Г.Шийлэгдамба: МАХН-ынхан сэтгэл дундуур байна
Саяхан МАХН-ын нэр нөлөө бүхий 20 гаруй төлөөлөгч БНСУ-д эмчлүүлж байгаа намын даргатайгаа уулзаад ирсэн. Энэ талаар болон цаг үеийн бусад асуудлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
-МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүд Солонгос улсад очиж намын дарга Н.Энхбаяртай уулзаад ирсэн. Биеийн байдал нь ямар байна?
-Сар шиний баяртай холбогдуулан намын даргатай золгох зорилгоорнамын дэд дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй МАХН-ын удирдлагууд, 20 гаруй хүн яваад ирлээ. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна намын гишүүд, намын нарийн бичгийн дарга нар, дэмжигчид явсан. Н.Энхбаяр даргын биеийн байдал харьцангуй сайжирсан байна. Гэхдээ эмчилгээ нь үргэлжилж байна. Бид золголт хийхээс гадна улс орны цаг үеийн байдлын талаар мэдээлэл өгч, намынхаа цаашдын үйл ажиллагааны чиглэлээр санал солилцож, зарим асуудлыг зөвлөх шаардлагатай байсан.
-МАХН-ын Их чуулган ирэх дөрөвдүгээр сард болно гэж товлосон ч хойшилсон юм уу. Энэ удаагийн их чуулганыг намын дарга Н.Энхбаяр ирж удирдаж явуулна гэсэн яриа байсан?
-Н.Энхбаяр даргын хувьд их, бага чуулганд оролцох зорилго бол байгаа. Яг Бага, Их чуулганаар ирнэ гэсэн тодорхой товлох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр даргын хувьд хуралд оролцох эсэх нь түүний биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаална. Харин намын Их чуулганыг ирэх дөрөвдүгээр сард хуралдуулах боломжгүй. Тэгэхээр түүнээс хойш чухам хэзээ хуралдуулах талаарурьдчилсан байдлаар ярилцлаа. Яг тодорхой хугацаа товлоогүй ч намын Их чуулганыг хуралдуулах цаг хугацааг нэг их хойшлуулахгүйгээс гадна намын даргын биеийн байдал болон дотоод ажлын хүрээнд бэлтгэлээ бүрэнхангаж байж шийднэ.
-Их чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ. Намын дотоод бүтцэд өөрчлөлт оруулах, намын удирдлагуудыг шинэчлэх асуудал яригдах уу?
-Их чуулганаар тодорхой асуудлуудыг авч хэлэлцдэг. Мэдээж зохион байгуулалтын асуудал үүнд багтана. Тухайлбал, намын удирдлагууд, сонгуульт ажилтнуудын зохион байгуулалт, намын удирдлагуудаас тодорхой илтгэл тавьж хэлэлцүүлэх, санал шүүмжлэл өрнүүлдэг. Мөн шинээр бага чуулганы гишүүдийг сонгож, үүнээсээ намын Ерөнхий нарийн бичгийн даргаа шинээр сонгоно. Түүнчлэн улс орны өнөөгийн цаг үеийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч намын их чуулганаас тодорхой зорилтыг дэвшүүлж, улс орны цаашдын улстөр, нийгмийн амьдралд шаардлагатай шийдвэрүүдийг гаргана.
-Намын даргатайгаа дотоод асуудлыг зөвшилцөх шаардлага гарсан гэлээ. Мөн “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газраас гарах тухай ярих болсон. Сүүлийн үед УИХ-д сууж буй танай намын гишүүдийн зүгээс ч Засгийн газар хамтарч байгуулсан олонхийн бүлэгт шүүмжлэлтэй хандах байдал ажиглагдаад байгаа. Засгийн газраас гарах талаар намын даргатайгаа зөвшилцөв үү?
-Янз бүрийн л бодол санаа байдаг байх. УИХ-ын гишүүдийн дотор ч намын гишүүдийн хувьд ч тэр. Өнөөгийн нийгэм, засаг төрийн үйл ажиллагаанд сайшаалтай хандаж байгаа олон зүйл байна. Засгийн газраас гарна, гарахгүй тухай асуудлаар намын дарга болон удирдлагууд албан ёсоор яриагүй. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдээр дамжуулан намын мөрийн хөтөлбөрт орсон олон асуудлуудыг илэрхийлсэн яриа өрнөсөн. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой эерэг сөрөг янз бүрийн байр суурь бий. Гэхдээ Засгийн газраас гарах тухай асуудал албан ёсоор өрнөөгүй.
-Намрын чуулганы хаалтын үеэр УИХ дахь эвслийн бүлгийн гишүүд “Засгийн газар хамтарч барьж байгаа олонхийн зүгээс ялгавартай ханддаг. МАХН-аас дэвшүүлсэн таван хувьсгалыг хэрэгжүүлэх боломж олгохгүй байна” гэх мэт шүүмжлэлүүдийг хэлж байсан?
-Манай намын УИХ дахь гишүүдээс Засгийн газарт шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлсэн. Тэр дундаа МАХН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн таван хувьсгал зэрэг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байна гэсэн шүүмжлэлийг ч хэлсэн. Энэ бүхнийг үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцыг түргэтгэх гарцаагүй шаардлага гарч байгаа. Үүний тулд УИХ дахь гишүүд судалж, санаа бодлоо илэрхийлж байгаа хэрэг. Нөгөө талаар манай намын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл санаачлахад хэлэлцэхгүй байгааг ч мөн шүүмжилсэн. Олонхийг бүрдүүлж байгаа АН-ын бүлэгт хандаж асуудлаа тодорхой, өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа нь зарчмын асуудал гэж үзэж байгаа. МАХН-МҮАН-аас шударга ёсны таван хувьсгал дээр тулгуурласан мөрийн хөтөлбөрийг 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн. Өнөөдрийг хүртэл энэ хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна гэдгийг зөвхөн УИХ-ын гишүүд яриад байгаа зүйл биш. МАХН-ын гишүүд, дэмжигчид ч хэлж байгаа. Бид хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаж байгаа бол нөгөө намын зүгээс энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ асуудлыг эрчимжүүлэх олон ажил хийнэ. Товчхондоо, УИХ-ын хаврын чуулган эхлэхээр “Шударга ёс” эвслийн зүгээс шаардлагатай улстөрийн үйл ажиллагааг явуулж эхэлнэ гэж ойлгож болно.
-“Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байсаар бараг хоёр жилийн нүүр үзсэн юм байна. Цаашид энэ байдлаараа үргэлжилбэл яах вэ?
-Аливаа шийдвэрийг нэг хүн гаргахгүй. Намын удирдлага, Гүйцэтгэх товчооноос шийдвэр гаргадаг. Намын даргын саналыг ч авдаг. Одоогоор санал бодлоо солилцож байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Гүйцэтгэх товчоог хуралдуулж үнэлэлт дүгнэлт гаргаж, улстөрийн ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг дээр шийдвэр гаргана.
-Хамтран Засгийн эрх барьж буй Ардчилсан намынхныг дүгнэ гэвэл юу гэх бол?
-Хамтарсан Засгийн газарт ажилласан өнгөрсөнхугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дүгнэхэд зөв зүйл цөөнгүй бий. АН-тай хэлэлцэж тохирсон ч хэрэгжихгүй байгаа зүйл ч олон байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн дахин сонгууль, өөр бусад асуудлаар АН-тай хэлэлцэж тохирсон зүйлүүд хэрэгжихгүй байна. Үүн дээр манай намынхны зүгээс сэтгэл дундуур байгаа. Нэгэнт хамтарч ажиллаж байгаа учраас улстөрийн соёл байх ёстой. Ер нь АН болон “Шударга ёс” эвслийн хамтын ажиллагаа цаашид үр дүнтэй, тогтвортой байхын төлөө өнөөдрийг хүртэл ажиллаж ирлээ.Тиймээс манай намын зүгээс зохих түвшинд гаргаж тавих асуудал байна. Үлдэж байгаа цаг хугацаанд зөвхөн Засгийн газарт ажиллахын төлөө зүтгэхээс илүү МАХН-ын гишүүд, Монголын ард түмний эрх ашгийн төлөө ажиллах нь чухал юм.
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах үед “Шударга ёс” бүлэг эсрэг санал өгч асуудлуудыг унагасан. Үүнийг нэг талаар эвслийхэн олонхийг эсэргүүцэх нэг хэлбэр гэж харах хүмүүс байна. Үүнээс гадна МАХН-аас дэвшүүлсэн зорилт цаашид хэрхэн хэрэгжих дээр намын дарга ямар санал илэрхийлэв?
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс шударга ёсны таван хувьсгал дээр тулгуурласан мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх мөрийн хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна гэдгийг зөвхөн УИХ-ын гишүүд хэлээд байгаа юм биш. Манай намын олон гишүүн дэмжигчид хэлж байгаа юм. Нэгэнт бид хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаж байгаагаас хойш мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хүндэтгэлтэй хандах ёстой.
-УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах төслийг МАХН-ын зүгээс дэмжиж байгаа юу. Энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Намын зохих түвшинд энэ асуудлыг ярилцана. Олон янзын ойлголтууд байна. Намын зүгээс УИХ дахь гишүүдтэйгээ санал солицож байна. Энэ бүхэнд маш хариуцлагатай хандах ёстой. “Шударга ёс” эвслийн бүлэг дээр нэгдмэл нэг байр сууриа илэрхийлэх байх. Олон нийтийн саналыг ч авна.
-Сүүлийн үед Ултөрийн намын тухай хууль намуудын анхаарлыг татаж эхэллээ. Парламентийг хоёр танхимтай болгох, гишүүдийн тоог нэмэгдүүлэх гээд олон заалтууд маргаан дагуулаад байгаа. Энэ тал дээрх МАХН-ын байр суурь ямар байгаа бол?
-Энэ сарын 21-нд манай нам албан ёсны байр суурийг ажлын хэсэгт бичгээр хүргүүлнэ. Улстөрийн намуудын тухай хуульд оруулах өөрчлөлтөд тодорхой санал боловсруулж байна.
-Тодорхой санал гэхээр?
-Улстөрийн намын тухай хуулийн төсөл дээр маш олон санал гарч ирж байна. Бусад улстөрийн хүчнүүдээс өгч байгаа саналд өмнө нь хэлэлцэгдэж байгаагүй олон шинэ санал ирсэн. Эхлээд бид үүнийг нам дээрээ ярилцаж байгаад байр сууриа илэрхийлнэ. Бидэнд эргэж харах, нягтлах судлах асуудал байна. Гишүүнчлэл, санхүүжилт, улстөрийн намыг бүртгэх гэх мэт маш олон асуудлыг нягтлахаас гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, хоёр парламентай болгох гэх мэтийг мөн сайтар нягтална. Тиймээс хоёрдугаар сарын 21-ээс өмнө гишүүнчлэл, намыг бүртгэх, санхүүжилтийн асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлж, ажлын хэсэгт хүргүүлнэ.
-Намын даргатайгаа золгохоос гадна, ажил хэрэг ярьсан гэлээ. Намын даргын зүгээс цаашдын улстөрийн үйл ажиллагаанд тань ямар чиглэл, санал өгөв?
-Улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан улстөрийн намууд хариуцлагатай ажиллах ёстой гэдгийг сануулсан. Улстөрийн намууд хэт улстөржихгүйгээр улс эх орны нийтлэг эрх ашиг дээр хамтарч ажиллах, өөрсдийн зорилгод нийцсэн асуудлаар байр сууриа илэрхийлж, шүүмжилж, зөв асуудлаа дэмжиж, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө хариуцлагатай ажиллах нь зүйтэй гэсэн зарчмын асуудлыг ярьсан. УИХ-ын гишүүд хариуцлагатай ажиллах, Засгийн газрын сайд нар ч шуурхай ажиллаж, дүлэгнэсэн байдалтай байж болохгүй гэсэн байр суурийг намын дарга илэрхийлсэн.
-Засгийн газарт байгаа МАХН-ын гишүүд олонхийн үгийг дагадаг, тэдний үгээр байдаг гэх шүүмжлэл бий. Үүнд намын дарга сануулга өгөх ч юм уу ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох зүйл яригдсан уу?
-Бид улстөрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох журмыг боловсруулж гэрээ байгуулсан. Үүнийг намын Их чуулганы өмнө дүгнэнэ. МАХН-аас Засгийн газартажиллаж байгаа гурван сайдаас гадна дэд сайд нар бий. Тиймээс их чуулганы өмнө тухайн салбарын ажлын үр дүнг авч хэлэлцэж, хариуцлагын талаар ярих юм.
-Н.Энхбаяр удахгүй улстөрд эргэж ирнэ, Засгийн газарт орох нь гэсэн таамаглал байна. Уулзалтаар энэ талаар яригдав уу?
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улс гэлтгүй олон улсад нэртэй улстөрч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Энэ хүний хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсролыг Монгол Улс ашиглах ёстой гэж бид үздэг. Түүнээс биш өнөө маргаашгүй ирж УИХ-ын гишүүн болж Засгийн газарт орж ажиллах талаар яриагүй. Ер нь цаг хугацаа бүхнийг харуулна. Тодорхой хугацааны дараа ямар нөхцөл байдал бүрдэх нь үү. Түүний хувьд МАХН-ын дарга хэвээрээ байгаа. Энэ ч үүднээс намын нөхөдтэй уулзаж санал бодлоо хуваалцаж байгаа. Энэ нь шууд бус утгаараа өөрийн бодол санааг УИХ, Засгий газарт ажиллаж байгаа гишүүд болон намын гишүүдээр дамжуулж илэрхийлэх бололцоо нөхцөл өнөөдрийн хувьд байна гэсэн үг. Манай намын олон мянган гишүүд, дэмжигчид түүнийг эх орондоо эргэж ирээсэй гэж хүлээж байгаа.