Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токиод Б.Обаматай уулзах бололтой
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токиод Б.Обаматай уулзах бололтой.
2014.04.21

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токиод Б.Обаматай уулзах бололтой

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирэх гэж байгаа талаарх мэдээллийг бид өчигдөр авлаа.

Энэ мэдээлэл үнэн бол тэрбээр өнөөдөр МИАТ компанийн Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 19.00 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах байсан юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч өчигдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирэх гэж байсан гэх.

Гэсэн ч энэ мэдээллийг холбогдох эх сурвалж үгүйсгэв. Бидэнд олдсон мэдээллээр Ерөнхийлөгч эх орондоо ирэхээ түр хугацаагаар хойшлуулжээ. Учир нь тэрбээр Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж яваа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Токио хотноо лхагва гаригт уулзахаар болсон гэх мэдээлэл байна.

Гадаад бодлогын зөвлөхөө өчигдөр Токиод дуудуулснаас үзвэл дээрх мэдээлэл үнэн бололтой. Хоёр Ерөнхийлөгч чухам ямар асуудлаар ярилцах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ерөнхийлөгч эх орондоо ирэхээ түр хугацаагаар хойшлуулжээ. Учир нь тэрбээр Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж яваа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Токио хотноо лхагва гаригт уулзахаар болсон гэх мэдээлэл байна.

Өнгөрсөн сарын дундуур Японы Токио хотыг зорьсон Ерөнхийлөгч нурууны мэс засалд орсон билээ. Энэ сарын эхээр хийсэн мэс засал амжилттай болсон талаар хэвлэлд мэдээлсэн. Тэрбээр мэс засал хийлгэснийхээ дараа хэд хоног хэвтрийн дэглэм сахиж, удалгүй илааршсан аж. Мэс засал хийсэн эмнэлгийнхээ хяналтад байхдаа тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй энэ сарын 16-нд уулзсан талаар Японы хэвлэлд мэдээлж байсан.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийн асуудлаарх тус хоёр орны холбогдох албаныхны уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсанд талархаж буйгаа илэрхийлсэн аж.