Орчин үеийн оношилгооны эмнэлэг Япон улсын тусламжаар баригдана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсыг зорьж нурууны хагалгаа хийлгэхээр болсон билээ. Тэрбээр өнгөрөгч өдрүүдэд тус улсад эмчилгээгээ хийлгэж, хагалгаа нь амжилттай болсон бөгөөд эх орондоо удахгүй ирэх гэж байгаа.
Тэрбээр, тун сайхан мэдээ аваад очиж байна гэдгээ өөрийн фэйсбүүк хуудсандаа бичиж үлдээсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзан хэд хэдэн хамтын ажиллагааны тухай ярилцжээ.
Тухайлбал Монгол Улсад Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн дэргэд хамгийн орчин үеийн оношлогоо эмчилгээний эмнэлэг Япон улсын тусламжаар барих асуудлыг эцэслэн ярилцаж тохиролцжээ. Өөрийн фэйсбүүк хуудсандаа "Сайн байцгаана уу. Та бүгдийн ерөөлөөр бие сайн болж байна. Абэ Ерөнхий сайд зоог барьж хоёр орны харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Бас манай Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн дэргэд хамгийн орчин үеийн оношлогоо эмчилгээний эмнэлэг Япон улсын тусламжаар барих асуудлыг эцэслэн ярилцаж тохирлоо. Мөн олон тооны инжинер технологийн ажилтан бэлдэхээр боллоо. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбарын харилцаа ч манай хоёр орны хувьд ирээдүй ихтэй юм" хэмээжээ.