2014 оны Дэлхийн хүүхдийн аж байдал “ХҮҮХЭД НЭГ БҮР ЧУХАЛ” тайланг танилцууллаа
2014.02.27

2014 оны Дэлхийн хүүхдийн аж байдал “ХҮҮХЭД НЭГ БҮР ЧУХАЛ” тайланг танилцууллаа

Тайланг танилцуулах Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл, ЗГХА Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа, Үндэсний статистикийн хорооны Судалгааны менежер Ж.Мөнхбадар нар мэдээлэл хийлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас жил бүр эрхлэн гардаг Дэлхийн хүүхдийн аж байдал тайлан 2014 онд “ХҮҮХЭД НЭГ БҮР ЧУХАЛ” сэдвээр гарсан бөгөөд тус тайланд дурдсанаар Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ой дөхөж буй энэ үед хүүхдийн аж байдлыг сайжруулахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан ч эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа хүүхэд нэг бүрт хүрэхийн тулд тэгш бус байдалд илүү анхаарал хандуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэж байна. 

Анхаарлын гадна орхигдсон, сургууль завсардсан, өвчинд нэрвэгдсэн, эрүүл ахуйн үндсэн хэрэгцээ нь хангагдаагүй охид хөвгүүд хаана байгааг тодорхойлж чадсанаар л тэгш бус байдлыг арилгахад ахиц дэвшил гарна. Сайтар ангилсан, нарийвчилсан тоон мэдээлэл нь сая сая хүүхэд, ялангуяа хамгийн эмзэг хүүхдүүдийн амь насыг хамгаалах, аж амьдралыг нь сайжруулах боломжийг олгодог. 

“Үйл ажиллагаагаа хамгийн эмзэг хүүхдэд чиглүүлэх, үр нөлөөг нь нэмэгдүүлэх зорилгоор бид сайтар ангилсан тоон мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах, баримт нотолгоонд суурилсан бодлого хөтөлбөрийг тоон мэдээллийн дүн шинжилгээнд суурилан боловсруулах талаар Засгийн газарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Бид үндэсний хэмжээний түүвэр судалгаа, сэдэвчилсэн судалгаа хийхээс гадна 2012 онд анх удаа олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааг орон нутгийн түвшинд буюу өөрийн хөтөлбөрийн зорилтот нутаг болох Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт амжилттай зохион байгууллаа.” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Мохамед Малик Фолл Хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Тэрээр байршил, амьжиргааны түвшин, хүйс, яс үндэс, хөгжлийн бэрхшээлийн байдал зэрэг нийгмийн хүчин зүйлсээр ангилсан тоон мэдээлэл хүүхдийн нөхцөл байдлыг нийтэд ил гаргаж, ерөнхийлсөн тоон мэдээллээр далдлагдан аливаа бодлого, үйл ажиллагааны гадна үлдсэн хүүхдэд хүрч үйлчилгээ үзүүлэх, улмаар тэдний эрхийг хангах боломжийг бүрдүүлдгийг онцлон тэмдэглэв.

Улаанбаатар хотод 1,000 амьд төрөлтөд 18 байгаа бол хотын дүүргүүдийн нэг болох Налайхт 2 дахин өндөр байна.

Монгол Улсад хүүхдийн аж байдлыг сайжруулах талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгаа боловч орон нутгийн түвшинд хийсэн “Хүүхэд хөгжил” судалгааны дүнгээс харахад хүүхдийн нөхцөл байдалд ялгаатай байдал их байна. Жишээ нь, нялхсын эндэгдлийн түвшин Улаанбаатар хотод 1,000 амьд төрөлтөд 18 байгаа бол хотын дүүргүүдийн нэг болох Налайхт 2 дахин өндөр байна. Хөвсгөл аймгийн хөдөө сумын хүүхэд 5 нас хүрэх магадлал аймгийн төвийн хүүхэдтэй харьцуулахад 2,7 дахин бага байна.

Хүүхдийн осол гэмтлийн тухай тоон мэдээлэл бүрэн биш байдаг бөгөөд 5 хүртэлх насны хүүхэд болон нялхсын эндэгдлийн томоохон шалтгаан болдог. Налайх дүүрэгт энэ үзүүлэлт 8,3 хувь байгаа нь Улаанбаатар хотын дундажтай харьцуулахад 3 дахин, үндэсний дунджаас 2 дахин өндөр байна. 

Түүвэр судалгааг тодорхой давтамжаар зохион байгуулах, мэдээллийг тогтмол цуглуулах замаар хүүхдийн нөхцөл байдалд ялгаа улам бүр нэмэгдэж байгааг харж болно. Тухайлбал, 2005-2010 оны хооронд хүүхдийн өсөлт хоцролтын түвшин үндэсний хэмжээнд 21-ээс 16 хувь болж буурсан боловч ангилсан тоон мэдээлэл энэхүү ахиц дэвшил зөвхөн хүн амын чинээлэг 20 хувийн хувьд 2 дахин буурч, харин хүн амын хамгийн ядуу 20 хувийн хувьд өөрчлөгдөөгүй, улмаар ялгаатай байдал улам нэмэгдсэнийг харуулж байна.

Ийнхүү ялгаатай байдал мөн газар зүйн байршлаар ажиглагдаж байна. Хөвсгөл аймагт төрсөн хүүхэд Улаанбаатар хотод төрсөн хүүхэдтэй харьцуулахад өсөлт хоцролттой байх магадлал 2 дахин их байгаа бөгөөд энэхүү ялгаатай байдал Хөвсгөл аймаг дотроо ч мэдэгдэхүйц байна. Хүүхдийн өсөлт хоцролтын түвшин хөдөөд аймгийн төвөөс 10 пунктээр өндөр байна. 

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт зэрэг зарим үзүүлэлт бүх түвшинд доогуур байна. Энэ үзүүлэлт үндэсний түвшинд 57.9% байгаа бөгөөд Улаанбаатар хотод бага зэрэг өндөр 62.1 хувьтай байна. 
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл Монгол Улсад газар авсан нь нийт хүүхдийн 45% гэр бүлдээ хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааны дүнгээс харагдаж байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ихэнхдээ нуугдмал, хаалттай хаалганы цаана үйлдэгдэж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хүчирхийллээс ангижрах боломжийг боогдуулж байна. Ийнхүү хүүхдийн эсрэг хүчирхийлэл бусдад үзэгдэж сонсогдохгүй өнгөрч, энэ талаарх мэдээлэл дутуу гарч байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд дан гац бие махбодийн хувьд хохироод зогсохгүй, сэтгэл зүйн хувьд шарх авч, улмаар тэдний хөгжил, бие махбодь, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Энэхүү тайланг нийтэд танилцуулснаараа НҮБ-ын Хүүхдийн сангаас шийдвэр гаргагчид, олон нийтийг тоон мэдээллийг ашиглаж, хүүхдийн төлөө эерэг өөрчлөлт хийхийг уриалж байна. 2014 оны энэхүү Дэлхийн хүүхдийн аж байдал илтгэлийг Монгол хэлээр хөрвүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хөгжлийн түншүүдэд өргөнөөр тараах юм.