Хүүхдийн эрхийн өдөрлөг боллоо
Энэ сарыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласантай холбогдуулан өнөөдөр харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан өдөрлөг болж өндөрлөлөө.
Хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Хүүхэд бидний хөгжих эрх” сэдэвтэй уг өдөрлөг нийслэлийн 116 дугаар сургууль дээр болсон ба өдөрлөгийн үеэр харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, боловсрох эрх, нийгмийн оролцооны асуудлын талаар хөндсөн бөгөөд сургуулийн орчинд нь очиж танилцаж, хүүхдүүдийн санал сэтгэгдлийг сонссон байна.
Уг сургуульд одоогоор 88 харааны бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаа бөгөөд сургуульдаа ирж очих үеэр нийтийн тээврээр зорчиход бэрхшээлтэй байдаг, автобусны кондукторууд буудлаа зарладаггүй, дээрээс нь цонх цантсан байдаг учраас буух буудалдаа буулгүй андуурах тохиолдол байдаг, үнэгүй зорчих үнэмлэх нь ад үзэх шалтгаан болдог зэрэг хүндрэлүүдийн талаар онцолсон байна.