“Эрхийг бодит болгох” Инчеоны стратегийг манай улс хүлээн авлаа
Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.03.28

“Эрхийг бодит болгох” Инчеоны стратегийг манай улс хүлээн авлаа

Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодит болгоё” 2013-2022 оны Инчеоны стратегийг  манай улсын Засгийн газар хүлээн авах, үндэсний уулзалт, семинар Төрийн ордонд болж байна. 

Энэхүү баримт бичиг нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэдэнд тулгардаг саадыг арилгах, оролцоог тэгш хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх 10 жилийн хугацаатай үйл ажиллагааны төлөвлөгөө ажээ.

Инчеоны стратегийг  хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг мэргэжлийн сургалтад хамруулан сургаж, хүртээмжтэй ажлын байрыг бий болгож, ингэснээр өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлын түвшинг бууруулах, төрийн бодлого, холбогдох дүрэм журам, түүнийг хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тэдгээр иргэдийн төлөөллийг оролцуулах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог дэмжих, олон нийтийн газарт зорчих хүрээлэн буй орчны саадыг арилгах, мэдээллийн харилцааны хүртээмжийг сайжруулах, тэднийг бүх төрлийн хүчирхийлэл доромжлолоос хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гэр бүлийн түвшинд эрт илрүүлэх, нэгдсэн мэдээллийн сантай болох  зэрэг үр дүнд хүрэх юм байна.

Засгийн газрын шийдвэрээр байгуулсан “Үндэсний зөвлөлдөх хороо” нь Инчеоны стратегийн зорилго, түүнд хүрэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө” таван жил тутамд боловсоруулж, хэрэгжилтийн явцыг гурван жил тутамд Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороонд тайлагнаж байх юм байна.

Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнээс тодрууллаа.

  -Инчеоны стратегийг хүлээн авлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад чухал нөлөөтэй юм байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодит болгох талаар Монгол Төрийн үүргийг хүлээн авч байна гэсэн үг. Эдгээр иргэдийнхээ нийгэм дэх оролцоог дэмжих, эрхийг бодит болгох нь энэ стратегийн гол утга санаа оршиж байна.

-“Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсоруулахдаа нэн түрүүнд юуг анхаарвал зохилтой вэ?

-Сүүлийн үед хүүхэд залуус ахуйн болон орчны аваар осолд өртөж хөгжлийн бэрхшээлтэй болох нь нэмэгдэж байна. Энэ тал руу түлхүү анхаарах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог өсгөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх хамгаалах ажлыг хийх, энэ талын ойлголт өгөх сургалт зохион байгуулах шаардлагатай.