Эрчим хүчний сайд зүүн бүсэд ажиллалаа
Албаны хүмүүс Зүүн бүсэд ажиллах үеэр
2014.02.12

Эрчим хүчний сайд зүүн бүсэд ажиллалаа

Багануурын уурхайн шинэ дамжлагатай танилцав

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил өнгөрсөн долоо хоногт зүүн бүсг, Багануур дүү­рэг, Хэнтий, Дорнод аймагт ажиллалаа. Эхлээд Бага­нуурын уурхайд очиж нүүрс шигшиж ачих туу­зан дамжлагын үйл ажил­лагаатай танилцлаа.

Өнгөр­сөн жил хөрөнгө оруулалтаар барьж ашиг­лалтад оруулсан энэ дамж­лага нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг хямд үнэтэй, чанартай нүүрсээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Энэ дашрамд Бага­нуур ТӨХК-ийн гүйцэт­гэх за­хи­рал Д.Отгонбаяр ком­па­нийхаа үйл ажил­лагааны та­лаар Эрчим хүчний сай­дад товч танилцуулж, тул­гамдаж байгаа асууд­лаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

Өнгөрсөн жил Бага­нуурын уурхай 3.5 сая тонн нүүрс олборлох төлөв­лөгөөтэй байс­наас 3.8 сая тонн нүүрс олборлосон бай­на. Энэ жи­лийн хувьд 3.8 сая тонн нүүрс олборлох төлөв­лөгөөтэй ажиллаж бай­гаа ажээ.

Хэнтий аймгийн ДЦС-ыг Хасу Мегаватт компани барина

УИХ-ын гишүүн, Эрчим хчүний сайд М.Сономпилийг Хэнтий аймагт очиход аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хүлээн авч уулзаж, аймаг орон нутгийнхаа өвөлжилтийн байдлын тухай товч танилцуулж, эрчим хүчний салбарт хэрхэн яаж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2014 онд найман аймагт ДЦС барих шийдвэр гаргаж эхний ээлжинд тус бүрт нь 3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийд­вэрлэсэн. Эдгээр найман аймгийн нэг нь Хэнтий аймаг юм. Хэнтий аймгийн хувьд харьцангуй ойрхон буюу Чандганы уурхайгаас нүүрсээ татаж авдаг, усны хувьд эх үүсвэр сайтай, Хэрлэн голоос шууд татах боломжтой зэрэг давуу талууд нь ДЦС-ыг богино хугацаанд өртөг багатай барих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Засгийн газрын тогтоолоор төр, хувийн хэвшил, орон нутгийн оролцоотой концессийн зарчмаар шууд гэрээ байгуулах замаар эдгээр ДЦС-уудыг барихаар шийдвэрлэсэн.

Энэ нь тендерийн шалгаруулалтыг хүлээж цаг алдахгүй, өртөг бага, чанартай байгуулж барих нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Хэнтий аймгийн удирдлагууд Хасу мегаватт ХХК-тай шууд гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа Эрчим хүчний сайдад илэрхийллээ. Үүнийг Эрчим хүчний сайд бүрэн дүү­рэн дэмжиж байна гээд эрчим хүчний сал­ба­­рын томоохон бүтээн байгуулалтад идэв­­хитэй оролцож байгаа, ажлын арвин туршлагатай Хасу мегаватт компаниийг сонгосонд талархаж байгаагаа илэрхийлээд энэ хоёрдугаар сардаа багтаагаад гэрээгээ байгуулж, ажилдаа шуурхай орохыг аймаг, орон нутгийн удирдлага, ЭХЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар, Хас мегаватт ХХК-ний удирдлагуудад үүрэг болголоо. Үүнийг Хас мегаватт ХХК-ний ерөнхий захирал, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш талархан хүлээн авч, шууд өнөөдрөөс ажлаа эхэлж, нэг жилийн дотор барьж байгуулж дуусгана гэж амлалт өглөө. Энэ бол Хэнтийчүүдийн хувьд баяртай мэдээ байлаа.

Хэнтий аймгийн удирдлагууд эхний ээлжинд ДЦС барих газрыг товлож 2 га газрын зөвшөөрөл өгөөд байгаа ажээ. Үүнийг тэлж 4 га болгох хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм байна. Аймгийн удирдлагууд холбогдох шийдвэрийг удахгүй гаргана гэдгээ сайдад хэллээ.

Дорнод аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно

Эрчим хүчний сайдыг Дорнод аймагт очиход аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригт, Засаг дарга С.Ганбат нар хүлээн авч уулзаж, аймаг орон нутгийнхааө өвөлжилтийн байдлын тухай товч танилцуулаад эрчим хүчний хүрэлцээ хангамж, цаашид хийх ажлын тухай ярилцаж санал бодлоо солилцлоо.

Дорнод аймгийн хувьд зүүн бүсийн эрчим хүчний гол үүсвэр байрладаг. Сүүлийн жилүүдэд уул уурхай үйлдвэрлэл эрс нэмэгдсэнтэй холбогдоод эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Одоо ажиллаж байгаа 36 мегаваттын хүчин чадалтай ДЦС нь чинээндээ хүртэл ажиллаж байгаа ажээ. Иймд Монгол Улсын Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор Дорнодын ДЦС-ыг 100 мегаватт-аар өргөт­гөх шийдвэр гарчээ. ДЦС-ын өргөтгөлийг холбогдох хууль тог­тоомжийн дагуу концессоор шууд гэрээ хийж барьж байгуулахыг энэ тогтоолд дурдсан байна. Иймд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд концессийн гэрээг байгуулсан байх ёстой гэдгийг Эрчим хүчний сайд санууллаа.

Түүнчлэн улсын төсийн хөрөнгөө оруу­лалтаар энэ жил Тамсаг-Халхголын чиглэлд 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 4.4 тэрбум төгрөгөөр, Чойбалсан хотод 110 квт-ын дэд станцыг 1.8 тэрбум төгрөгөөр тус тус барьж байгуулахаар бол­сон тухай Эрчим хүчний сайд мэдээллээ. Мөн хил орчмын сумдын импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүнд 2.2 тэрбум төгрөгийн татаас өгөхөөр болсныг тэр хэллээ. Ингэснээр энэ жил Дорнод аймагт эрчим хүчний системд 100 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм байна.

Цааш­­лаад Багануур-Өндөрхаан-Чой­бал­сангийн 500 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих ТЭЗҮ хийгдэж байгаа бөгөөд ирэх оноос барьж байгуулах ажил эхэлнэ гэлээ.

Адуун чулууны уурхай шингэрүүлдэг хий үйлдвэрлэнэ

Дорнодын ДЦС-ыг 45 жилийн турш тасралтгүй нүүрсээр хангаж ирсэн Адуун чулууны уурхай хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600 төгрөгөөр нийлүүлдэг ажээ. Уурхай, станц хоёрын хооронд ердөө 8 км зайтай байдаг нь нүүрсний үнэ хямд байхад ихээхэн нөлөөлдөг гэнэ.

Ийнхүү нүүрсний уурхай, ДЦС хоёр харилцан бие биенэсээ хамааралтай байж техник технологийн горим, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний шууд хамаа­­ралтай схем, санхүү эдийн засгийн болон төлбөр тооцоо­ны хүлээлттэй уялдаа зохицуу­лалт­тайгаар 45 жилийн турш хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг, тэдгээрийн бүх сум аж ахуйн нэгж, хил хамгаалах анги заставуудыг найдвартай цахилгаан эрчим хүч, нүүрс, дулаанаар хан­гаж ирлээ гэж Адуун чулууны уурхайн дарга Б.Шатар хэллээ.

Адуун чулууны уурхай нь жилдээ 450 гаруй мянган тонн нүүрс олборлодог бөгөөд түүний бараг 90 гаруй хувийг Дорнодын ДЦС-д нийлүүлдэг ажээ. Цаашдаа нүүрсийг хийжүүлж, шатдаг хий гаргаж авахын зэрэгцээ үүнийгээ шингэрүүлж дизель түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа талаар уурхайн дарга хэллээ.

Дорнодын ДЦС-ыг өргөтгөхдөө үндсэн тоног төхөөрөмжийг нь Адууны чулууны уурхайн нүүрсэнд тохируулж сонгохыг уурхайн удирдлага Эрчим хүчний сайд М.Сономпилээс хүслээ. Энэ нь нэг талаас Адуун чулууны нүүрсний орд газрын зарим хэсгийг лицензийг МАК компани эзэмшдэг учраас хожим Адуун чулуун ХХК-аас бус МАК-аас авдаг болчих вий гэсэн болгоомжлол байж болох юм.

Тийм ч учраас уурхайн захирал хүсэлтдээ Адуун чулуун ХХК гэж нэр заахыг хүссэн юм. Үүнийг Эрчим хүчний сайд хүлээн авч “Тэртээ тэргүй аль ч талаас нь аваад үзсэн Адууны чулууны нүүрсийг сонгохгүй өөр яах билээ” гэж хэлсэн нь уулзалтад оролцогчдыг хөгжөөгөөд авав.