Б.Гарамгайбаатар: Конвенцид нэгдлээ гээд бизнесмэнүүдэд гай болох ёсгүй
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
-Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж, багагүй шуугиан дэгдээлээ. Та энэ төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эдийн засгийн талаасаа зарим асуудал нь манай байнгын хороогоор ордог. Тэр утгаараа бид 2014 оны Монголбанкны мөнгөний бодлогын баримт бичиг дээр ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх, юун дээр анхаарах вэ гэдэгт тодорхой чиглэлүүдээ өгчихсөн байгаа. Энэ хуулийн тухайд бид нэгэнт элсэн орсон конвенцийнхоо шаардлагыг биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Мэдээж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа учир зарим нэг өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.
-Гадаадын конвенцид нэгдлээ гээд дотоодын иргэн, бизнесмэнүүддээ хяналт, шалгалт нэрээр төрийн дарамтыг ихэсгэж болохгүй гэж зарим хүн шүүмжлэлтэй хандаж байна?
-Энэ төслийг хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Энэ хууль гарснаараа уг нь аж ахуй нэгжүүдэд дарамт шахалт үзүүлэх ёсгүй. Гэхдээ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зарим зүйл заалт нь нэлээд хатуу болсон байна гэсэн шүүмжлэл бий. Тиймээс Хууль зүйн байнгын хороо үүнд анхаарах байх. Олон улсын конвенцийн шаардлагыг биелүүлэх нь зүйтэй.
Гэхдээ монголчууд дотоодынхоо үйлдвэрлэгч, бизнесийнхэндээ халдахгүй байх арга хэмжээг авах ёстой. Манай улс олон улсын маш олон конвенцид нэгдэн орсон байдаг. Тэдгээрийн дотор манай улсад хэрэгтэй юм бас бий. Хамгийн гол нь тухайн конвенцийг хэрэгжүүлж байгаа улсуудын конвенцийнхоо зүйл заалтыг сайн мэддэггүй, иргэдэд сайн таниулдаггүйгээс буруугаар ашиглах тохиолдол маш их байдаг. Тиймээс хүмүүс нэлээд болгоомжлонгуй ханддаг тохиолдол байна.
-Тэгвэл Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийн төслийг ямар байдлаар батлах вэ. Энэ чигээр нь баталбал Монголд мөнгөө өсгөх хүн олдохгүй гэж ярих боллоо?
Олон улсын конвенцид нэгдэн орсноороо Монголын бизнесмэнүүдэд гай болох биш, нэмэр тус болох хууль гарах ёстой.
-Энэ төсөл байнгын хороонд ороод их шүүмжлэл авсан учраас алдаа оноо байсан бол засч залруулах байх. Олон улсын конвенцид нэгдэн орсноороо Монголын бизнесмэнүүдэд гай болох биш, нэмэр тус болох хууль гарах ёстой. Хууль зүйн байнгын хорооны даргын хэвлэлд өгсөн ярилцлагыг харахад энэ хуулийг бид маш яаралтай батлахгүй бол Англи улсын Элчин сайдын яамны данс хаагдлаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр нь янз бүрийн шахалт байж болно гэсэн санаа өгсөн байна лээ. Тийм ч байж болзошгүй. Бид энэ хуулийг хоёр тийшээ туйлшрахгүй батлах ёстой.
- Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд валютын ханшийн талаар асуумаар байна. Энэ онд 1384 төгрөгт барина гэсэн ч одоо ханш 1710 төгрөгөөс буурахгүй байна. Хэзээ зорилтдоо хүрэх вэ?
-Өнгөрсөн жил энэ тооцоог олон улсын байгууллагуудын судалгаа шинжилгээнд үндэслэн гаргасан. Үүнийг УИХ баталсан. Энэ зорилтдоо хүрэхийн төлөө холбогдох байгууллагууд нь ажиллах ёстой. Чадахгүй бол тэд хариуцлагаа хүлээх ёстой.
-Энэ онд коксжих нүүрсний үнэ унах төлөв ажиглагдаж байгаа. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Нүүрсний борлуулалт сайнгүй байгаа нь үнэн. Олон өрсөлдөгчид байна. Манай улс нэг өрсөлдөгч нь мөн ч нүүрсний салбарын дэд бүтцээ шийдэж чадалгүй өнөөдрийг хүргэсэнтэй уялдаад манай өрсөлдөх чадвар буурчихсан байгаа. Үүнийгээ сайжруулахгүй бол бид нүүрсний салбарт тогтвортой, сайн өрсөлдөгч болох боломж харагдахгүй байна. Хоёрдугаарт, дан коксжих нүүрс бус хүрэн нүүрсийг коксжуулах үйлдвэр зэргийг барихгүй бол болохгүй нь.