Хурдан морины 2014 оны хаврын уралдааны талаарх тойм мэдээлэл
Хурдан морины хаврын уралдаан 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн орон нутагт зохион байгуулагдсан байна.
Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-ийн 4-р зүйлийн 7-д зааснаар өвлийн улиралд буюу намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ныг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.
Хүүхдийн төлөө үндэсний газраас 1 дүгээр сарын 30-нд Монголын Морин спорт уяачдын холбоо ТББ-д хандан хаврын хахир цагт болдог хурдан морины уралдаанд морь унаж уралддаг хүүхэд, багачуудын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд үүсдэг сургамжит эрсдлийг нэхэн санаж ажиллахыг сануулсан “Албан шаардлага” хүргүүлээд байна.
2014 он гарсаар 02 сарын 06 өдрийн байдлаар нийт 67 хурдан морины уралдаан болж, давхардсан тоогоор 3623 хүүхэд хурдан морь унаж уралджээ. Эдгээрээс 22 хүүхэд мориноос ойчиж 1 хүүхэд хүнд бэртсэн мэдээлэл орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэсүүд ирүүлээд байна.
Хөвсгөл аймагт 1 дүгээр сарын 23, 25, 27 өдөр 3 удаа уралдаан болж хаврын уралдааныг Засгийн газраас баталсан дүрэмд заасан хугацаанаас өмнө эхлүүлжээ.
Өвөрхангай аймагт 2014 оны 1 сарын 29-ны өдөр уяач Соёлын Жигжид болон хэсэг уяачдын санаачилгаар их сунгаа зохион байгуулсан ба энэ тухай орон нутгийн удирдлага, уяачдын холбоонд мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй байна.
7 аймагт аймгийн Засаг даргын захирамжаар хаврын уралдааныг хориглосон байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг аймаг тус бүрээр танилцана уу.
- Увс аймагт хаврын уралдааныг аймгийн Засаг даргын захирамжаар хориглосон.
- Говьсүмбэр аймагт хаврын уралдааныг 2013/04/01 өдөр хүртэл хориглосон.
- Ховд аймагт хаврын бүсийн уралдаануудыг сумдад хориглож, бүсчилсэн хэлбэрээр аймагт 2 уралдаан зохион байгуулахаар, /2014/03/15 хүртэл хориглосон/ аймгийн Засаг даргын захирамж гарсан.
- Завхан аймагт 3 дугаар сарын 1-нээс хойш буюу цаг агаарын дулаарал, Дүнжингарав уралдаан зохион байгуулагдсаны дараа нь болно гэсэн ерөнхий чиглэлтэй байна.
- Баян-Өлгий аймагт одоогоор уралдаан болоогүй байгаа. 2014 оны 2 дугаар сарын 16-нд уралдаан болох тов гарсан ч Засаг даргын хориглох захирамжийн төслийг аймгийн ХГБХХ бэлтгэж өгсөн бөгөөд хориглох шийдвэр гарах нь тодорхой байна гэсэн мэдээлэл ирүүлээд байна.
- Сүхбаатар аймагт аймгийн Засаг даргын захирамжаар хориглосон.
- Архангай аймагт аймгийн Засаг даргын захирамжаар хаврын бүсийн 3 уралдааныг зөвшөөрч, бусад уралдааныг хориглосон ба зарим сумдад уралдаан зохион байгуулсан байна. Сумдад 7 уралдаан болж давхардсан тоогоор 620 хүүхэд морь унаж уралдсанаас 4 ойчин хөнгөн гэмтсэн байна.
- Дорнод аймагт одоогоор уралдаан зохион байгуулаагүй, хойшлуулах чиглэлтэй байгаа.
- Дархан-Уул аймагт 2 дугаар сарын 07-нд уралдаан эхэлнэ.
- Баянхонгор аймагт 2 дугаар сарын 16-аас уралдаан эхэлнэ.
- Орхон аймагт 2014 оны 2 дугаар сарын 9 -нөөс уралдаан эхлэх товтой байна.
- Өмнөговь аймагт 2 дугаар сарын 9 өдөр ММСУХ-оос уралдаан зохион байгуулах товтой байгаа ч Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хэвлэлийн бага хурал зохион байгуулж хойшлуулах арга хэмжээг авч ажиллаж байна.
- Дундговь аймгийн хэмжээнд нийт 11 суманд, 23 газар хурдан морины уралдаан болж, давхардсан тоогоор нийт 485 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас Дэрэн сумын харъяат малчин Баасанжавынхаас зохион байгуулсан их насны морины уралдаан дээр 1 хүүхэд мориноос унасан. Хүүхдийн хувьд биеийн байдал хэвийн ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй байна.
- Төв аймгийн нутагт нийт 7 уралдаанд 630 хүүхэд морь унаж уралдсан ба унаач хүүхэд мориноос ойчсон тохиолдол гараагүй байна.
- Сэлэнгэ аймагт 2 уралдаан болж давхардсан тоогоор 292 уралдаанч хүүхэд хурдан морь унаж уралдаж 9 уралдаанч хүүхэд мориноос ойчиж хөнгөн гэмтэл авсан.
- Хэнтий аймагт 2014 оны 2 дугаар сарын 2-3- нд нийт 5 сумын уралдаалга зохион байгуулж давхардсан тоогоор 589 хүүхэд хурдан морь унаж уралдсан ба унаач хүүхэд мориноос ойчсон тохиолдол гараагүй байна. Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсээс нийт 21 сумын Засаг дарга болон уяачдын холбоонд хандан, өвлийн уралдаалгат бэлтгэлийг сайн хангаж, унаач хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах шаардлага, ослын даатгалын зөвлөмж бүхий албан тоотууд, зөвлөмжүүдийг 2014 оны 1 дүгээр сарын 13, 2 дугаар сарын 3-нд тус хүргүүлсэн байна.
- Өвөрхангай аймагт 4 уралдаан болж давхардсан тоогоор 142 хүүхэд уралдаанд оролцож 2 хүүхэд ойчиж хөнгөн бэртэл авсан байна. 2014 оны 1 сарын 29-ны өдөр уяач Соёлын Жигжид болон хэсэг уяачдын санаачилгаар зохион байгуулсан их сунгаанд их насны 38 морь уралдсан бөгөөд уралдаж оролцсон нэг хүүхэд мориноос унасан боловч гэмтэл бэртэл аваагүй, уралдааны замд морь үзэж явсан хүний машиныг уралдаанд оролцож байсан нэг морь хурдалсан эрчиндээ ирж мөргөсөний /машины баруун хойд талын хаалгыг мөргөж хонхойлгон, жижиг цонхыг хагалсан/ улмаас унаж явсан ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч, 14 настай хүү мориноосоо унаж, сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Тэрээр эмнэлэгт ухаан алдсан, нүүр, хамар, хацар, дух, дагз, чамархай хавиар хавдартай биеийн байдал хүндэвтэр ирсэн. Эмчлэгч эмч Хүрэлбаатар яаралтай эмчилгээний дүнд хүүгийн биеийн байдал сайжирч, хэл яриа хэвийн болж, нүүр амны хавдар буурч байгаа. Цаашид тархины бичлэг болон нарийн шинжилгээг 7-14 хоногийн дараа Улаанбаатар хотод хийлгэх шаардлагатай, одоогоор хүүхдэд гарч байгаа зовиур нь нойрондоо муу, тайван унтаж чадахгүй байгаа гэж хэлж байна. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн зүгээс нөхцөл байдлыг тодруулан бодит дүгнэлт гаргуулахаар Аймгийн цагдаагийн газарт Хүүхдийн нэрийн өмнөөс төлөөлөн нэхэмжлэл гаргаад байна.
- Говь-Алтай аймагт 1 уралдаан болж, 18 уралдаанч хүүхэд оролцсон.
- Дорноговь аймагт 1уралдаан болж, 3 насны ангилалд 65 хүүхэд уралдаанд оролцсон.
- Булган аймагт 12 уралдаан болж, давхардсан тоогоор нийт 429 хүүхэд морь унаж уралдсанаас 11 хүүхэд ойчиж хөнгөн бэртсэн байна.
- Хөвсгөл аймагт 5 уралдаан зохион байгуулж /үүнээс 3 уралдаан (Арбулагт 1 сарын 25 өдөр, Улаан-Уул суманд 1 дүгээр сарын 23-нд, Тосонцэнгэлд 1 сарын 27-нд) болж, давхардсан тоогоор 645 хүүхэд уралдаанд оролцсоноос Тосонцэнгэлийн уралдаанд 5 хүүхэд ойчиж хөнгөн бэртсэн байна.
ХТҮГ-аас Орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт мэдээлэлтэй холбогдуулан дараах чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна.
- Уралдаанд хурдан морь унасан бүх хүүхдийн даатгалын гэрээг шалгах, Даатгалгүй уралдсан хүүхдийн мэдээллийг бүртгэлд авах
- Хүүхдэд гарсан тулгамдсан асуудлаар ХТҮГ-тай яаралтай зөвлөлдөх боломжтойг сануулж, энэ талаар эцэг эх, олон нийтэд хандан сурталчлах
- Уралдааны холбоотой мэдээллийн бодит байдлыг зохих түвшинд сайтар хянаж, анхааралтай хандахыг дахин зөвлөж байна.
- Орон нутгийн мэдээллийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газрын дарга нар заавал баталгаажуулж ирүүлэх нь зүйтэй.
Хүүхдийн төлөө үндэсний газар