зарчимд 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт хийхдээ төсвийн урсгал зардлыг 20 хүртэл хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилж. Хоёрт, улсын төсөвт “ашиглах” төгрөгийн гадаад валюттай харилцах ханшийг тогтсон аргачлал эх сурвалжид үндэслэн тооц. Гуравт, төрийн байгууллагын бүтэц чиг үүргийн давхацлыг арилгаж тогтолцоог боловсронгуй болго. Энэ зарчим дээрээ үндэслэн, төсвийн тодотголоо оруулж ирэх ёстой гэж даалгавар өгсөн. Гэтэл 2014 оны төсвийн тодотголд ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр оруулаад ирж байна. Ингэж болохгүй. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ ханш нь төсвийн орлого талдаа эерэг нөлөө үзүүлнэ” гэж тайлбарлаж байна.

Тэгвэл төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын зардлаа яах юм. Нэг их наяд төгрөгөөр баталж өгсөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын зардлыг 1384 төгрөгөөр тооцохоор хэн түүн рүү орох юм бэ? Өнөөдөр ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1814-1818-ын хооронд хэлбэлзэж байна. Төсөвт тусгасан ханш, бодит байдлын ханш хоёрын дунд 400 гаруй төгрөгийн зөрүү үүснэ, түүнийг компани үүр гэж байгаа юм уу. Эцсийн дүндээ энэ чинь төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын гүйцэтгэл байхгүй болно л гэсэн үг.

Нөгөө талдаа, 2013 онд үүссэн нөхцөл байдал давтагдаж болзошгүй байна. Сангийн сайдын хэлснээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр тасарсан, дахиад 1.2-1.5 их наядаар тасрах төлөвтэй байна. Өнгөрсөн жил төсвийг их өөдрөгөөр төсөөлсөн байсан, гэтэл төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарсан.

Дээр нь оруулж ирсэн тоон үзүүлэлтүүд сайн биш байна. 2014 оны Мөнгөний бодлогод инфляцийг найман хувьд барина гэсэн, гэтэл 12 хувьтай байгаа. Экспорт мөн тасалдаж байна. Ийм нөхцөлд бодит байдал дээрээ үндэслээд төсвийг бодитой төлөвлөх ёстой байсан.

-Сангийн сайдын тайлбараар төсвийн тодотголыг Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолтой уях боломж цаг хугацааны хувьд хомс байсан. Гэсэн ч төсвөөс 40 тэрбумын хэмнэлт гаргасан гэсэн?

-Тодорхой зардлуудыг танаж 40 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэж тайлбарласан. Уг нь УИХ-аас баталсан Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний хүрээнд төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулсан бол 40 тэрбум биш 400-600 тэрбум төгрөгөөр зардлыг хэмнэх боломжтой.  

-Гэхдээ УИХ төсвийн тодотголыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх шийдвэрийг гаргасан. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Жинхэнэ төсвийг удахгүй оруулж ирнэ” гэж хэлж байна лээ. Төсвийг ойр, ойрхон тодотгохоор эрсдэл гарах уу. Төсвийг дахин оруулж ирэх нь тооцооллоо зөв хийж чадахгүй байгаатай холбоотой юу, эсвэл?

-Цаашдаа ийм байдлаар улсын төсвийг хоёроос гурван удаа тодотговол төсвийн тогтвортой байдал, тогтвортой хөгжил байхгүй болно. Төсвийг ингэж ойр, ойрхон тодотгох нь буруу жишиг тогтооно. Мөн төсвийн тодотголыг ойрхон оруулж ирж байгаа нь төсвийн орлогоо буруу тооцдог, валютын ханшийг бодитой тусгаж чадахгүй байгаатай л холбоотой. 

-УИХ-аас Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлаад удаагүй байна. Хөрөнгө оруулалтын орчин сайжрах болов уу. Цаашдаа ямар хуулиуд батлагдах бол?

-Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд УИХ-аас тодорхой хуулиуд, тогтоолын төслүүд баталсан. Цаашдаа ч үргэлжлүүлж батална. Гэхдээ төр бизнесийг хянадаг, шалгадаг, төрөл бүрийн лиценз олгодгоо зогсоож, цөөлөх ёстой. Татвар их ойлгомжтой энгийн болмоор байна. Тэр дундаа жижиг аж ахуйн нэгж, томоохон аж ахуйн нэгждээ зориулсан татварын уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Мөн эдийн засгийн ил тод байдлыг хангах зорилгоор Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлахаар төлөвлөж байна.   

-Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталснаар татвараас зугатаасан том компаниудад илүү боломж олгох нь гэх шүүмжлэл сонсогдох боллоо. Та энэ асуудалд ямар байр суурь барьж байна вэ? 

-Валютын ханшийн өсөлтөөс болж төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч аж ахуйн нэгжүүд төдийгүй иргэд маш их эрсдэл хүлээж байна. Жишээ нь, арилжааны банкуудаас аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн хэмжээ зургаан тэрбум орчим ам.доллар, үүнээс дөрвөн тэрбум орчим ам.долларын зээл байгаа. Доллараар зээл авсан аж ахуйн нэгжүүд нь экспортын орлогогүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ төгрөгөөр зардаг байх жишээтэй. Гэтэл судалгаагаар ам.доллараар зээл авсан аж ахуйн нэгжүүдийн алдагдал гурван сарын хугацаанд 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн гарсан. Энэ юуг харуулж байна вэ гэхээр валютын ханшийнхаа эрсдлээс хурдан гарахгүй бол санхүүгийн эрсдэл рүү ороход нөлөөлж болзошгүй гэсэн үг. Үүнээс гарах нэг гарц нь УИХ-аас Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлах явдал. Үүнд том аж ахуйн нэгж гэхээс илүүтэй жижиг, дунд аж ахуйн нэгжийг хамруулах бодлого барьж байна.

-Яаж хамруулах вэ?

-Монгол Улсад бүртгэлтэй 70 мянга гаруй аж ахуйн нэгжийн 50 мянга гаруй нь жижиг, дунд аж ахуйн нэгжид харьяалагддаг. Жижиг аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын проблем бий. НӨАТ-ын падаанаар тооцоо хийдэг, НӨАТ хоороонд суутган тооцдог. Түүнээс болоод жижиг аж ахуйн нэгжүүд дээр маш их баланс ирчихсэн. Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсчихсэн байгаа.  Хямрал бий болчихсон үед ажлын байрыг хадгалж үлдэх нь хамгийн чухал. Тэгэхээр хямралын үед ажлын байрыг хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдээ төр яаж харж үзэх юм бэ гэдгийг тойрч энэ асуудлыг ярих юм. Түүнээс татвараас зугатаасныг өршөөх гээд байгаа асуудал биш.

-Валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүд алдагдал их хүлээсэн тухай та хэллээ. Экспортод бараагаа гаргадаггүй аж ахуйн нэгжүүдэд банкууд долларын зээл олгосон гэсэн үг үү. Уг нь валютаар худалдаа хийх зэргийг хориглоод байдаг, тэгсэн хэрнээ энэ талын зохицуулалт байхгүй ч юм шиг?

-Арилжааны банкууд эрсдлээ тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, төгрөгийн орлоготой иргэнд долларын зээл олгоод байж болохгүй. Зээл авч байгаа хүн өөрөө төгрөгийн орлоготой байж долларын зээл авах нь эрсдэлтэй. 2014 онд УИХ-аар баталсан Мөнгөний бодлогод ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд ирж байгаа долларын эрсдлийг тооцдог аргачлалыг Монгол Улсад бий болгооч ээ гэдэг чиглэлийг төв банкинд өгсөн. Тодорхой зохицуулалтууд бий болно.

-Засгийн газар энэ онд ам.долларыг 1384 төгрөгтэй тэнцүүлнэ гэж амлалт авсан. Чаддаг болов уу? 

-Маш хүндрэлтэй, 1814 хүрчихсэн ханшийг 1384 рүү аваачина гэдэг бодитой бус. Цаашдаа 1800-гаас илүү гаргачихгүй байх арга хэмжээг авах ёстой.

-Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Валютын нөөцийг дөрвөн эх үүсвэрээр бүрдүүлдэг. Нэгдүгээрт, экспортын орлогоос, хоёрдугаарт, зээл тусламжаар, гуравт алт тушаалтыг нэмэгдүүлэх,  дөрөвт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг. Алтны тухайд тодорхой бодлого хэрэгжиж байна. Энэ жил алтны нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Экспортын орлогыг нэмэгдүүлэхийн тулд Оюутолгой, Тавантолгой, тээвэр ложистикийн асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой. Ийм арга хэмжээг Засгийн газар авахгүй бол зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын гадаад өрийн хэмжээ энэ онд ДНБ-ий 40 хувиас хэтрэх ёсгүй. 

-Нөхцөл байдал тун амаргүй байна. Гэхдээ УИХ-аас Эдийн засгийг идэвхижүүлэхээр тогтоол баталлаа. Араас нь 2014 оны төсвийн тодотголыг батална. Байдал сайжирдаг байгаа даа?

-Хамгийн түрүүнд баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллах ёстой, энэ хүрээндээ Эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээний хүрээнд заагдсан асуудлаа шийдээд явах. Тэгэхдээ төсвийн тодотголоо илүү бодитой, Эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээнд заагдсан бодлогын хүрээнд төлөвлөж байж энэ бүхнээс гарна.