МХЕГ-ынхан ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлэхээ мэдэгдлээ
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва энэ сард өөрийн эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагаар биечлэн очиж өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт алдаа дутагдалтай танилцан ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллан 21 аймаг, олон улсын гурван хилийн боомтын хяналтын байгууллагын хамт олонтой цахим сүлжээгээр холбогдсон юм.
Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн онд 2067 албан хаагчидтай ажил үүргээ гүйцэтгэж эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бодлого баримталж ажилласны үр дүнд бизнес эрхлэгчдэд ирэх хяналт шалгалтын дарамт буурсан байна. Хяналт шалгалтыг эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглүүлснээр 2012 онтой харьцуулахад их эрсдэлтэй обьектын тоо 6990-ээр багассан. Хяналтын хуудас хэрэглэснээр 2013 онд эрсдэл үүсэх магадлал 2,85 хувиар буурч, хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх оныхоос таван хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хяналт шалгалтын явцад 134005 зөрчил илрүүлж, 80,1 хувийг арилгуулсан аж. Мэргэжлийн хяналтын байгууллага нь 2014 онд хяналтын тогтолцоог шинэчлэн, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг сайжруулж, хяналтын үндсэн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг оновчтой болгох зэрэг зорилтуудыг дэвшүүлж буйгаа МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх танилцуулав.
Мэргэжлийн хяналтын байгууллагад ард түмэн асар их итгэл өгч нөгөө талаасаа хариуцлага нэхэж буй.
Шадар сайд Д.Тэрбишдагва "Өнгөрсөн онд 1853 ажил төлөвлөж 1821 ажил хийсэн нь их тоо. Энэ хэдэн тооноос Мэргэжлийн хяналтын байгууллага Улс орны өмнө ямар том ачаа үүрдэг вэ гэдгийг харж болохоор байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад ард түмэн асар их итгэл өгч нөгөө талаасаа хариуцлага нэхэж буй. Цаашид хяналтаа илүү сайжруулж ажиллах ёстой. Дотоод хяналтын чиглэлээр 5000 гаруй зөвлөмж гаргаж, 9000 гаруй ажлын байр шинээр бий болгосон нь дэвшил юм” хэмээн онцолж, үүрэг даалгавар өгсөн юм.
Нэгдүгээрт: Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, манлайллыг төлөвшүүлж ёс зүйтэй, дэг журамтай, ажил хэрэгч ил тод байдлыг системийн хэмжээнд бүрдүүлж ажиллах,.
Хоёрдугаарт: Улсын Хилийн боомтын тухай хууль 2014 оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэхтэй холбогдуулан Хилийн Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг оновчтой болгох, улсын байцаагчдын ажиллах нөхцөл нийгмийн асуудлыг бусад байгууллагын түвшинд хүргэж шийдвэрлүүлэх
Гуравдугаарт: Яамдууд болон холбогдох төрийн байгууллагуудтай ажиллах төлөвлөгөө гарган ажлаа уялдуулж асуудлаа шийдвэрлэхэд онцгой анхаарах.
Дөрөвдүгээрт: Хяналтын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх байгууллагын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сарын нэгний дотор боловсруулж батлуулах.
Тавдугаарт :Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ бүтцийн дагуу хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж чадах хүний нөөцийн судалгаа явуулж, бодлого арга зүйгээ тодорхойлон тавдугаар сарын нэгэн гэхэд хүний нөөцийг хуваарилах бэлтгэлийг хангах
Зургаадугаарт: Хилийн хяналтын удирдлага, зохицуулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр эхлүүлсэн ажлаа дуусгаж, хяналтын үйлчилгээний шуурхай байдлыг хангаж ажиллахыг үүрэгдлээ.
Уулзалтын төгсгөлд “Хаврын чуулганаар хяналтын тухай хууль өргөн барина энэ хууль батлагдана гэдэгт найдаж байна. Хууль батлагдсан ч батлагдаагүй ч хяналтын байгууллага хэвээр ажиллана. Татан буугдах тухай асуудал байхгүй.Төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай үзүүлэх үүргээ ухамсарлан ажиллахыг дахин сануулж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа нөхдүүдэд хариуцлага тооцох зарчмаар ажиллана” гэсэн юм.