БНХАУ-тай харилцах боомтын тоог нэгээр нэмнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
2014.02.24

БНХАУ-тай харилцах боомтын тоог нэгээр нэмнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар урд хөрштэйгөө харилцах боомтын тоог нэгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Монгол, Хятадын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл уул-Өлзий”  байнгын ажиллагаатай автозамын боомт шинээр байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тогтлоо.

Монгол, Хятадын хилийн хоёр талын зорчигч, ачаа тээврийн, түр ажиллагаатай Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастай автозамын боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэх, Монгол-Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор зорчигч тээвэрлүүлэх ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.

Шинээр байгуулах,  байнгын ажиллагаанд болон 24 цагийн горимд шилжүүлэх боомтуудад шаардагдах хөрөнгө оруулалтын болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгав.

Хилийн боомт

Хилийн боомтын хөгжлийн талаар баримтлах бодлого боловсруулах, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж ажиллах үүрэг бүхий орон тооны бус Боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталлаа.

Зөвлөлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг даргалах бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд, Хууль зүйн  сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Зам тээврийн сайд болон холбогдох газрын дарга нар бүрэлдэхүүнд нь багтжээ.