СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2014.03.06

Х.Нямбаатар: Хүүхдүүддээ огт анхаарал хандуулдаггүй эцэг эхийн эрхийг хасна

СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчид сэтгэл судлаачидтай хамтран хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар дүүргийнхээ хүрээнд бүтэн жилийн хугацаанд судалгаа явуулжээ.

Судалгаагаар 20 гаруй хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөнөөс 11 хүүхэд нь цаашид гэр бүлтэйгээ хамт амьдрах ямар ч боломжгүй гэдгийг тогтоосон байна. Тиймээс зарим иргэний эцэг эх байх эрхийг хасч хүүхдийг нь халамжийн төвд шилжүүлсэн байна.

СХД-ийн ИТХ-аас шүүхэд хандаж одоогоор хоёр эмэгтэйн ээж байх эрхийг нь хасжээ. Тэд 1-12 насны долоон хүүхэдтэй юм байна. Гэвч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, архинаас хэт хамааралтай, хүүхдүүддээ огт анхаарал тавихгүй байгаа нь судалгаагаар батлагджээ.

Одоо хүүхдүүд цэцэрлэг, сургууль явах нь битгий хэл идэх юм, өмсөх хувцас ч байхгүй байгааг судалгааны багийнхан хэлж байлаа. Тэд эхлээд ээж байх эрхийг нь шууд хасаагүй хүүхдүүддээ хайр халамж тавихыг удаа дараа шаардаж ажилд хүртэл оруулсан ч тус болоогүй байна.

Үүний цаанаа долоон эцэг эх, 11 хүүхдийн асуудал яригдаж байгаа. Хэдийгээр эцэг эхийн хайр халамжийг юугаар ч орлуулах боломжгүй ч энэ тохиолдолд эрхийг нь шууд хасахаас өөр сонголт байхгүй гэдгийг хуульчид сануулж байна.

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар: Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх байх үүргээ биелүүлээгүй, тэжээн тэтгэх үүргээ умартсан, гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд өртдөг энэ мэт эцэг эхийн эрхийг нь хязгаарлаж байна.

Эхний удаад эцэг эхийн эрхийг зургаан сараар хасна. Энэ хугацаанд засарч ажилд орж, хүүхдээ тэжээх чадалтай болсон бол хүүхдийг эргүүлэн өгөх юм байна. харин ямар ч эерэг өөрчлөлт гараагүй бол хүүхдүүдийг тусад нь авах юм байна. Энэ бол олон улсын ерөнхий жишиг гэдгийг албаныхан хэлж байлаа.