“Бүтээлч ажил -2” болон “Эрүүл мэндийн довтолгоо”-г улс орон даяар эхлүүллээ
Эрүүл мэндийн сайд Н. Удвал
2014.05.05

“Бүтээлч ажил -2” болон “Эрүүл мэндийн довтолгоо”-г улс орон даяар эхлүүллээ

Эрүүл мэндийн яам 2014 онд “Бүтээлч 15 ажил”-ыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар хангах, иргэд цусны даралтаа өөрсдөө хянах дадлыг олгох “Бүтээлч ажил-2” юм. 

Энэхүү “Бүтээлч ажил-2”-ын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2014.05.05/ Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулагдлаа.  

Цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар өрхийн эрүүл мэндийн төвийг хангах, иргэд цусны даралтаа өөрсдөө хянах дадлыг олгох “Бүтээлч ажил-2” болон иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг улс орон даяар эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од,  Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэд дарга У.Цэвэгмид, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ц.Лхагва болон албаны бусад хүмүүс, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүд оролцов.

“Бүтээлч ажил-2”-ын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2014.05.05/ Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулагдлаа.

Цусны даралт хэмжих суурин аппаратаар бүх сум, өрхийн эмнэлгүүдийг хангах бөгөөд нийт 500 гаруй аппарат суурилуулах юм байна. Үүнээс 142 аппаратыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Тусламжийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд нийлүүлэх бол үлдсэн 450 гаруй ширхэг аппаратыг Эрүүл мэндийн сайдын 2014 оны хөрөнгө оруулалтаас худалдан авахаар төлөвлөжээ.

Эдгээрээс эхний ээлжид Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 18, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд 35 ширхэг аппаратыг нийлүүлж байна. 

Цусны даралт хэмжих аппаратаар хангаж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгосноор иргэд цусны даралт ихсэх өвчнөөс өөрсдөө сэргийлж, хянаж, хугацаа алдахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах орчин нөхцөл бүрдэж байгаа юм. 

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 18, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд 35 ширхэг аппаратыг нийлүүлж байна.

ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од хэлэхдээ, “Бид сум, өрхийн эмнэлгүүддээ нийлүүлж байгаа энэхүү цусны даралт хэмжих аппарат бол Японы “Омрон” брэндийн бүтээгдэхүүн. Бүрэн автомат бөгөөд ямар ч алдаагүй заадгаараа давуу талтай. Мөн уг аппарат нь цусны даралтаа үзүүлсэн хүний даралт ямар байгааг бичгээр хэвлэж гаргах боломжтой принтертэйгээрээ онцлог. Энэ нь иргэд өөрсдөө даралтаа хянаад цаасан хэлбэрээр хувилаад авах боломжтой гэсэн үг” гэв.

Түүнчлэн энэ үеэр иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулж, гарын авлага материалаар хангах “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг улс орон даяар эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа давхар болсон юм. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Өнөөдөр бид энд иргэддээ өөрсдийнхөө эрүүл мэндийг өөрсдөө хамгаалах, хянах боломжийг олгохоор цуглаад байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тооцоолсноор халдварт бус өвчин, түүнд нөлөөлөх шалтгааныг хяналтад авч, тодорхой арга хэмжээ авбал энэ өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүнээс зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижингийн хэв шинж- 2-ыг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөөд байна. 

“Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг ашиглан, өрх бүр өдөр тутмынхаа амьдралдаа эрүүл, зөв амьдрах эдгээр 21 дадлыг хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын өвчлөлийн бүтцэд өөрчлөлт орж, хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалсан өвчнүүд буюу халдварт бус өвчнүүд, түүн дотор зүрх судасны эмгэг, цус харвалт, артерийн даралт ихсэлт, зүрхний цусан хангамжийн дутагдал, шигдээс давамгайлах болж, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. 

Дээрх өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, түүнийг бууруулах, эрт илрүүлэх, эрүүлжүүлэх хөтөлбөр, төсөл болон артерийн даралт ихсэлт, харвалтын дараах эмчилгээний эмнэлзүйн удирдамжийг боловсруулан, үндэсний хэмжээнд хэрэгжилтийг зохион байгуулж байна. 

Энэ жил Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр” –ийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. 

Мөн эрүүл мэндийн яам 2014 онд “Бүтээлч 12 ажил”-ыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар ханган, иргэд цусны даралтаа өөрсдөө хянах дадлыг олгох “Бүтээлч ажил -2” юм” хэмээн онцлов. 

Уг ажлын хүрээнд айл өрх, хүн бүрийн эрүүл мэндэд тустай “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг бэлтгэн, иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулна. Иргэдийн эрүүл мэндээ хянах боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн эрсдэлийг ойлгон мэдэх, түүнээс сэргийлэх, хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг ашиглан, өрх бүр өдөр тутмынхаа амьдралдаа эрүүл, зөв амьдрах эдгээр 21 дадлыг хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа юм. 

“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг Эрүүл мэндийг дэмжих сангаас нэг иргэнд 1000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн анхан шатны байгууллага болох сум, өрхийн эрүүл мэндийн төв, тосгон болон сум дундын эмнэлгүүдэд санхүүжилтийг хуваарилан хэрэгжүүлэх ажээ.