УИХ Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга, гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2013.12.27

УИХ Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга, гишүүдийг томиллоо

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос СЗХ-ны даргад нэг хүн, гишүүдэд хоёр хүн, хууль зүйн байнгын хорооноос гишүүдэд хоёр хүнийг тус тус дэвшүүлж, байнгын хороодын шийдвэрийг эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Ганбат нар УИХ-д танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар:

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 98 тоот тогтоолоор батлагдсан Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналтын зөвлөлийн дарга гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшүүлэх асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2013 оны 12 сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Эдийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар

СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 29-р зүйлийн 29.3-т хяналтын зөвлөлийн даргад УИХ-ын эдийн засгийн байнгын хороо нэг, гишүүдэд эдийн засгийн байнгын хороо болон хууль зүйн байнгын хороо тус бүр хоёр хүнийг нэр дэвшүүлэх тухай заасны дагуу эдийн засгийн байнгын хорооноос СЗХ-ны хяналтын зөвлөлийн даргад Р.Рэнцэнбазарыг, гишүүдэд Б.Амарсанаа, А.Өнөржаргал нарын нэрийг тус тус дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Р.Рэнцэнбазар нь физик, математикийн ухааны докторын зэрэгтэй, МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, МУИС-ын математик, компьютерийн сургуулийн захирал, МУИС-ын дэд захирал, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх  Газарт дэд дарга, ШУА-ийн үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал зэрэг албан тушаалыг хашиж байжээ. Б.Амарсанаа нь хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, Монголын Хүний Эрхийн  Төлөө ТББ-ын судлаач, ахлах ажилтан, МУИС-ын хууль зүйн сургуулийн багш, Тайваны Үндэсний Их Сургуульд судлаач, Японы Нагоягийн Их Сургуульд гадаад судлаач, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд захирлаар тус тус ажиллаж иржээ.

А.Өнөржаргал нь нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, МУИС-ын эдийн засгийн сургуулийн докторантур, “Монгол-Чех металл” үйлдвэрт эдийн засагчаар, МУИС-ын эдийн засгийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимд багшаар тус тус ажиллаж байсан байна.

Дээр дурьдсан нэр дэвшигчдийг сонгохдоо СЗХ-ны эрх зүйн байдлын хуулийн хуулийн 29-р зүйлийн 29.4-т заасныг үндэслэсэн бөгөөд нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй анкет болон тогтоолын төслийн та бүхэнд тараасан болноо.

СЗХ-ны хяналтын зөвлөлийн дарга гишүүдэд нэр дэвшүүлэх тухай асуудлаар эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн СЗХ-ны дэргэдэх хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох УИХ-ын тогтоолын төслийг баталж өгөхийг хүсье.

УИХ-ын гишүүн Ганбат:

УИХ-ын 2010 оны 08 тоот тогтоолоор баталсан Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус хяналтын зөвлөлийн гишүүдэд нэр дэвшүүлэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 6 дугаар сарын 27-ны хуралдаанаараа хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат.

СЗХ-ын эрх зүйн байдлын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2-т, 29.3-т заасны дагуу хууль зүйн байнгын хорооноос СЗХ-ны дэргэдэх хяналтын зөвлөлийн гишүүдэд  Ж.Эрдэнэбилэг, Д.Цэрэнбадам нарын нэрийг тус тус дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн болно. Нэр дэвшигчид нь СЗХ-ын эрх зүйн байдлын тухай хуулийн 29-р зүйлийн 29.4-т  заасан болзол шаардлагыг хангасан болно.

СЗХ-ны дэргэдэх хяналтын зөвлөлийн гишүүдэд Ж.Эрдэнэбилэг, Д.Цэрэнбадам нарын нэрийг дэвшүүлэхийг дэмжсэн хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Ийнхүү СЗХ-ны дэргэдэх хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотой, хуулинд зааснаар тус хяналтын зөвлөлийн даргад эдийн байнгын хорооноос Р.Рэнцэнбазар, гишүүдэд А.Өнөржаргал, Б.Амарсанаа, хууль зүйн байнгын хорооноос гишүүдэд Ж.Эрдэнэбилэг, Д.Цэрэнбадам нарын нэрийг дэвшүүлснийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэний үр дүнд УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжиж баталлаа.