Баар, цэнгээний газрууд дахь гэмт хэрэг ихэсчээ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаан болов. Хуралдаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Захирагчийн албаны дарга Б.Бадрал НЦГ-ын даргын орлогч, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр нийслэл хот дахь хяналтын камерын системийг нэгдсэн удирдлагатай болгох, бэлэн бус торгууль ноогдуулах цагдаагийн төхөөрөмжийн үйл ажиллагаа болон ашиглалтын зардлыг шийдвэрлэх, баар шөнийн цэнгээний газар, зочид буудлуудад үйлдэгдэж буй гэмт хэрэг түүнийг бууруулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдах "Баг" журмын талаар хэлэлцсэн юм. Мөн Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2014 оны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн газарт нийтдээ 500 гаруй камер суурилуулсан аж. Тэдгээр камеруудыг суурилуулах, хянах шалгах ажлыг амжилттайгаар зохион байгуулаад байгаа ч одоогоор бүгдийг нь нэгтгэж хариуцдаг удирдлага байдаггүй аж. Иймд хотын бүх камеруудыг хариуцан ажилладаг эзэнтэй болгох нь чухал гэдгийг хэлж байсан юм.
Зөрчил гаргасан байгууллагуудын үйл ажиллагааг нь зогсооход сарын дараа л ажиллаад эхэлдэг, шөнийн 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зардаг байна.
Хурлын үеэр хэлэлцсэн бас нэг гол асуудал нь баар, цэнгээний газруудад гарч буй гэмт хэрэг ихэссэн тухай байлаа. 2014 он гарсаар Нийслэлийн хэмжээнд 4101 гэмт хэрэг бүртгэгдсэний 211 нь баар, шөнийн цэнгээний газар, 67 нь зочид буудалд, зургаан гэмт хэрэг нь саунд гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.9 хувь өссөн үзүүлэлт аж. Эдгээр гэмт хэргийн дийлэнхийг согтуугаар үйлдсэн байна.
Сүүлийн жилүүдэд архины хуулийг чангатгаж шөнийн 00.00 цагаас хойш архи худалдахгүй байх, архи согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрөлтэй газруудын тоог бууруулж байгаа. Гэсэн ч баар, цэнгээний газар дахь гэмт хэргийн гаралт ихэссэн байна. Энэ нь ийм төрлийн үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад нарийн хяналт тавьж ажиллаагүй, тэднийг өөгшүүлж буйтай холбоотой гэнэ. Тухайлбал, зөрчил гаргасан байгууллагуудын үйл ажиллагааг нь зогсооход сарын дараа л ажиллаад эхэлдэг, шөнийн 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зардаг байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралтаар Баянзүрх дүүрэг, Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг тэргүүлдэг ажээ.