НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит 68 дугаар чуулган нээлтээ хийлээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь удаагийн чуулган өнөөдөр 193 орны төр засгийн тэргүүдийг нэгтгэн АНУ-ын Нью-Йорк хотноо нээлтээ хийж байна. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг дагалдан Гадаад харилцааны сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцож байна.
Чуулганы эхний өдөр (9 дүгээр сарын 23) төр засгийн тэргүүдийн анхаарлаа хандуулсан сэдэв нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал”-ын тухай байв. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх өндөр хэмжээний уулзалтыг нээж НҮБ-ын 68-р Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Жон Вилиам Ашэ,НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүннар үг хэлэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ, “Дэлхий дээр нэг миллиард гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж төрж байгаагаас 80 хувь нь хөдөлмөрлөх насны иргэд байдаг. Тэдгээр нийт иргэдийн 80 хувь нь хөгжиж буй улс оронд амьдарч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын нэгэн адил иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүхий л эрхийг ялгалгүйгээр эдлэх эрхтэй. Харин эдгээр эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх арга зам нь ялгаатай бөгөөд тусгай орчин нөхцөл, хэрэглэгдэхүүн шаардлагатай” гэж онцоллоо.
Чуулганы нээлтэнд Монгол, Испани, Филиппин, Тунис улсын төр засгийн тэргүүд үг хэлсэн бөгөөд тэд бүгд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хууль эрх зүйн орчинг сайжруулах, бүх шатны боловсрол эзэмших, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр сургаж бэлтгэх, ХБИ-ний ажиллах нөхцөлийг хангасан ажил олгогчийг урамшуулах, ХБИ-ийн талаар төрөөс баримтлах бодлогыг зөвхөн нийгмийн хамгааллын бус тэгш оролцоог хангах чиглэлээр ажиллах ёстойг онцолж байв.
Манай дэлхийн хамгийн олон хүнийг хамардаг цөөнхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, хөгжлийн олонхи асуудлыг хэлэлцэхэд орхигддог.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “...Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоотой хөгжлийн асуудлаарх олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа түншлэл сэдэвт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний уулзалтын дугуй ширээний хэлэлцүүлэгт үг хэлэх завшаан тохиосонд баяртай байна.
Өндөр түвшний уулзалтаар энэ сэдвийг хэлэлцэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн зорилтуудаар санал бодлоо нэгтгэхэд, яаралтай арга хэмжээ авахад энэхүү түүхэн үйл явдлыг зохион байгуулсанд НҮБ түүний дотор Ерөнхий Ассамблейд талархлаа илэрхийлье.
Хөгжлийн бэрхшээлийг бүх нийтийг хамарсан хөгжлийн асуудал гэж үздэг болж байна. Манай дэлхийн хамгийн олон хүнийг хамардаг цөөнхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, хөгжлийн олонхи асуудлыг хэлэлцэхэд орхигддог.
Ийм учир өнөөдрийн өндөр түвшний уулзалт Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудыг хэлэлцэж байгаа энэ үед чухамхүү үлэмж ач холбогдолтой цаг үеэ олсон үйл явдал болж байна.
Энэхүү уулзалтаас хөгжлийн асуудлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд найдвартай баримжаа болохуйц оновчтой, ажил хэрэгч баримт бичиг гаргана гэж итгэж байна.
Засгийн газар хоорондын үйл явц, үйл ажиллагааны механизм ялангуяа тогтвортой хөгжлийн зорилтуудын нээлттэй ажлын хэсгийг Монгол Улс дэмждэг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжлийн олон талт үйл ажиллагаанд хамруулан оролцуулж олон улсын хамтын ажиллагааг бүх түвшинд идэвхижүүлэхийн тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр өнөөдөр та бид энд хуран цуглаад байна.
Монгол Улс хүний эрхийн төдийгүй хөгжлийн баримт бичиг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх дэлхийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болох учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай конвенци түүний протоколыг соёрхон батлахын төлөө байдаг билээ.
Засгийн газар хоорондын үйл явц, үйл ажиллагааны механизм ялангуяа тогтвортой хөгжлийн зорилтуудын нээлттэй ажлын хэсгийг Монгол Улс дэмждэг. Энэхүү үйл явц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нээлттэй, тэднийг хамран оролцуулсан байх нь чухал юм. 2015 оноос хойш энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүрэн хамарна гэж бид итгэж байна...” гэв.
Өндөр хэмжээний уулзалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө МХЗ-уудыг 2015 он хүртэл эрчимжүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашдын зорилт зэргийг тодорхойлсон баримт бичгийг батална.