Генералууд хүндэтгэл үзүүлэв
“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цол үүсэн бий болсны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэхүү түүхт ойг тохиолдлуулан генерал цолтнууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж генералуудыг хүлээн авч уулзаж байгаа юм.
Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд генерал цол олгосон гэдэг. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ. Тиймээс жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монголын генералуудын өдөр” буюу “Алтан мөрдөстнүүдийн өдөр” хэмээн нэрийдэж, 2004 оноос генерал төрүүлсэн байгууллагууд ээлж дараалан зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монголын генералуудын өдөр” буюу “Алтан мөрдөстнүүдийн өдөр” хэмээн нэрийдэж, 2004 оноос генерал төрүүлсэн байгууллагууд ээлж дараалан зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэ жил Монгол Улсад генерал цол бий болсоны 70 жилийн ой тохиож байгаа тул Батлан хамгаалах яам, “Монгол генерал” төв өдгөө энх тунх ажиллаж, амьдарч яваа генералуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. 1944 оноос хойших 70 жилийн хугацаанд 160 алтан мөрдөстөн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт орсоноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнууд хэрэглэхээр болсон юм.
Монгол улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал, тэдний дунд улсын маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 107, бригадын генерал цолтон 28 төрсөн байдаг. Хамгийн өндөр настан нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл 96 настай бол хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал, 38 настай Л.Онцгойбаяр ажээ.