Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайдтай үдийн зоог барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
2014.04.17

Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайдтай үдийн зоог барилаа

Арлын Япон оронд эмчлүүлэхээр явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэзээ эх орондоо харих нь тодорхойгүй байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн Японы хэвлэл мэдээлэл Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өдрийн зоог барьсан талаар мэдээлж байна.

“Майничи шимбүн” 

“Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой энэ сарын 16-нд өдрийн зоог барилаа. Монголын Ерөнхийлөгчтэй хийх өдрийн зоог Ерөнхий сайд Абэгийн ажлын төлөвлөгөөнд ороогүй байсан. Хоёр удирдагч зоогийн үеэр Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн талаар ярилцсан болов уу. Ерөнхий сайд Абэ өнгөрсөн жилийн есдүгээр сард Ц.Элбэгдоржийг гэртээ урин, энэ талаар ярьж байсны үр дүн гарч, өнгөрсөн гуравдугаар сард Японы хулгайлагдсан иргэний охин өвөө эмээтэйгээ Улаанбаатарт уулзсан билээ. Зоогийн үеэр Ерөнхий сайд Абэ Монголын Ерөнхийлөгчид энэхүү уулзалтыг зохион байгуулсанд нь талархал илэрхийлжээ” 

“TBS news”

 

“Ерөнхий сайд Абэ Шинзо Монголын Ерөнхийлөгчтэй энэ сарын 16-нд өдрийн зоог барин, цаг гаруй ярилцлаа. Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлаар Монголын Ерөнхийлөгчөөс туслалцаа хүссэн байх магадлал өндөр байна. Зоогийн дараа сэтгүүлчид Ерөнхий сайд Абэгаас “Хулгайлагдсан иргэдийн талаар ярилцсан уу” гэж асуухад “Янз бүрийн л юм ярилцсан” гэж хариулсан байна. Монгол Улс Хойд Солонгостой ойр дотно харилцаатай тул хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулж чадна.

“Тэрэби Асахи”  

“Ерөнхий сайд Абэ Монголын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой үдийн зоог барьж, Хойд Солонгост хулгайлагдсан Мэгүми-гийн охиныг өвөө, эмээтэй нь Улаанбаатарт уулзуулах ажилд тусалсанд нь талархал илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токио хотноо эмчлүүлж байгаа юм. Ерөнхий сайд Абэ түүнд хурдан эдгэхийг хүсэн ерөөжээ”

“MSN news”

“Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 16-нд Монголын Ерөнхийлөгчтэй үдийн зоог барихдаа өнгөрсөн гуравдугаар сард Улаанбаатарт Хойд Солонгост хулгайлагдсан Мэгүмигийн аав ээжийг ач охинтой нь уулзуулах боломж олгосонд талархал илэрхийллээ. Хоёр удирдагч үдийн зоогийн үеэр Украин, Азийн улс төрийн байдлын талаар мөн ярилцсан байна. 1 цаг 15 минут үргэлжилсэн үдийн зоогийн дараа Ерөнхий сайд Абэ сэтгүүлчдийн асуултанд хариулсан.

“Асахи шимбүн” 

“Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой үдийн зоог хамтдаа барьсан Ерөнхий сайд Абэ Шинзо Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдэхэд оруулж байгаа Монголын хувь нэмэрт талархал илэрхийлэхийн зэрэгцээ дахин тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ц.Элбэгдорж гуравдугаар сараас Японд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хоёр тал Зүүн Азийн байдал болон Монголын уул уурхай, дэд бүтцийн талаар ярилцсан байна.