Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоонд зочиллоо
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо
2013.11.08

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоонд зочиллоо

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоонд зочилж, тус холбоонд шаардлагатай, нэн тэргүүнд дутагдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд юу шаардлагатай байгаа талаар санал сонсчээ.

Яамны зүгээс МХҮХ- ны «Эсгий шаахай» оёдлын цехэд 49.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь нүдээ олж, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжээд зогсохгүй үндэсний үйлдвэрлэлдээ хувь нэмэр оруулж буй томоохон үйл явдал болсон байна.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тэргүүтэй албаны хүмүүс МХҮХ-ны гэр цехтэй танилцсаны сацуу, тус холбооны дэргэд үйл ажиллагаа явуулдаг «Бест» массажийн төвөөр орж, үйл ажиллагааг нь сонирхсон юм. Тус массажийн төвд хараагүй найман иргэн ажилладаг бөгөөд сарын цалин нь 400 мянгаас эхэлдэг аж. Энд 2-3 жил ажилласан иргэн дадлага, туршлага хуримтлуулан өөрийн гэсэн массажийн төв нээх боломжтой байдаг гэнэ.

Холбооны талаар товч танилцуулга

Монгол Улсын хэмжээнд 2012 оны байдлаар 92.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байгаагаас 74.2 мянга нь хөдөлмөрийн насны иргэн байгаа тоон мэдээлэл байна. Үүнээс 34.1 мянга нь эмэгтэй бол 22.5 мянга нь төрөлхийн 36.5 мянга нь ердийн 5.9 мянга нь мэргэжлээс шалтгаалах өвчний, 7.4 мянга нь ахуйн ослын, 1.8 мянга нь үйлдвэрлэлийн ослын зэрэг шалтгаантай байна.

Нийт харах эрхтний бэрхшээлтэй 9.6 мянган хүн байгаагаас 4.0 нь эмэгтэй, 3.5 мянга нь төрөлхийн, 4.2 мянга нь ердийн өвчний 539 нь мэргэжлээс шалтгаалах, 1086 нь ахуйн ослын, 195 нь үйлдвэрийн ослын улмаас харааны бэрхшээлтэй болсон бол 1182 нь 16 хүртэлх насны хүүхэд байна.

Тэдэнд ямар асуудал тулгардаг вэ

Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг олон асуудлын нэг нь байнгын, тогтвортой ажлын байраар хангах зорилтын хүрээнд, 1978 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа харааны бэрхшээлтэй иргэдийн онцлог эрх ашгийг хамгаалах зорилгоор “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” ажиллаж байна.

«Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын үйлдвэр» нь харааны бэрхшээлтэй 120 гаруй ажилтантай орон нутгийн өмчит үйлдвэр юм.

«Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр»- ийн хүрээнд 2012-2013 онд «Ярьдаг ном» төсөлд 29.8  «Бест» массажийн төвийн засварын төсөлд 18.9, «Мэдээллийн технологи» төсөлд 47.2, «Эсгий шаахай» төсөлд 49.8, «Урлагийн хамтлагийн цомог гаргах» 28.9 Дорнод аймгийн салбарын “Алжаал тайлах төв” массажийн төвийн засварын төсөлд 6.6 «Бест ФМ» төсөлд 20, нийт 201.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, тогтвортой ажлын байртай болгосон байна.

Мөн 47.2 сая төгрөгийн санхүүгийн  дэмжлэгт хамрагдсан текстийг дуу хоолойгоор уншдаг программ хийх «Мэдээллийн технологи» төсөлд ажлын байр бий болгох шаардлага тавилгүй хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдвэрлэх, говийн аймгуудад хийсэн урлагийн тоглолтыг дэмжих талаар томоохон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд хандах хэлбэрээр яамны удирдлагын зүгээс дэмжих зэрэг нягт хамтран ажиллаж ирсэн байна.

Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн төсөл, түүний хэрэгжилт

«Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын үйлдвэр» нь харааны бэрхшээлтэй 120 гаруй ажилтантай орон нутгийн өмчит үйлдвэр юм. «Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр»- ийн хүрээнд Хараагүй Хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн «Оёдлын цехийн хүчин чадлыг нэмэгдүүлэх» төсөлд 49.8, «Будгийн цех» төсөлд 29.8, нийт 79.9 сая  төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар «Оёдлын цехийн хүчин чадлыг нэмэгдүүлэх» төсөл, «Будгийн цех» төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж дууссан бөгөөд 2013 оны гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхлэн 15 харааны бэрхшээлтэй иргэн тогтвортой ажлын байртай болсон байна. Нийт Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын үйлдвэрийн хэрэгжүүлж байгаа найман төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 261.2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн «Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн корпораци» байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдтай хамтарсан тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг төслийн баримт бичигт урьдчилсан байдлаар 850 ажлын байр бий болгох, 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай 10 жижиг дунд үйлдвэр байгуулагдахаар тусгагдсан байна.

Энэ удаа хэдийгээр төсөв хөрөнгө хүндрэлтэй байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй 40 иргэнийг ажлын байртай болгох төслийг дэмжих зорилгоор Хараагүйчүүдийн холбоонд 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн сайдын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан салбар зөвлөл байгуулахаар эрх зүйн үндэслэлийг судалж байна.

2013 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас «Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр»-ийн санхүүжилтэд 1.3 тэрбум төгрөг зарцуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа болон бусадтай хамтарч аж ахуй эрхлэх 903 төсөл шалгаруулж 1204 байнгын ажлын байр, 26 аж ахуйн нэгж байгууллагад 5-20 сая төгрөгийн дэмжлэг олгож хөгжлийн бэрхшээлтэй иргэний 91 ажлын байр тус тус бий болжээ. Цаашид Хөдөлмөрийн яамнаас «Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр»-ийг шинэчлэн сайжруулах, 2014 онд тус хөтөлбөрт зарцуулагдах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл баримталж байна.