Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан “Эх баригчдын дуу хоолой” уулзалт, сургалт боллоо
Эрүүл мэндийн сайд Н. Удвал
2014.05.07

Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан “Эх баригчдын дуу хоолой” уулзалт, сургалт боллоо

Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан “Эх баригчдын дуу хоолой” сэдэвт уулзалт, сургалтыг өнөөдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, “Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэг”-ээс зохион байгууллаа.

Тус уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд нийт эх баригч нартаа мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр, “Эх, нярайг эсэн мэнд амаржуулж гэр бүлд аз жаргалыг бэлэглэх хариуцлагатай бөгөөд ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригч, бага эмч нартаа Олон улсын эх баригчдын өдрийн халуун мэндийг дэвшүүлье” гэв.

Монгол улсын хэмжээнд нийт 814 эх баригч ажиллаж байгаагийн 56 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд, 13,7 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд, 12,4 хувь нь амаржих газруудад, 14,4 хувь нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж байна. 2013 онд нийт 79371 эх төрж, 79780 нярай мэндэлсэн нь сүүлийн 23 жилийн хамгийн өндөр төрөлттэй жил байв. Сүүлийн жилүүдэд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч анхаарах асуудлууд байсаар байна.

“Эх баригчдын дуу хоолой” сэдэвт уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Нярайн эндэгдлийг бууруулахад та бүхний сэтгэл, зүтгэл, хүчин чармайлт юу юунаас илүү хэрэгтэй байна. Учир нь нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг багцаар, зөв үзүүлэх нь нярайг эндэхэд хүргэдэг түгээмэл шалтгаануудаас сэргийлэх, өртөг багатай, үр дүн сайтай арга юм.

“Эх баригчдын дуу хоолой” сэдэвт уулзалт, сургалт

Энэ нь эх баригч та бүхний өдөр тутмын хийдэг нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс-арьсаар шүргэлцүүлэх, хүйг зөв цагт, зөв хавчин, нэг удаагийн үйлдлээр хайчлах, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах зэрэг үйлдлийг тогтмол зөв хийж хэвшүүлэхэд л нярайн эндэгдлээс сэргийлэх боломжтой байна. Мөн түүнчлэн дутуу нярайд Имж эхийн асаргаа хийх, бүтэлттэй нярайг уут, хошуувчаар амьсгалуулах зэрэг тусламжийг хугацаа алдалгүй үзүүлэх ур чадварт суралцах хэрэгтэй байна” гэв.

Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй тус уулзалтад НҮБ-ын ХАС-ын суурин төлөөлөгч Наоми Китахара хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр “Олон улсын эх баригчдын өдрийг та бүхэнтэй хамт тэмдэглэж байгаадаа баяртай байна. Эхийн эндэгдлийг бууруулж, тодорхой амжилтад хүрсэн улс орнуудад мэргэшсэн эх баригч нар чухал үүрэг гүйцэтгэдэг.

Монгол улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтын 2015 оны түвшинд хүрсэн бөгөөд үүнд эх баригчид чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа эхийн эндэгдэл 1990-2013 онд жилд 3,8 хувиар буурч, өнгөрсөн жилийн сүүлээр 100 000 амьд төрөлт тутамд 42,7 болсон. Эндэгддлийг ийнхүү бууруулахад эх баригч нарын оруулсан хувь нэмрийг энд дурьдахгүй байх аргагүй юм” гэв.

 Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан эхийн эндэгдлийг бууруулахад эх баригч нарын гаргасан бүх хүчин чармайлтыг талархан сайшааж буй гэдгийг дуулгасан юм. Дэлхийн бусад орнуудад нийт төрөлтийн 70 хувийг мэргэжлийн эх баригч нар удирдаж, тусламж үзүүлдэг бол Монгол улсад нийт төрөлтийн 98 хувийг мэргэжлийн эх баригч нар эх барьж байна.

Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн эх баригч нар маань дэлхийн эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид айл бүрт хүрч дэлхий ертөнцийг өөрчилнө” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж, бүтээлч ажлуудыг санаачлан хийж байгааг онцлон хэлсэн юм. Тэд дэлхийн эх баригчдын өдрийг угтан “Аюулгүй цус- эхчүүдийг аварна” сайн санааны аянд нэгдэж 2014 оны 05 сарын 02-ны өдөр ЦССҮТ-д очин, цусаа бэлэглэсэн. Мөн СХД-ийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгаа хийх, төрсөн эх, нярайг эргэж, асаргаа сувилгаа, тусламж, үйлчилгэ үзүүлсан байна. Түүнчлэн 136 өрхөд эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулжээ.