УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.01.22

Д.Батцогт: Хөнгөвтөр ялтай, алдсан хүмүүсийг өршөөх шаардлагатай

2014 оны хувьд өршөөлийн хууль батлах ямар шалтгаан байна вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байна.

Хорих ангид хоригдлууд нь багтахгүй байгаа учраас, мөн хоригдлын хоол ундны зардлыг дийлэхгүй болсон учир өршөөлийн хууль гарах гэж байна. Арга ядсан аргаар Хоригдлуудыг суллаж нийгмийг тайван бус болгох нь төрийн эрх биш гэж зарим иргэд үзэн өршөөлийн хуулийг эсэргүүцэж байгаа юм.

Харин хууль тогтоогчид хийгээд санаачлагчид итгэлд илүү их төвлөрч байгаа. Өнгөрсөн жил өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийн 10 хувь нь хэрэг үйлдэн хэцүү нэртийн хаалгыг татсан. Гэхдээ цаана нь 90 хувь нь засарсан итгэлийг даасан үр дүн байгаа юм. Тиймээс өршөөлийн хууль гарах учиртай хэмээн хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт "Залуучууд алддаг онодог. Алдсанаасаа болоод ял эдлээд үүнээс болоод буруу тал руу хүмүүждэг зүйл бий. Шорон гэдэг хүмүүсийг засрах, ухаарах талаас нь хийж байгаа зүйл муу гэдгийг харж байгаа. Тиймээс хөнгөвтөр ялтай, алдсан хүмүүсийг өршөөх шаардлагатай гэж хуулийг өргөн барьсан" хэмээн хэллээ.

Хүмүүжлийн хамгийн чухал хэлбэр бол итгэл хариуцлага хүлээх арга байдаг гэж сурган хүмүүжүүлэх гээд нийгмийн бүх гишүүд хүлээн зөвшөөрдөг. Тиймээс хүмүүнлэг энэрэнгүй нийгэмтэй байх тухай үндсэн хуульдаа тунхагласан бол өршөөлийн хууль гарах нь зүйтэй гэж хууль санаачлагчид өөрийн байр суурьдаа хатуу зогсож байна.