С.Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бодлого явуулна
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.03.26

С.Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бодлого явуулна

Улсын хэмжээнд 118 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн албан бус судалгаа байдаг. Өмнө нь Монгол улс хүн амын бүлгээ ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхэд гэж дөрөв хуваадаг байсан.

ХАХНХ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүн амын бүлэгт нэмж оруулсан байна. Учир нь цөөн хүн амтай улсын хувьд 118 мянга гэдэг бага тоо биш. Мөн хүн амын бүлэгт оруулснаар зөвхөн халамжийн мөнгө өгдөг бус тэдэнд чиглэсэн төрийн цогц бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болох талаар салбарын сайд С.Эрдэнэ онцолсон.

Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих боломжийг дэмжих зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес төв” байгуулахаар судалж байгаа аж. Мөн Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт “Хүүхдийн хөгжих эрхийг хамгаалах төв”-ийг байгуулахаар тендер зарласан байна. Энэ төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих боломжийг дэмжих, тэдэнд үйлчлэх зорилготой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитой болгох чиглэлээр ямар ажил хийх боломжтой байна вэ гэдгийг судалж байгаа юм байна.

ХАХНХ-ны сайд С.Эрдэнэ хэлэхдээ “өндөр хөгжилтэй орнуудад тэргэнцэртэй иргэдийг нийтийн тээвэрт зорчиход зориулсан тусгай тоноглол, төхөөрөмж байдаг. Өртөг өндөртэй тул оруулж ирэхэд эдийн засгийн боломж хомс байна. Гэхдээ бид энэ чиглэлээр олон улсын байгууллагуудаас тусламж авах, гадны хөрөнгө оруулалтыг татахаар байна. Нэн түрүүнд тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай дуудлагын таксины үйлчилгээ бий болгоно. Мөн тусгай тоноглол бүхий микро автобус бий болгохоор төлөвлөж байна” хэмээлээ.