"Оньсого" мэт хойд солонгосын хиймэл дагуул
Хойд Солонгосын эрх баригчид дээрх сансарын хиймэл дагуулыг Хойд Солонгосын эцэг гэгдэж байсан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулан ийнхүү хөөргөх болсон талаар өмнө нь онцолж байсан.
2012.12.20

"Оньсого" мэт хойд солонгосын хиймэл дагуул

Хойд Солонгосын “Гэрэлт одон-3” буюу “Кван Ён Сон-3” нэртэй хиймэл дагуулыг амжилттай хөөрнө гэж АНУ болон Япон Өмнөд Солонгос төсөөлөөгүй бололтой. Дээрх сансарын хиймэл дагуулыг хөөргөх талаар анх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байхад АНУ болон Өмнөд Солонгосын тал сандралдаж, бүс нутгийн аюулгүй байдлын яаралтай хурал зарлаж байсан. Үүний дараа хиймэл дагуул амжилттай хөөрч, Хойд Солонгосын зүгээс “Зөвхөн энхийн зориулалттай. Цаг уурын өөрчлөлт болон эх дэлхийтэй 24 цагийн турш холбоотой байхын тулд хөөргөсөн” гэсэн байр суурийг дэлхий нийтийн өмнө илэрхийлсэн.

Бүс нутгийн аюулгүй байдалд Хойд Солонгосын хиймэл дагуул саад хотгор болж байгаа мэт сэтгэгдэлээр гурван улсын төлөөлөгчид хуралдсан. Эдийн засгийн хориг, НҮБ-аас ээлжит арга хэмжээ авах ёстой юу, цаашид ямар алхам хийх ёстой талаар нухацтай хэлэлцсэн. Мөн олон улсын хамтын нийгэмлэг маш хурцадмал байдлаар хүлээн авсан боловч нөхцөл байдал зөөлөрсөн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бич­гийн дарга Бан ги Мүн БНАСАУ-ын сансарын пуужингийн талаар “Миний бие маш их харамсаж байна. Энхийн зориулалттай гэдгийг тэднээс өөр хэн баталгаажуулаад байгааг би ойлгохгүй байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу эсэргүүцлийг үл хайхарч байгаа нь тун хачирхалтай бас шүүмжлэлтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

 Товчхондоо, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1874 дүгээр тоот шийдвэ­рийг илт зөрчсөн тэдний энэ үйлдэл БНХАУ-ын дэмжлэгийг авсан. Гэвч ОХУ-ын ГХЯ-аас “БНАСАУ пуужин хөөргөсөн нь зүүн хойд Азид сөргөөр нөлөөлж, бүс нутгийн олон талт эдийн засаг, худалдааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл нэмэгдүүлэх болно, үүнд Оросын тал харамсаж байгаа бөгөөд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчин дахин үйл ажиллагаа явуулж, холбогдох талууд хоорондын харилцааг улам хурцатгахгүй байж, зургаан талт хэлэлцээг сэргээхэд шинэ саад тотгор үүсгэхгүй байхыг БНАСАУ-д хүсэж байна” хэмээжээ.

АНУ-ын хувьд “Цэвэр өдөөн хатгалт. Өөр юу ч биш” гэсэн байр суурийг Цагаан ордны Үндэсний аюулгүйн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Томми Виетор мэдэгдсэн удаатай. Цаашид хэсэг хугацаанд АНУ, Хойд Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний дагуу холбогдох улс орнууд, аюулгүйн зөвлөл болон НҮБ-ын бусад гишүүн орнуудтай хамтран ажиллаж, зохих арга хэмжээг авах нь ойлгомжтой мэт сэтгэгдэл төрүүлж байгаа юм.

Энэ үеэр Хойд Солонгосын зүгээс хөөргөсөн хиймэл дагуулын дуу дамжуулах явцад саатал гарсан талаар дэлхий нийтийн анхаарлыг татсан. Сансарын хөлөгт дуу дамжуулах аппаратад гэмтэл гарсан байх магадлалтайг Пхеньянаас мэдэгдсэн. Мөн засварын баг илгээх эсвэл ОХУ-ын хиймэл дагуулын багаас тусламж хүсэх шаардлага гарч болзошгүй талаар CNN агентлаг онцолсон юм.

Хойд Солонгосын хувьд  1998, 2006, 2009, 2012 оны дөрөвдүгээр сард алсын тусгалт пуужин туршсан боловч амжилтгүй болсон түүхтэй.

Хойд Солонгосыг 2009 онд цөмийн туршилт явуулсны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын цөмийн хөтөлбөрт хориг тавьж, баллистик пуужингийн технологийн ямар нэгэн туршилт явуулахыг хориглосон ч удаа бий. Саяхан “Хойд Солонгос 2015 онд дахин хиймэл дагуул хөөргөж магадгүй” гэсэн мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлээр цацагдах болов. Тодруулбал, Хойд Солонгос 2015 онд хиймэл дагуулаа хөөргөхийг ахин оролдох төлөвтэй байгаа аж. Тэд аль хэдийнэ пуужин хөөргөх бэлтгэл ажилдаа гарсан бөгөөд холбоотон орнуудаас тусламж гуйх гэж байгаа бололтой. Энэ талаар дэлгэрэнгүйг Жон Хопкинсын их сургуулийн Америк-Солонгосын хүрээлэнгийн өөрийн цахим хуудас мэдээллэсэн юм. Хэрэв 2015 онд шинэ пуужин хөөргөх юм бол илүү том, хүчтэй пуужин үйлдвэрлэх шаардлагатай болох аж.

Энэ сарын 12-нд хөөргөсөн пуужинг Хятадын хилийн хот Дандунаас 56 км-ийн зайтай Солонгосын баруун эргийн Тончанг Ри тосгон дахь цөмийн баазаас хөөргөсөн. Тэр ч утгаараа дараагийн пуужинг дээрх баазаас хөөргөх магадлал өндөр юм. Энэхүү цөмийн бааз нь Хойд Солонгосын цөмийн чухал бааз  Йонбёноос 70 км зайтай оршдогоос гадна өмнө нь пуужин хөөргөж байсан газруудыг бодвол зам, дэд бүтэц сайтай аж.

Анхны хиймэл дагуулаа амжилт­тай хөөргөсөн Хойд Солонгосын ард түмэн гурван өдөр баяраа тэмдэглэсэн. Тэд нийслэлийнхээ төв талбайд сүр жавхлантай цэргийн жагсаал хийжээ.

Анхны хиймэл дагуулаа амжилт­тай хөөргөсөн Хойд Солонгосын ард түмэн гурван өдөр баяраа тэмдэглэсэн. Тэд нийслэлийнхээ төв талбайд сүр жавхлантай цэргийн жагсаал хийжээ.  Хойд Солонгосын харвасан урт тусгалын пуужин гурван шатлалтай байсан бөгөөд эхнийх нь Солонгосын хойгийн баруун хэсэгт унасан. Харин Өмнөд Солонгосын армийнхан пуужингийн хэлтэрхийг судлахаар тусгай баг илгээсэн аж. Хойд Солонгосын Хөдөлмөрчний намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ки Нам “Бид эх дэлхийтэй холбогдлоо. Энхийн зориулалттай сансарын пуужин амжилттай хөөрсөнд баяртай байна. Гэхдээ бүс нутгийн аюулгүй шуурхай хуралдааны үеэр ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан нь үнэн. Бид даван туулж чадна. Хиймэл дагуул бидний хөгжлийн нэг гарц байх болно” хэмээжээ. Европын Холбооны Гадаад хэрэг аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Катерине Аштон “БНАСАУ хиймэл дагуул хөөргөсөнд харамсаж байна. Тэд НҮБ-ын заалтыг зөрчсөн. Тиймээс эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа нэмэгдүүлэх талаар Европын холбоо бодолцох болно” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Өнөөдөр Хойд Солонгосын эрх баригчид дээрх сансарын хиймэл дагуулыг Хойд Солонгосын эцэг гэгдэж байсан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулан ийнхүү хөөргөх болсон талаар өмнө нь онцолж байсан. Их Британийн “The Times” сэтгүүл ойр болон дунд тусгалын пуужингийн технологийг хэдийнэ нэвтрүүлсэн Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны удирдлагаар хоёр дахь удаагаа алсын тусгалт пуужин туршиж байгаа нь оны шилдэг хүнээр тодруулахад нөлөөлсөн талаар цохон тэмдэглэсэн юм.

Америкчууд тэднийг хиймэл дагуулын туршилт нэрээр халхавч хийж, алсын тусгалт баллистикт пуужин туршиж байгаа талаар хардалт нь ор үндэсгүй биш юм. Учир нь алсын тусгалтай пуужин нь сансарын хиймэл дагуултай адил хэмжээний бөгөөд хөөрөх явц, задаргаа бүтэц нь ойролцоо аж. Харин бодит байдалд дээрх зорилго, тайлбар нь л өөр гэдгийг ажиглагчид баталсаар байгаа. Тиймдээ ч АНУ-ын зүгээс Өмнөд Солонгосын зарим арлууд дээр 30 мянган цэрэг байлдааны бэлэн байдалд байгаа.